Н.Жаргалмаа

Бямба гарагт Палестины исламист бүлэглэл Хамас, Израил руу гэнэтийн дайралтыг эхлүүлсэн. Үүнд Израил хариу гал нээснээр Газын зурваст нөхцөл байдал хүндэрч амь үрэгдэгсдийн тоо 600 гараад байна. Олон мянга иргэд айдаст автаж, барьцаалагдаад буй дээрх асуудлаар өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хаалттай хурал хийлээ.

НҮБ дахь Израилийн төлөөлөгч Гилад Эрдан хуралдаан эхлэхээс өмнө зөвлөлд хандан, “Цаашид ийм аймшигтай зүйл дахин гаргахгүйн тулд Хамас-ын бүр мөсөн устгах ёстой” хэмээж Палестиныг дайны гэмт хэрэгт буруутгаж байна гэв. Харин Палестины НҮБ дахь төлөөлөгч Рияд Мансур, хуралдааны өмнө сэтгүүлчдэд хандан, “Газын зурваст хоёр сая гаруй хүн оршин суудаг. Олон жилийн турш Израилийн бүслэлтэд байж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсаар байсан. Үүний хариуцлагыг дан ганц Палестин хүлээгээд өнгөрөх нь өрөөсгөл” хэмээн хэлжээ.

Зөвлөл 90 минут орчим хуралдсан юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийттэд хараахан зарлаагүй байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгч Лана Нусейбеийн хэлснээр олон улсын хүмүүнлэгийн хуулийг хэрэглэх, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлуудыг зөвлөл хэлэлцжээ. Тэрбээр, “Харилцан хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Одоогоор нэн тэргүүнд Израилд аюулгүй байдлын арга хэмжээг авч, барьцааны хүмүүсийг суллах хэрэгтэй” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn