“Бүс ба зам" улс орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар судлаачийн байр суурийг хүргье.

 

-Хятад улсын дарга Ши Жиньпин гурав дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавьсан. Илтгэлдээ “Бүс ба Зам”-ыг өндөр чанартайгаар хамтдаа бүтээн байгуулна гэдгээ дахин онцолж, хамтрагч, оролцогч улс орнуудыг ч чанарыг эрхэмлэцгээе гэж уриаллаа. 
Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын 18  дахь их хурлаар инновацын зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг  дэвшүүлсэн. Мөн 19 дахь их хурлаараа тус хөгжлийн үзэл баримтлалын дагуу эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шатанд  хэдийнээ шилжээд байна гэсэн. Мөн үүнээс хойш нийгмийн бүхий л салбарт чанарыг тэргүүн эгнээнд анхаарах чиг үүрэг өгсөн.


 Түүнчлэн ХКН-ын 20 дахь их хурлаар өндөр түвшний гадагшаа нээлттэй байх бодлогоо цаашдаа ч тууштай баримталж, “Бүс ба Зам”-ын чанарт ихээхэн анхаарна гэж онцолсон. Мөн Хятад улсын одоо мөрдөгдөж байгаа “14 таван жил”-ийн төлөвлөгөөнд ч чанарын ахицад төвлөрнө гэж тусгасан. Нэг үгээр хэлбэл “Бүс ба зам” санаачилга нь ирэх 10 жилд өндөр чанарт анхаарч, аливаа бүтээн байгуулалтыг өндөр чанартай хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийллээ.


Мөн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улсын дарга инновацид тулгуурласан цахим эдийн засгийг цаашид хөгжүүлж, цахим хөгжлийн үр шимийг бусад улс орнуудад хүртээнэ гэлээ. Ши Жиньпин 2017 оны “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулганаар “Инновацийг хөдөлгөгч хүч болгосон хөгжлийг тууштай баримталж, цахим эдийн засаг, хиймэл оюун ухаан, нано технологи, квант тооцоолол зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, их өгөгдөл, үүлэн тооцоолол, ухаалаг хотын бүтээн байгуулалтыг XXI зууны цахим торгоны замтай холбон, урагшлуулах хэрэгтэй” гэж заасан. Энэ нь “Цахим Бүс ба Зам”-ын хөгжлийн цаашдын чиглэл нь болсон. Энэ удаагийн чуулга уулзалтаар ч энэ зорилгын төлөө ажиллана гэдгээ дахин онцоллоо.


Энэ удаагийн гурав дахь чуулганы гурван салбар хуралдааны нэг нь “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн байгалийн зохиролт оршихуйг урагшлуулах” сэдвийн доор болсон. Ногоон торгоны замын бүтээн байгуулалтыг НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжилтэй улам нягт улялдуулан ажиллана гэдгээ Хятад улсын дэд дарга Хань Жө илэрхийлсэн. Ногоон хөгжил салбар хуралдаанд манай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн үг хэлсэн. Энэ нь цаашид Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад улстай ногоон, эко салбарт хамтран ажиллах томоохон орон зай байгааг харуулсан гэж үзэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)