П.АМГАЛАНБАЯР

 

Хэдэн зууны тэртээгээс уламжлагдан ирсэн Монгол түмний цаглашгүй их өв соёлын нэгээхэн эд, эс нь гар бичмэл ба архивын баримтын цуглуулга байдаг. Дэлхий дахинаа тархсан  энэ их биет бус өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг билээ.  Энэ удаа зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг олон улсын эрдэм шинжилгээний хурал  өчигдөр Чингис хаан үндэсний музейн танхимд эхэллээ. Уг эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын  ШУА-ийн дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Чингис хаан үндэсний музей хамтран зохион байгуулж буй.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оноос  Улаанбаатар, Санкт-Петербург хотод  хоёр жил  тутам ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн билээ. Энэ удаагийн хуралд 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачид биечлэн,  15 эрдэмтэн, судлаач цахимаар  оролцож илтгэлээ хэлэлцүүлэх аж.  Жишээлбэл,   Монгол Улсын ШУА-ийн  түүх, угсаатан зүйн хүрээлэн , Чингис хаан үндэсний музей, МУИС, МУБИС, Үндэсний төв архив,  Богд хааны ордон музей оролцож байна. Харин ОХУ-ын  ШУА-ын  Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн , Эдийн засгийн соёлын түүхийн хүрээлэн,  Оросын  ШУА-ийн Сибирийн салбарын Монгол төвөд, буддын судлалын хүрээлэн, ОХУ-ын Халимагийн  улсын их сургууль “Улсын Эрмитаж” музей, Угсаатны зүйн музей, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын  Казаны  их  сургууль, Казаны Түүх, соёлын өвийг дэмжих “Палладий” сангийн эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлж байна. Мөн БНУУ-ын Төв Европын  их сургууль,  Өтвөш Лорандын Их сургууль,  БНХАУ-ын  Өвөр Монголын  их сургууль  зэрэг  Монголын түүх, соёл, хэл, уран зохиол, монгол судлалын  салбарт судалгаа явуулдаг эрдэмтэн судлаачид оролцож байна.

 

1915-1916 онд Монголд явуулсан хүн амын болон статистикийн баримт

 

Хуралд түүхэн холбогдолтой 50 гаруй илтгэлийг хоёр өдрийн турш хэлэлцүүлэх аж. Ингэхдээ түүх, хэл шинжлэл,  уран зохиол гэсэн хоёр хэсгээр зохион байгуулж байна.  Тус эрдэм шинжилгээний сонирхолтой илтгэлүүдийн нэг нь  “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулууны Польш Улсын Краков хотын архивт хадгалагдан буй 1915-1916 онд Монголд явуулсан хүн амын болон статистикийн баримт матераллын тухай илтгэл байв. Тэрбээр “Дэлхийн Монгол судлалын хүрээнд тодорхой чиглэлээр, тогтвортой хугацаанд зохион байгуулагдаж буй хурал цөөн байдаг. Үүний нэг нь уг эрдэм шинжилгээний  хурал юм. Хоёрдугаарт, Монголын түүхтэй холбоотой эд, өлгийн зүйл, архивын баримт, гар бичмэл, өмнө хэвлэгдээгүй өдрийн тэмдэглэл, судалгааны  хэрэглэгдэхүүн зэргийг гаргаж буйгаараа онцлог.  Дэлхийн Монгол судлалын  нэг гол суурь нь бол Монголын түүхийг судлах,  эх сурвалж материалууд юм. Энэ хурлын тайзан дээрээс олон байгууллагууд сан хөмрөгтөө хадгалагдаж буй үүцээ задалдаг. Энэ утгаараа  хурлын ач холбогдол өндөр” гэсэн юм.

