“Бүс ба зам" улс орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар судлаачийн байр суурийг хүргье.

 

-Улс орнуудын удирдлага цугласан “Бүс ба зам”  дээд хэмжээний уулзалтад Монгол Улс, төдийгүй бусад орнууд өөрсдийн байр суурь, хийж буй ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан нь өндөр ач холбогдолтой байлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Даян дэлхийн ногоон хөжлийн үзэл баримтлалд нийцсэн үүнийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог ашигласнаар бүс нутгийн ногоон эрчим хүчний сүлжээнд хувь нэмэр оруулж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын зүгээс оруулж байгаа хувь нэмэр их” гэдгийг онцлон дурдсан. Мөн “Бүс ба зам”-ын уулзалтад оролцож байгаа улс орны тэргүүнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн хөтөлбөрийн санаачилгаа дэвшүүлж хамтран ажиллахыг уриалсан.


 Мөн энэ удаагийн уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч төрийн тэргүүний хэмжээнд оролцсон. Энэ нь “Бүс ба Зам” санаачлагад идэвхтэй  хамтран ажиллаж байгаа улс орон гэдгээ дахин нотлон харууллаа. Монгол Улс цаг уурын өөрчлөлт, шар шороон нүүдэл, цөлжилтийн эсрэг тэмцэлд бүс нутгийн улс орнууд, “Бүс ба зам”-ын улс орнууд, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд энэ оны есүгээр сард Монгол Хятадын хамтарсан цөлжилттэй тэмцэх судалгааны төв байгуулснаа энэхүү “Бүс ба зам” уулзалтын хүрээнд олон нийтэд нээлттэй мэдээлэлд дурдсан. Энэхүү төв байгуулагдснаар зөвхөн Монгол Улсад төдийгүй хил дамнасан цөлжилттэй тэмцэх, шар шороон нүүдлийг зогсоох бүс нутгийн хүрээлэн буй орчны доройтлыг бууруулахад шинжлэх ухаанч үр дүн үзүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий олон улсын хамтарсан байгууллага болох юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)