Д.ДАРАМБАЗАР

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ. П.Орхон “Өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. 2022 онд сонгогдсон чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Бид маш хүйтэн заланд тэмцээнээ зохион байгуулдаг. Холбооны тамирчин, багш хооронд ямар ч уялдаа байхгүй. Өнгөрсөн жил ААШТ-ийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. Чөлөөт бөхийн холбооны санхүү, хөрөнгө шилэн биш байна.  Чөлөөт бөхийн холбоо дэлхийн бөхийн холбоонд 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Дэлхийн аваргад орохдоо нутгийнхаа хүмүүсээс мөнгө гуйж байна. Олон улсын тэмцээнд эмч явахгүй маш удаж байна. Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. Тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргана. Тэр болгонд мөнгө гаргаад байж чадахгүй шүү дээ. Нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг  холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон. Олон улсаас амжилт гаргалаа гэхэд Чөлөөт бөхийн холбооноос өрөнд өө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. Гомдол, санал хэлэхээр тамирчид бэлтгэл хийх ёстой гэсэн хариу өгдөг” гэв.

Эх сурвалж: www.zms.mn