Доржийн ОЮУНЧИМЭГ 

Монгол Улс 2024 оны төсвийн тухай хуулийг ирэх сарын 15-н гэхэд батлах хуультай . Хуулийг өргөн барих үед төсвийн орлого 27.2 их наяд төгрөг байх бөгөөд энэ нь ДНБ-ий 36.7 хувийг эзэлж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байв. Харин хүүхдийн мөнгө авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэмээх агуулгаар гарчиглан төсөв өргөн барьсан тухай мэдээллийг УИХ-ын цахим мэдээллийн сайтад байршуулсан байв. 


Тэгвэл төсөв олон жилийн туршид буруу замаар будаа тээж ирснийг эдийн засагчид сануулж байв. Ирэх жилийн төсөв үр дүнд суурилсан байдлаар төсөвлөгдөх нь гэсэн хүлээлтийг эвдэв. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Монгол Улсын Төсвийн тухай хуульд “Төсөв гэдэг нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд хүрэх үр дүнг хэлнэ” гэж хуульчилсан. Гэвч өнөөдрийг хүртэл үр дүнд суурилсан төсвийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Одоогоос дөрвөн жилийн өмнөөс эхлэн үе шаттайгаар төсвийн төлөвлөлтийг Гүйцэтгэлийн болон Үр дүнд суурилсан төсөвлөлт рүү аажмаар шилжүүлж байна” хэмээн өнгөрсөн зургаадугаар сард болсон “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага ба төлөвлөлт-төсөвлөлт” хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. 


Гэтэл энэ удаагийн төсвийг төлөвлөхдөө урт болон дунд хугацааны бодлогод тусгасан асуудлаа эрэмбэлэн оруулсан эсэхийг сонирхох хүн хараахан алга. Зүй нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 6.5-д хөгжлийн зорилго, зорилтоо нэг бүрчлэн тодорхойлсон. Бүр тодруулбал, 6.5.1-т Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх зардал хаана нь тусгагдсаныг УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үеэр анхааралтай ажиглах учиртай. 


Түүнээс гадна Хөгжлийн бодлогын төлөвлөлт бусад бичиг баримттай хэрхэн уялдаж төсөвт тусгагдсан эсэхийг Эдийн засаг хөгжлийн яам хянах ёстой. Түүний дараагаар Төсвийн тухай хуульд “зөвшөөрөл” өгнө. Үндсэндээ “Алсын хараа-2050” Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбараа хөгжүүлэн бусдаас хараат бус болохын зэрэгцээ экспортлоно гэсэн зорилтыг тусгасан. Гэтэл эрчим хүчний салбарын төслүүд хөдлөх нь бүү хэл таг гацчихсан байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн тухай хууль хөгжлийн бодлоготой уялдахгүй байгаагийн илрэл нь хэдэн 10 жилээр царцдаг, гацдаг томоохон бүтээн байгуулалтаас харагдана. Тодруулбал, Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах талаар тусгасан байдаг ч царцсан төслүүдийн л нэг байсаар. 
Тэгтэл ирэх оны төсөвт тусгасан 10 онцлох арга хэмжээнд эрчим хүчний салбарын төслүүд хамрагдсангүй. Тиймээс л үр дүнд суурилсан төсөв төлөвлөхгүй байна гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлж байгаа юм.


Тэгвэл үр дүнд суурилсан төсөв гэж юу вэ. Үр дүнд суурилсан удирдлага нь тодорхой үр дүнд хүрэхэд шууд болон шууд бусаар хувь нэмэр оруулж буй бүх оролцогчид өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтод үр дүнг бий болгоход чиглүүлж, баталгаажуулдаг удирдлагын арга барил гэж тодорхойлдог. Түүнчлэн Төлөвлөлт-Төсөвлөлтийг дунд хугацааны мөчлөгөөр боловсруулах нь гол зарчим нь. Бодлогын тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, нөөцийн хяналт, зардлын үр ашгийг дээшлүүлэх төсвийн ерөнхий сахилга батыг хангахын зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсвөө урьдчилан таамаглах, үр дүнгээ бодитой төлөвлөх боломжийг олгодог аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)