Б.ОД

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. 

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд нэгдүгээр сарын сарын 25-29-нд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовуурь, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүлжээ. 

Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Эдгээр эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор хяналт шалгалт үргэлжилж байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn