П.АМГАЛАН

 

Монгол, ОХУ-ын түүхэн харилцаа олон жилийн түүхэн замналтай билээ. Энэхүү олон жилийн найрсаг харилцааг бататгах, утга уран зохиолын салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх олон арга хэмжээ зохион байгуулагдаж буй. Үүний нэг өнгөрсөн есдүгээр сарын 14-17-нд зохион байгуулагдсан Улаанбаатар дахь олон улсын “Номын ертөнц” үзэсгэлэн. Монгол, ОХУ-ын утга уран зохиол гэх том орон зайд түүх болон үлдсэн, өндөр ач холбогдолтой уг арга хэмжээнд тус улсаас олон авьяаслаг эрхмүүд хүрэлцэн ирсэн юм. Уг багийн нэг гишүүн болох ОХУ-ын зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинскийг ярилцлагын зочноор урилаа. Түүний утга уран зохиолын салбар дахь  бүтээлүүд нь  олон улсад  хүрч,  уншигчдын сонорыг мялаан, нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж буй. Ийнхүү түүнтэй ярилцснаа хүргэе.

 

-Таны амьдралаас утга уран зохиолыг салгаж ялгахын аргагүй орон зай юм байна. Хэрхэн энэ салбарт хөл тавьсан талаар яриагаа эхлүүлье?
-Би сургуульд сурч байхдаа зохиолч болъё гэж бодож байгаагүй. Олон улс судлаач, сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс ч Саратовд Багшийн дээдийн гадаад хэлний ангид сурсан юм. Дараа нь Москва дахь А.М Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэн орсон. Эхлээд би утга зохиол шүүмжлэгч байсан. Би утга зохиолын шүүмж судлалаар олон жил ажилласан. Миний эхний ном М.Горькийн судлалаар байсан. Дараа нь Граф Лев Николаевич Толстойн талаар бичиж эхэлсэн.


-Яагаад Л.Толстой гэж?
-Би хэсэг хугацаанд Толстойн төрөлх хот Ясная поляна руу явах хэрэгтэй болсон. Хүний нүд, сэтгэл булаахгүй байхын аргагүй газар. Тэгээд Л.Толстой насныхаа эцэст яагаад дассан сурсан газраасаа явсан нь миний сонирхлыг татаж эхэлсэн. Гэнэт нэг л шөнө явсан гэдэг. Тэгээд 10 хоногийн дараа Остапово гацаанд насан өөд болсон байдаг. Амьдрлынхаа хамгийн сайхан цаг үеийг өнгөрөөсөн газар, бүх сайн зохиолоо бичсэн газраасаа яагаад явах болов.  Ингэж л эхний номын минь санаа төрсөн. Дараа нь бусад  ном нь гээд хөвөрсөн.  Би Л.Толстойн  тухай зохиолч  гэхээсээ илүү  намтар судлаач гэгдэх байх. Миний бодлоор Л.Толстой бие хүн талаасаа өөрөө урлаг шиг санагддаг. Л.Толстой хоёр зүйл бүтээсэн гэж ярьдаг даа. Нэг нь зохиолууд, нөгөөх нь өөрөө гэж. Хувь хүн хийгээд гүн ухаанчийн хувьд дэлхийг байлдан дагуулсан хүн ч  гэдэг. 


-Би таны материалыг авсныхаа дараа нэг асуулт асуумаар санагдсан. Яагаад Л.Толстойн “Анна Каренина” романы үйл явдал 1873 онд эхэлсэн юм бол?
-Үүнээс өмнө “Дайн ба энх” роман бичсэн. Дараа нь  нэгдүгээр Пётр  Алексеевичийн тухай бичих гэж төлөвлөөд чадаагүй. Миний санахад түүхэн том сэдвээс жаахан амрахаар шийдсэн байж магадгүй. Л.Толстой уран бүтээлийнхээ  ид оргил үедээ “Анна Каренина” романаа бичсэн.


-Манай оронд Л.Толстойн олон бүтээл хөрвүүлэгдсэн.  Бүр “Холстомер” буюу  “Адууны түүх”,  “Анна Каренина” буюу бүтэлгүй хайрын тухай түүх  жүжиг УДЭТ-т тавигдсан. Та тэр тухай мэдсэн үү?
-Мэдээгүй юм байна. Л.Толстой хоёр л удаа европт очиж байсан. Ази руу явахыг мөрөөдөж байсан гэдэг. Ямартай ч зохиол бүтээлээрээ монгол оронд ирж, монголчуудтай уулзсан юм байж... 


-Таны товч  намтраас “Анна Каренинагийн бодит түүх” бүтээл туурвисаныг олж мэдлээ.  Магадгүй танд бүтээлээ монгол хэл дээр хөрвүүлэх бодол бий юу?
-Монгол хэл дээр миний зохиол гараагүй байгаа. Та бүхнийг гаргавал  би баяртай байлгүй яахав. 


-“Анна Каренина” роман бичигдсэнээс хойш 150 гаруй жил өнгөрсөн байхад унших бүрд өнөө үеийнх шиг шинэ мэдрэмж дахин төрдөг. Санаа нь мөнх  үргэлжилсээр байдаг гайхалтай бүтээл. Манай найруулагчид бас янз бүрээр харуулах гэж  оролдсоор байдаг. 10 гаруй жилийн өмнө “Амьгүй албат”-ыг  мөн л УДЭТ-д тавьсан. Тэгэхдээ зохиолын баатруудыг өөрчилсөн?
-Энэ бол энгийн үзэгдэл. Япончууд Достоевскийн бүтээлээр жүжиг болгохдоо баатрууддаа япон нэр өгсөн байсан. Маш  сонирхолтой. Ямар ч улс үндэстэн Анна Каренинагийн талаар өөрсдийн гэсэн ойлголттой байх ёстой. Испанчуудын хувьд Каренин бол гол дүр. Тэд үзэхдээ Каренин эхнэрээ алах ёстой байсан гэдэг. Энэ зохиолоор 40 гаруй удаа уран сайхны кино хийсэн. Би “Анна Каренина”-г судалж байхад нас барсан шалтгааны тухай шинээр харуулж байсан.  Тийм маягаар тавьсан жүжиг ч бий. Яг хэн  тавьсаныг  одоо санахгүй байна. Москвагийн нэгэн театр. Тэнд Анна Каренинаг үхээгүй гэж гардаг. Тахир дутуу болсон. Ер нь иймэрхүү хувилбар их байдаг. Зохиолд үнэн хэрэгтээ үхдэг нь ойлгомжтой. 


-Би саяхан Гарсия Маркесын талаар уншсан. Л.Толстойг их уншдаг байсан хүн юм билээ. Тэгэх тэгэхдээ “Анна Каренина”-г онцолсон байсан?
-Дэлхийд нэрд гарсан олон зохиолчид тэгэж хэлсэн байсан.  Миний мэдэхээс У.Фолкнераас дэлхийн гурван шилдэг зохиолыг нэрлээч гэхэд “Анна Каренина”, “Анна Каренина”, “Анна Каренина” гэж хариулсан байдаг. 


-Та Монголын  зохиолчдын бүтээлийг  үзэж, судалж байв уу?
-Харамсалтай нь орос хэл дээр гарсан орчуулга бага байна. Орчин үеийн Монголын зохиолчдын бүтээлийг их орчуулах хэрэгтэй. Нэг талаас орос, монголын уран зохиол холбоотой. Би бага залуудаа Виктор Яны “Чингис хаан”, “Батхаан” зэрэг цуврал гурван романыг  шимтэн уншиж, монголчууд хийгээд  нүүдлийн соёл иргэншилтэй анх танилцаж байлаа. Надад их таалагдсан. Монгол  Улс бол миний хувьд сураг нь гардаг л улс. Одоо би зөвхөн нийслэлд ирээд байна. Бусад газраар нь явж үзэх хэрэгтэй. Нийслэл хот нь  тухтай, европжсон гэмээр санагдлаа. Гэхдээ улс орныг ойлгохын тулд нийслэлээс нь гарч үзэх хэрэгтэй. Монгол бол том орон. Газар нутгийн хувьд ч. Орчин үеийн зохиолчид Монголын тухай  их сонирхох болсон. Алексей Иванов, В.Пелевин гээд Монголын талаар бичиж байна. Монгол Улс бол бидний хувьд үлгэр шиг нууцлаг орон байсаар байна.Намайг  1981-1986 онд утга зохиолын дээд сургуульд сурч байхад манай курсэд монголоос оюутан  сурч байсан. Төгсөөд явснаас хойш холбоо  тасарсан. 


-Мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчийн хувьд  утга зохиолын ангид элсэгч хэр байна вэ?
-Манай сургуульд элсэхийг хүсэгчдийн тоо их байдаг.  Орост одоо зохиолч болохыг хүсэгчид их болж,  моодонд ороод байна. Яруу найрагчид ч  мөн ялгаагүй.


-Сайн  зохиол байхгүй бол  сайн уран бүтээл төрөхгүй. Уламжлал ч гэмээр юм уу. Сайн зохиолч болохын тулд хичээл зүтгэл, авьяас билгийн аль чухал вэ?
-Аль аль нь. Авьяас бол байгалиас өгөгдөж байгаа нөхцөл. Авьяасгүй бол бүтэхгүй. Гэхдээ хөдөлмөр бол зайлшгүй шаардлагатай.  Өдөр бүр  төвлөрч  суугаад бичих хэрэгтэй.


-Та хамгийн сүүлд ямар зохиолчийн ямар зохиол уншсан бэ?
-Би их уншдаг хүн.  Гэхдээ би намтар судлалаар ажилладаг учраас  баримтат уран зохиол их уншдаг. Сүүлд Сергей Шоргуновын “Валентин Катаев”-ын талаар уншсан. Надад их таалагдсан. Харин уран зохиолоос В.Даниловын “Саша привет” таалагдсан. Ирээдүйн талаар бичсэн байсан.


