Ц.МЯГМАРБАЯР

Монголын уул уурхайн 7 хоног”Mining Week” чуулганы онцлох зочин Роберт Фрийдланд байлаа. Тэрбээр үдээш хойшх /2023.20.09/Салбар хоорондын уялдаа хэлэлцүүлэгийн өмнө илтгэлээ тавьсан юм. Илтгэлийнхээ эхэнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн нөлөөлж байгааг Наса-гаас авсан судалгааг үндэслэн тайлбарласан нь сонирхолтой байв. Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, нөгөө ирээдүйн төлөө чиглэж байгааг онцлоод 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Тухайлбал,АНУ сэргээгдэх эрчим үйлдвэрлэлд ирэх онд 397 тэрбум ам.доллар зориулахаар байгаа. 2022 онд тус улсын хэрэглээ 44 хувь байсан бол 2035 он гэхэд 65 хувь болж өсөхөөр байна гэв.

Түүнчлэн Монголчууд  Оюутолгойн ордоос  үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд дэлхийд Оюутолгой шиг 20 орд бий болсноор зэсийн хэрэглээг хангана. Монголын өмнийн говь зэс болон нефтийн асар их нөөцтэй. Тиймээс шинэ нөөц тогтоох хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөг хийхгүйгээр нөөц тогтоодог өндөр технологи нэвтэрсэн. Тиймээс Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна. Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломж бас байна. Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Конго болон Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой. Манай Конго  дахь Оюутолгойн ордтой дүйцэхүйц зэсийн  том орд 7 хоногт 301366 тонн зэс үйлдвэрлэдэг. Цаашид 650 мянган тонн зэс баяжуулна. Өөрөөр хэлбэл, Дэлхийд III орох ногоон үйлдвэрлэлийг эрхэлсэн том орд. Энэ ордын орлогын 50 хувь нь улсдаа үлддэг хэмээн илтгэлдээ дурьдсан юм.  Мөн “Чили, Конго гээд Монголд өрсөлдөгчид олон бий. Оюутолгой гэсэн ганц уурхайгаар хязгаарлах биш оюутолгой шиг өөр орд олж хөрөнгө оруулалт хийж шинэ банана ургуулах нь чухал. Үүний тулд хөрөнгө оруулагчиддаа хүндэтгэлтэй хандаж, тогтвортой төрийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг бий болгох нь  чухал” гэв.

Дэлхийн уул уурхайн магнат болсон  "Айвенхоу Майнз" -ийн эзэн Роберт Фрийдландын талаар товч өгүүлье

 Дэлхийд зэсийн аварга том ордуудыг олж ирүүлсэн Фрийдланд монголчуудын хувьд эчнээ танил. Түүний тухайд гэвэл Монголын өмнийн говиос Оюутолгой хэмээх зэс, алтны үлэмж баялаг нөөцтэй ордыг нээж, өнөөдөр тэрхүү орд улсын эдийн засгийг тэтгэж, хөрөнгө оруулалтыг усалж байгаа.Асар их зардал, хөрөнгө оруулалтаар бүтсэн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ард үлдэж, үйлдвэрлэлд өдгөө шилжсэн. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн цагаас хойш Монголыг тойрч ниссээр байсан Канадын бизнесмен ийнхүү Улаанбаатар ирж “Mining Week” чуулганы хойморт илтгэл тавихаар болсон нь ихээхэн анхаарал татаж түүний илтгэлийг сонсох гэсэн оролцогчид танхимд багтахгүй байв.

Тэр Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд /2011 онд 17.3 хувьд хүрч, дэлхийд хамгийн өндөр өсөлттэй орны нэг болж байсан/ түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг мөн. 1993 онд 746.3 сая ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр 17.1 тэрбум ам.долларт хүрч, 23 дахин өсөхөд түлхэц болсон нөлөөлөгч ч бас мөн. Оюутолгой ордыг нээснээр түүний нэр олон улсад, тэр тусмаа хөрөнгө оруулагчдын дунд мандсан.

“Айвенхоу Майнз” 2000 оны тавдугаар сараас эхлэн  хайгуулын өрөмдлөг хийж, дорвитой үр дүн бас л гарсангүй. Айвенхоу цааш ажиллах төсөвгүй болж, мөн л хамтарч ажиллах партнёр хайж эхэлсэн бөгөөд төслийг хаах шийдвэр дээр Роберт Фрийдландын доод талын бүх дарга нар гарын үсэг зурчихсан, тэр л ганцаараа зурах үлдээд байсан гэдэг. Яг тэр үед үлдсэн мөнгөөрөө 3 газарт алмазан өрөмдлөг хийхээр болж, хариу нь өнөөдрийн “Оюутолгой”-г дэлхийд зарласан юм.

Роберт Фрийдланд “Энэ бол Дэлхийн алт, зэсийн шинэ нутаг. Энэ бол энгийн нэгэн уурхай биш, энгийн нэгэн ашигт малтмал агуулсан талбай ч биш. Энэ бол алт, зэсийн муж” хэмээн Оюутолгойн тухай ярьсан байдаг. Өнөөдөр  "Айвенхоу Майнз"  цэвэр эрчим хүчний төслүүдэд хүч сорьж, бизнесийн цар хүрээгээ улам тэлсээр байна.

Эх сурвалж: www.zms.mn