Н.ЖАРГАЛМАА

 

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпины санаачласан “Бүс ба Зам” гурав дах чуулга уулзалт маргааш, нөгөөдөр хоёр өдөр Бээжин хотноо болно. Эртний худалдааны зам болох торгоны замыг эргэн сэргээж дэд бүтэц, эрчим хүчний томоохон санаачлагыг гаргасаны 10 жилийн ой мөн энэ үеэр тохиож байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар хөгжиж буй орны төлөөллүүд оролцож байгаа онцлогтой.

Тухайлбал, Латин Америкийн орнууд , Африкийн орнуудын төлөөллүүд оролцох юм. Мөн уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм. Олон улсын шүүхээс түүнийг дайны гэмт хэрэгтэн хэмээн буруутгаад байгаа билээ. Тэгвэл Москва энэ удаагийн “Бүс ба Зам”-ын уулзалтанд оролцож, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв. Тодруулбал, В.Путин энэ сард БНХАУ-ын удирдагчид илгээсэн захидалдаа “Хоёр орны найрсаг харилцаа, ард түмний сайн сайхны төлөө Еврази болон дэлхий даяар аюулгүй, тогтвортой байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс Орос-Хятадын харилцааг гүнзгийрүүлнэ” хэмээжээ.

АНУ, БНХАУ-ыг эдийн засгийн голлох өрөлдөгч хэмээн үзэж, ОХУ-ыг Украины дайнд буруутгасаар байгаа билээ. Энэ үед Путин, Ши Жиньпинтэй харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзсээр байгаа гэдгийг олон улсын ажиглагчид хэлжээ. Мөн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Афганистаны засгийн эрх бүхий Талибанчууд албан ёсоор оролцох гэж байна. Тэд одоогоор өөрсдийн эрх мэдлийг олон нийт, дэлхийн бусад засгийн газруудаар хүлээн  зөвшөөрүүлээгүй байгаа билээ. БНХАУ-тай эдийн засаг, хамтын ажилгааны хүрээнд харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Талибаны албан тушаалтнууд ихэвчлэн бүс нутгийн уулзалтуудад оролцож, голдуу Афганистаны асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн  “Бүс ба Зам” нь тэдний оролцох анхны дээд хэмжээний чуулга уулзалт болох юм. Үүнд Талибаны Худалдаа, аж үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хажи Нуруддин Азизи оролцоно гэв. Тус яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр "Бид оролцсоноор томоохон хөрөнгө оруулагчид Афганистаныг сонирхож эхэлнэ хэмээн бид найдаж байна” гэв.

2010 оны байдлаар Афганистан зэс, алт зэрэг уул уурхайн гурав хүртэлх их наяд ам.долларын нөөцтэй гэх тоцоолол гарсан байна. Өнөөгийн зах зээлд хэд хүрэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. БНХАУ, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хатуу байр суурьтай байдаг Талибанчуудын засгийн эрхийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч эдийн засагт хамтын ажиллаагааг бий болгож тэр дундаа уул уурхайн салбар дахь анхны хөрөнгө оруулалт хийсэн улс болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)