-Утга уран зохиол болон шүүмж судлал чухал нөлөөтэй.  Шүүмж болон шүүмжлэгч бол  зохиолчдын дотны найз гэж ярьдаг.  1981 оноос эхлэн  таны шүүмж  олон сэтгүүлд нийтлэгдэж эхэлсэн юм билээ?
-Уран зохиолд шүүмжлэл их хэрэгтэй. Ямар ч зохиолч надад уншигч хэрэггүй, би зөвхөн өөртөө, найзууддаа зориулж бичвэл шүүмжлэлд өртөхгүй. Гэхдээ одоо интернет гэж хэн ч нуугдаж чаддаггүй  орчин буй болоод удаж байна. Ер нь зохиолч хүнд мэргэжлийн түвшинд үнэлэгдэх, өсөж дэвших, авьяас билгээ урлаж ирлэхэд  шүүмжлэл хэрэгтэй. Шүүмж бол зохиолчийн толь. Шүүмжлэл  хийх хэцүү л дээ.  Сүүлийн үед шүүмжлэлийн өнгө аяс олон янзаар хувирч байна. 


-Жишээлбэл?
-Шүүмжлэлийн блог бий болсон. Мэргэжлийн хүмүүс хөтөлдөг болсноор их уншдаг болоод байна. Хүмүүс ч цаас гэхээсээ илүү интернэтээр их уншдаг болсон байна.  Сүүлийн үед Орост блогийн шүүмжлэл их хөгжиж байна. Сэтгүүл, сонины шүүмжлэгчдээс их болсон. Сонинд бараг шүүмжлэл гарахгүй болоод байна.  Сэтгүүлд бол цөөн тоогоор байгаа. Одоо хамгийн идэвхитэй шүүмжлэл интернетэд л өрнөж байна. 


-100 жилийн дараа өнөөдрийн тухайг мэдэхийн тулд ном сонин унших хэрэгтэй гэсэн байсныг би саяхан уншсан юм байна?
-Энэ үнэн. Яагаад гэвэл цахим ном устаж үгүй болно. Жилд цахим номны 8-10 хувь  устаж алга болдог гэсэн судалгаа байдаг. Гэхдээ бид 100 жилийн дараа биш, одоо амьдарч байна шүү дээ. Одоо бол хүмүүс өглөө босоод компьютерээ асаагаад мэдээ уншдаг болсон. Урьд нь сонин уншдаг байлаа. Би сонины газар 14 жил ажиллаж байгаа хүний хувьд “Сонин нэг өдөр амьдардаг. Харин дараа нь  хэдэн 100 жил насалдаг” гэдэг. Архив ороод сөхөөд үзэх боломжтой. Эндээс үзвэл  даацтай бүтээл туурвил  цаасан дээр л байх  ёстой гэдэгтэй би  санаа нийлэлгүй яахав.

 

Павел Басинскийн тухай

Зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч. 1961 онд Волгоградская мужид төрсөн.  Саратовын  их сургууль,  Москва дахь А.М. Горькийн нэрэмжит  Утга зохиолын дээд сургуулийг  тус тус төгссөн.  Хэл судлалын эрдэмтэн.  1981 оноос эхлэн шүүмжлэгчийн хуваариар “Литературная газета”, “Новый мир”,  “Октябрь”, “Знамя”, “Дружба народов”, “Наш современник” зэрэг сэтгүүлд  хэвлэгдэж  эхэлсэн.  “Российская газета” сонины  соёлын хэлтсийн тоймч.  1997 оноос  А.Солженицыны нэрэмжит шагнал,  2003 оноос уран зохиолын  “Ясная Поляна” шагналын байнгын  шүүх бүрэлдэхүүний гишүүн.  Утга зохиолын дээд сургуулийн багш. Тэрбээр  Лев Толстой “Диваажингаас зугтасан нь”, “Гэгээнтэн  Арслангийн эсрэг”,  “Иоанн Кронштадтский ба Лев Толстой:нэгэн дайсагналын түүх,  “Лев Толстой-чөлөөтэй хүн “ болон  “Максим  Горький, Домог хийгээд намтар”, “Максимыг мөрөөдсөн тачаадал, Горький:үхлийн  дараах есөн өдөр” тухай  номын  зохиогчийн хувьд танил болсон билээ. Үндэсний утга зохиолын  “Большая книга” шагналын эзэн, 2010 онд үндэсний “Книга  года” уралдааны “Оны үргэлжилсэн үгийн зохиол” номинацид “Лев Толстой Диваажингаас зугтасан нь”  номоороо ялагчаар тодорсон.  ОХУ-ын  Засгийн газраас  соёлын салбарт олгодог шагналыг  2014 онд “Гэгээнтэн  Арслангийн эсрэг” номноор хүртсэн. 2018 онд  эх орныхоо  утга зохиолд оруулсан хувь нэмрийг  нь үнэлэн  утга зохиол урлагийн салбарт олгодог  Төрийн шагнал олгосон.  Мөн 2022 онд “Анна Каренинагийн бодит түүх” шинэ номоороо “Большая книга” шагналыг дахин хүртсэн.  Түүний зохиол  англи, герман, серб, польш, словен,  армян,  литв, македон зэрэг олон хэлэнд хөрвүүлэгдэн орчуулагдсан байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)