Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн  тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү:

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы 2015 оны наймдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороод шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2015 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хийж, дараах санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үнэн зөв, шударгаар албан татвараа төлдөг татвар төлөгчдөд урамшууллын тогтолцоог бий болгох, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр татвар төлөгч нь төлөх ёстой албан татвараа хэсэгчлээд төлөх, хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн авах хөнгөлөлттэй зээл, худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах гэсэн санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр нар хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол гаргах санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Та бүхэнд тараасан болно. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулттай гишүүд байна уу. Энхбаяр гишүүнээр асуулт тасаллаа. Даваасүрэн гишүүн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ хуулийг нэлээд нухацтай ажлын хэсэг байгуулаад анхааралтай судлах юм байсан. Жишээлбэл, нийгэм энэ улстөрчид хууль бусаар олсон орлогуудаа цайрууллаа. Мөн татварын хувьд хоёр дахь өршөөл боллоо. Энэ нь өөрөө татвар төлөхгүй байж байгаад цайруулдаг, ялангуяа татвараа төлж байгаа улсуудад буруу зуршил хандлагыг бий болгоно гэдэг зүйлийг хэлсэн. Би тэр ХОМ-тэй холбогдолтой хууль бус орлогуудаа ил тод болгох гэсэн заалтуудыг бол хас гэж ажлын хэсгийн санал, дүгнэлтийг бэлдэж оруулж ир гэсэн санал гаргасан. Дэмжигдэхгүй байна. Хэлэлцүүлгийн явцад нэг зүйл дээр би зориуд хэлэх ёстой гэж бодож байгаа. Татвараа үнэн зөв төлж байгаа хүн байгаа. Тэд нарыг урамшуулдаг системийг ярих ёстой. Тэдэнд Монголын төр татвараа төлөөд явсныхаа хувьд би нэг хөнгөлөлт авчихлаа шүү гэдэг юм уу нэг удаагийн бид нар татварын хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу ийм арга хэмжээ авчих юм бол урамших юм  гэдэг ийм л санал би гаргасан. Тэгэхээр популизм хийлээ гээд байх юм. Тэнд нэг харамсалтай үг хэлэгдэж байна лээ шүү дээ. Татвараа шударгаар төлнө гэж байдаггүй юм гэж. Төрийн түшээ улсууд тийм юм ярьж болохгүй шүү дээ. Өнөөдөр миний ойлгож байгаагаар анхны татварын арга хэмжээ авснаас хойш хүмүүс бусдын дарамтад орж байхын оронд татвараа зөвөөр төлөөд явъя гэдэг. Ихэнх нь ингэж боддог болсон. Харин өмнө нь өршөөгдчихөөд бас цайруулж авсан мөртөө дахиад цайруулъя гэж байгаа нөхдүүд чинь дахиж үнэн зөвөөр явах уу, үгүй юу. Ийм л зүйл. Тийм учраас улстөрчид тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа бид нар татвараа шударгаар төлнө гэдэг чинь харьцангуй ойлголт гэж ярьж болохгүй ээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Би бас Даваасүрэн гишүүний ярьж байгаа санааг л дэмжээд байгаа юм л даа. Цааш цаашдаа шударгаар татвараа төлдөг байсан баялаг бүтээгчид маань шударгаар татвараа төлөөд үнэн зөв тайлагнаад явах нь буруу юм байна. Ямар нэг аргаар татвараа төлөхгүй нууж байгаад хууль бусаар орлого олж байгаад арга саам хийгээд танил талаа ашиглаад явж байтал  нэг удаа өршөөгдөж болох юм байна гэдэг ойлголтыг өгөх вий дээ. Уг нь татвар шударгаар төлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа урамшуулж болдоггүй юм бол хөрөнгө орлогоо ил болгож байгаа нөхдүүдээс тодорхой хэмжээгээр өнөөдөр яах 10 хувийн татвар авах хуультай. 10 хувь биш юм гэхэд ядаж нэг хувийн татвар аваад энийг нь олон нийтэд зарлаад энэ хүн бол хөрөнгөө ингэж нуусан байна. Энэ орлогоо ил болголоо хууль бусаар орлого олсон байна. Энийгээ одоо хуулийн дагуу болгож байна. Үүнд нь төр өршөөл үзүүлж байгаа. Гэхдээ нэг хувийн татвар авъя гэдэг байдлаар ярих юм бол олон нийтэд ч гэсэн энэ нь үнэхээр хууль зөрчиж байсан юм байна, энэ нь хууль зөрчөөгүй юм байна гэдэг ойлголт төрөх ёстой байсан байх л даа. Тийм болохоор энэ талаар Байнгын хороон дээр яригдсан уу. Нөгөө талдаа Байнгын хороон дээр саяны ярьж байгаа шударгаар татвар төлж байгаа төлж байсан аж ахуйн нэгж байгууллага баялаг бүтээгчид маань ямар урамшуулалдаа цаашид төрдөө итгэж татвараа төлөөд явах ямар хөшүүрэг зохицуулалтыг тусгаж өгөхөөр орж ирсэн бэ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Энэ асуудал Байнгын хороон дээр нэлээд яригдсан. Даваасүрэн гишүүн сая энэ чуулган дээр хэлсэн ярьсан бүх асуудлуудаа л Байнгын хороон дээр гаргаж тавьсан. Ажлын хэсэг байгуулж ажиллая гэсэн. Энэ хууль өргөн баригдсанаас хойш нэлээд удсан. 2015 оны нэгдүгээр сард анх өргөн баригдсан. Дахиад буцаад долдугаар сард дахиад өргөн баригдсан. Шударгаар татвар төлж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдээ урамшуулах асуудал тавигдаад байнгын хороон дээр санал хураалт явагдсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Энэ хууль маань өөрөө дэлхийн жишиг олон ч улс орнуудад тодорхой үед хэрэглэсэн байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед Монгол Улсад энэ хуулийг баталснаараа далд эдийн засгаа ил болгож эдийн засгаа тэлэх боломж нээгдэх юм. Ийм хуулийг байнга гаргаад байж мэдээж болохгүй. Муу үр дагавар ихтэй байдаг. Найман жилийн өмнө бол нэг гарсан юм билээ. Байнгын хороон дээр яригдсан яриагаар бол ямар нэгэн байдлаар хугацааны хувьд хэдэн жилийн дараа дахиж гаргахгүй байх вэ гэсэн зүйлүүд ярьсан боловч Их Хурлын бүрэн эрхэд халдсан ийм зүйл болох юм гээд оруулж ирээгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Найман жилийн өмнө гаргасан хууль ер нь ямар үр дүн өгсөн юм бэ. Энэ талаар та бүхэн тодорхой судалгаа хийсэн, дүгнэлт гаргасан түүнийг нь тойрч хэлэлцсэн зүйл байна уу. Дахиад дөрөв таван жилийн дараа хууль гаргах тухай асуудал яригдаад байгаа юм. Энэ дотор хэн өршөөгддөг вэ гэхээр том аж ахуйн нэгж, компаниуд. Тэр том аж ахуйн нэгж компаниуд маань энэ улс орныг урагш нь чирээд явна. Том үүрэг гүйцэтгэж байгааг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ яг бодит байдал дээр татвар төлөх нь битгий хэл энэ эрх мэдэлд ойрхон байгаа эд хөрөнгөтэй улсууд чинь юунд ч дийлдэггүй учраас ажиллагсдынхаа цалингаа өгөхгүй байна шүү дээ. Энэ дээр тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу. Өнөөдөр бол ингээд шийдвэр гаргах түвшинд энэ Их Хурал дээр байгаа нөхдүүд маань дандаа том пүүсийн эзэд шүү дээ. Тийм учраас иргэд хардаж байгаа юм. Үүнийг үгүйсгэж болохгүй ээ. Бодитой үнэн юм чинь. Санхүүгийн бус компаниудынхаа эрх ашгийг хамгаалсан хууль шийдвэрүүд та нар гаргаж байна. Одоо энэ Эдийн засгийн өршөөлийн хууль бол та нар Чингис бонд тэргүүтэй тавьсан өр зээлээ цааш нь нааш нь гулгуулаад үүнийгээ цайруулах хууль гаргаж байна гэж ярьж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудал яригдсан байна. Даваасүрэн гишүүний хөндөж байгаатай бол би санал нэг байгаа юм. Яг үнэнчээрээ төсөвт татвараа төлөөд 5, 10 ажилчдынхаа цалинг их биш юм гэхэд хийсэн гэрээнийхээ дагуу өгөөд байгаа өчнөөн аж ахуйн нэгжүүд байна шүү дээ. Тэгтэл том пүүс компаниуд чинь ажилтныхаа цалинг өгөхгүй байна шүү дээ.  Ажилчдынхаа цалинг өгөхгүй луйвардаж байгаа улсууд төрд, төсөвт татвар төлж байгаа юу үгүй юу. Тэгэхээр энэ улсуудыг дахиад өршөөл үзүүлээд чөлөөлөх тухай бүр тэг татвартай гарах тухай асуудал яриад байх юм. Энэ талаар нэг хариулт өгөөч ээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Татварын өршөөлийн өмнөх хуулиар 4621 татвар төлөгч 8000 гаруй тайлан ирүүлж нэмээд 700 гаруй иргэн шинээр бүртгүүл ирсэн байна. 4.5 их наяд төгрөг орлогод ногдох 431 тэрбум төгрөгийн татварыг татварын өршөөлийн хуульд хамруулж байсан юм байна. Бараг 50 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны эрхлэгчид байсан. Энэ хуулийн үр нөлөөгөөр тухайн үед эдийн засаг бол нэлээд тэлж ирсэн. Тодорхой үр нөлөөгөө үзүүлсэн байна. Энэ жил энэ хууль батлагдсанаараа Монгол Улсын өнөөдрийн энэ хүндрэлтэй байгаа эдийн засаг цаашид сэргэх бололцоотой юм гэж хууль санаачлагчид үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Та бүхэн хоёр дахь удаагаа ийм Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах гэж байгаа. Энэ хууль маань ер нь иргэдэд тэгш шударга хандах талаасаа бүрэн дүүрэн нийцэж байгаа юу.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Энэ талаар бас Байнгын хороон дээр нэлээд яригдсан. Ер нь бол ямар нэгэн байдлаар бүгд тэгш байдлаар хангагдана гэж ойлгож болно.

УИХ-ын дарга З.Энхболд: Болор оо, энэ танхимд нэг ийм уур амьсгал үүсчихээд байх юм. Хэдхэн том компанийг өршөөх гэж байгаа. Тэгээд тэдэн төгрөгөөс дээш, доош орлоготой том жижиг дундаар нь ялгаад томыг нь өршөөнө. Тийм хууль гаргах гэж байгаа юм уу. Яагаад ийм ялгааны тухай яригдаад байгаа юм бэ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Ерөөсөө тийм  зүйл байхгүй шүү дээ.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Босго байхгүй биз дээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Тийм юм бол байхгүй. Энэ зүгээр хардлагын чанартай л юм яваад байгаа юм болов уу.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Том жижиг бүгд ижилхэн орох юм байгаа биз дээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Бүгд л адилхан байгаа.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)