Д.ДАРАМБАЗАР

Парисын олимпын эрх олгох буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын тамирчин ОУХМ О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг хүртлээ. 101 орны 1249 тамирчин цэц мэргэнээ сориж байгаа энэ тэмцээнд манай улсаас 16 тамирчин өрсөлдлөө. Манай тамирчин О.Есүгэний хувьд 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм. Тэрбээр өмнө нь “Токио-2020” олимпод мөн цэц сорьж байсан билээ.

Харин ОУХМ Н.Баяраагийн хувьд олимпын эрхээс атгаад алдав. 10 м-ийн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн тэрбээр 630.6 оноогоор улсын дээд амжилтын шинэчлэн тавдугаар байраар финалд шалгарсан. Гэвч финалын буудлагыг энэ байраараа өндөрлүүлж, олимпын эрхээс 1.4 оноо дутсан юм. Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дууссан. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болно.

Эх сурвалж: www.zms.mn