Д.ДАРАМБАЗАР

ПСЖ клубтэй хийсэн гэрээ нь дууссан Лионел Месси АНУ-ын MLS лигийн Интер Майами багт нэгдэхээр болжээ. Төрөлх Барселона клуб рүү буцах боломжгүй болсон 35 настай тэрбээр Саудын Арабын Аль-Хилал клубийн саналаас татгалзсан байна. Diario Sport болон Mundo Deportivo-д өгсөн ярилцлагадаа "Би Европыг орхиж, Майами явах шийдвэрээ гаргасан. Европын бусад багуудаас санал ирсэн. Гэхдээ Барселона биш л бол би Европт дахиж тоглохгүй. Нэгэнт би дэлхийн аварга болж, Барселона руу явах боломжгүй болсон тул одоо өөр хөл бөмбөг тоглож, өдөр бүрийн амьдралдаа анхаарал хандуулах болно. Мэдээж тоглолт бүрт ялахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ илүү амар тайван байх болно" хэмээжээ. Барселона клуб Мессиг 2021 онд санхүүгийн асуудлын улмаас явуулсан бөгөөд "энэ зүйл дахин тохиолдохыг би хүсэхгүй байна" гэж хэлжээ. Францад 75 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулсан Мессид Саудын Арабын клубээс илүү өндөр дүнтэй санал ирсэн ч тэрээр Америк явж байгаа нь "мөнгөтэй холбоогүй" гэсэн юм.

Интер Майами клуб нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос MLS дээд лигт тоглож эхэлсэн. Клубийн үүсгэн байгуулагчдын нэг нь Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхем билээ. Тус клубт ДэАндре Йедлин (Newcastle utd), Жозеф Мартинез (Torino) нарын Европын топ лигт тоглож явсан шилдгүүд бий.

Эх сурвалж: www.zms.mn