Харин ШУА-ын Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ц.Энхчимэг,  профессор С.Цолмон нар  “Алтан ордны  улсын  Крым дахь тамгын тухайд” илтгэлийг тавьлаа. Илтгэлд  овог ургийн тамганы тухай  асуудлыг товч өгүүлжээ.  Илтгэлийн агуулгыг товч хүргэе. Одоогоос бараг 100-гаад жилийн өмнө  Зөвлөлт засгийн газраас  Крым дахь Татаруудын  өв соёлын иж бүрэн малтлага судалгаа хийсэн байна. Ингэхдээ 400 гаруй  овог ургийн  тамганы гайхамшигт  олдворыг  хотын хаалганы  дээр  сүлд маягаар үйлдсэн байжээ. Мөн  оршуулгын газрыг  булшны чулуун дээрээс олж илрүүлсэн байдаг.   Дээрх  хайгуул судалгаанд оролцож, тамганы  судалгаа дагнан хийсэн  Осман  Акчокраклы  болон бусад  олон судлаачид  уг тамгуудыг  Крымийн  Татаруудынх  гэж үзжээ.  1930-аад оны  их  хэлмэгдүүлэлтийн  дайрлагад өртөж нармай Түрэгийн үзэлд  буруутгагдан  цаазын дээд ялаар шийтгүүлснээр  уг судалгаа  гүнзгийрэх боломжгүй  болж орхигдсон байна. Сүүлийн үед  Оросын  түүх бичлэгт  ялангуяа Татарстан улсын Казанийн  эрдэмтэд дээрх Крымийн  тамгануудыг  эртний түрэгтэй  холбон үзэж, Казанийн  татаруудтай шууд хамаатуулан “түрэг татарын тамганууд” гэж гэж дүгнэх болжээ. Мөн  ахмад эрдэмтэн  Х.Пэрлээ “Монгол  түмний гарлыг тамгаар  хайж судлах нь” бүтээлдээ Крымийн  Татаруудын  тамгыг  Монгол нутгаас  олдсон  тамгануудтай харьцуулан  үзжээ. Ингэхдээ тамгуудын  ихэнх нь  Монгол нутгаас  гаралтай  овог аймгуудаас  угшилтай болохыг 1957 онд тогтоосон байна. Тиймээс  монгол нутгаас олдсон  тамгануудын  гайхамшигт дурсгалууд  болон  түүнийг  судлан тогтоосон  эрдэмтдийн  судалгаанд анхаарлаа хандуулах, тэдгээр  тамганууд  монголчуудтай  холбоо хамааралтай болохыг нь  бодитойгоор  авч үзэх  боломжтой байгааг  уг илтгэлийг бэлтгэсэн Ц.Энхчимэг,  С.Цолмон харуулахыг зорьсон  байна.

 

“Гар бичмэл судлаачийн  гол хэрэглэгдэхүүн байдаг”

 

Энэ үеэр ШУА-ийн  түүх,  угсаатан зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж  “Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал уран зохиол аман зохиолын түүхэнд холбогдох  гар бичмэл, сурвалжуудын тухай  Орос, Солонгос,  Түрэг, Араб зэрэг  гадаад хэлээр байгаа сурвалжуудыг судалж, танилцуулах боломжийг олгодог. Мөн  түүхийн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, иргэд, болон судлаачдын сонорт хүргэж байгаа нь чухал ач холбогдолтой” гэсэн юм. Тэрбээр “Монголын түүхэн өв соёл болох гар бичмэл, ном судрууд  Ази, Еврод гээд дэлхийд тархсан байдаг. Үүнийг олон улсын эрдэмтэд судлан, эргэлтэд оруулж танилцуулж буй нь цаашдын судалгааны том эх сурвалжийг хүмүүст хүргэж байна гэсэн үг.  Энэ эх сурвалж, гар бичмэл, архивын баримт дээр үндэслээд дараагийн нарийвчилсан судалгаа явагдаж Монголын түүхийн тодорхой асуудлууд илүү нарийн судлагдаж тодорч гарах боломжтой. Барилга барихад гол зүйл нь материал байдаг бол гар бичмэл судлаачийн  гол хэрэглэгдэхүүн байдаг. Үүнийг  шинээр илрүүлэн, танилцуулж цаашид судлах боломжийг нээж буй нь энэхүү  цуврал эрдэм шинжилгээний хурлын ач  холбогдол оршиж буй” гэв.

Дэлхийд Монголын түүхэнд холбогдох сонирхолтой материалууд  их байдгийг эрдэмтэд онцолж байлаа. Түүхийн  сурвалжууд,  гадаад, дотоодод буй архивын баримтууд, гар бичмэлийг судалж, гадаад хэлээр бичигдсэн түүхэн сурвалжийг орчуулж  хэвлэн нийтлэх нь чухал боловч хангалттай  хөрөнгө мөнгө зарцуулж чадахгүй байгааг ШУА-ийн  түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж   хэлж байв. Бусад улсын хэл дээрх түүхэн гар бичмэлүүдийг цувралаар хэвлүүлэн нийтлүүлснээр Монголын түүхийн сан хөмрөг баяжиж, цаашдын нарийвчилсан судалгааны үндэс суурь  тавигдах  боломж бүрдэнэ гэдгийг ч онцолж байв. Шинэ  түүхийн судалгааны онцлог бол  шинэ сурвалж, хэрэглэгдэхүүн орж ирэхгүйгээр судалгаа цаашид ахихад  хэцүү байдаг аж. Олон улсын эрдэм шинжилгээний зургаа дахь цуврал хуралд 180  гаруй эрдэмтэн илтгэл тавьсанаас 80 хувь нь өмнө хэвлэгдээгүй материал аж. Ингэхээр Монголын түүхийн хуудас дахь олон материал дэлгэгдэж буй нь сайшаалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 79 (7064)