С.УЯНГА

 

Нүдийг нь боогоод хар машинд суулгаж авч явахыг хүн худалдаалах гэмт хэрэг гэж ойлгох төсөөллийг бид магадгүй кино, эсвэл ном зохиолоос авсан байх. Тэр төсөөллөө тархиндаа гүн суулгаж, бат итгэснээс хүн худалдаалах гэмт хэрэг зөвхөн хилийн чанадад, биднээс “хол” үйлдэгддэг гэж боддог байж мэднэ. Гэтэл хилийн цаана биш энүүхэнд, бүр өөрсдөө ч мэдэхгүйгээр хохирогч болох эрсдэлтэй цаг үе иржээ. Тиймээс хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг гэсэн ойлголтыг үл ойшоож, бултахгүйгээр хэн хүнгүй “нүд”-ээ нээж, ойр тойрны хүмүүстээ сэрэмжлүүлж, шалтгаан, үр дагаврыг нь таньж ойлгож, нүүр тулахаас аргагүй боллоо. Өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийг ноцтой авч үздэг. Энэ төрлийн ямар нэг кейс гарах болгонд нийтээрээ халаглаж, хариуцлага нэхдэг жишиг тогтож байгаа нь сайшаалтай. Гэтэл бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хор, хохирол, үр дагавар гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс дутахааргүй. Харин ч илүү ноцтой байтал олон нийтийн ойлголт, хандлага сул. Зарим хэсэгт огт ойлголтгүй байгаа нь яах аргагүй сэтгэл эмзэглэм асуудал болжээ. Биднийг ийнхүү алгуурлаж байхад хүн худалдаалах гэмт хэрэг өнгө үс, арга хэлбэрээ хувиргасаар байна.

Хүн хүсч буй зүйлдээ л итгэдэг. Бүр тодруулбал, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд олдсон боломжийг алдахыг хүсэхгүй нь лавтай. Тэр үед харамсалтай нь таны итгэл, хүсэл мөрөөдөл дээр дөрөөлж гэмт хэргийн хохирогч болгохыг хэрхэвч зөвшөөрч болохгүйг судалгааны олон баримтаас харж болно. Дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн 40.3 сая хохирогч бүртгэгдсэний 4.8 сая нь бэлгийн мөлжлөгт өртсөн. Аргагүй байдалд оруулж биеийг нь үнэлүүлсэн хохирогчдын 99.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Анх 1999 онд Югослав улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон монгол эмэгтэйг тогтоосноор манай орон илгээгч улс гэж бүртгэгдэж байв. Гэтэл өнөөдөр Монгол Улс хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор үндэстэн дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн илгээгч, хүлээн авагч, дамжуулагч орны тоонд багтаж байна. 2017-2022 оны эхний таван сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 64 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирчээ. Тэдний 57 нь хилийн чанадад үлдсэн 180 нь эх орондоо гэмт хэргийн хохирогч болж, бэлгийн мөлжлөгт өртсөн байна. Эндээс харвал яах аргагүй хүн бүрийн анхаарч сэрэмжлэх учиртай аюулын харанга болсон байна.

 

72 ХУВЬ НЬ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧЛАХ, 43 ХУВЬ НЬ ГАДААДАД ЗОРЧИХОД ТУСЛАХ САНАЛД ЭРГЭЛЗЭХГҮЙ ГЭЖЭЭ

 

Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн ерөнхий дүр зургийг гаргаж ирсэн хамгийн голчтой судалгааг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн баг 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны аравдугаар сарын хооронд хийжээ. Хохирогчдын профайлыг харвал тогтмол орлогогүй эсвэл шилжиж очсон газартаа бүртгэлгүй, улирлын чанартай цагийн ажил эрхэлдэг оюутнууд, ажил хайж байгаа хүмүүс зэрэг 18-30 насны эрэгтэй болон эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй гэсэн дүр зураг гарчээ. Эдгээр хүмүүс ихэнхдээ өмнө нь бие махбодь болон сэтгэл зүйн дарамтад орсон, гэр бүл салсан хүмүүс байгааг судалгаанд тэмдэглэсэн байв. Мөн орлого бага, санхүүгийн чадавх сул, баталгаагүй нь гэмт хэргийн хохирогч болох эмзэг байдлыг улам нэмэгдүүлжээ.

Судалгаанаас харвал, дэлхий нийтийг хамарсан “COVID-19” иргэдийн амьжиргааг доройтуулсан нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдлийг улам нэмэгдүүлж,  хохирогчдыг цахимаар дамжуулан элсүүлэхтэй тэмцэх сорилтыг бий болгож байгааг цагдаагийн байгууллага онцолсон. Тодруулбал, цар тахлын үед бүх нийтийн сошиал сүлжээний хэрэглээ огцом нэмэгдсэнээс гэмт хэрэгтнүүд цахимаар хохирогчийг элсүүлэх, интернэтээр дамжуулан илүү далд хэлбэрээр хэрэг үйлдэх нь өссөн байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон 423 хүнийг авч үзвэл, хоёр хүн тутмын нэг нь хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн нь илэрчээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 60 хувь өмнө нь ямар нэгэн хөдөлмөрийн болон бусад хэлбэрийн гэрээгүй ажиллаж байсан. Үүний 86 хувийнх нь бичиг баримтыг ажил олгогч хурааж авсан, 43 хувь нь цалин хөлсгүй илүү цаг ажилласан, 36 хувь нь анх тохирсон цалингаа авч чадаагүй буюу үндэслэлгүйгээр цалин бууруулсан байжээ. Цаашилбал, хүмүүс санхүүгийн байдлаа сайжруулахын тулд аюултай алхам хийх эрсдэл өндөр буюу судалгаанд  оролцогчдын 72 хувь өндөр цалинтай ажилд зуучлах, 43 хувь гадаадад зорчиход  нь туслах санал тавибал эргэлзэлгүй зөвшөөрнө гэж хариулснаас харагдаж байв. Үүнээс үзэхэд санхүүгийн эмзэг байдал, ядуурал иргэдийг гэмт хэрэгтнүүдийн гарт орох гол “түлхүүр” болж байна гэж хэлж болохоор. Энэхүү дүгнэлтийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан тоо баримт давхар нотолж байна. Тухайлбал, 2003-2018 оны  хооронд тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 22 хувь нь хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогчид байна.

 

ХҮНИЙ НӨӨЦ, МЭРГЭШСЭН НЭГЖ, ХАМГААЛАХ БАЙР, ПРО БОНО ӨМГӨӨЛӨГЧДИЙГ БЭЛТГЭЕ

 

-Эрүүгийн хуулийн 13.13-т албадан хөдөлмөрийг бие даасан гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэвч энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх байдал тааруу байгаа нь цагдаагийн байгууллагад 2018 онд албадан хөдөлмөр эрхлэлтийн ганц, 2019 онд хоёр, 2020 онд нэг бүртгэгдсэнээс харж болно. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр хэргээс нэг нь ч шүүхээр шийдэгдээгүй байна. Мөн өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд ердөө 87 хөдөлмөрийн байцаагч ажиллаж байгаа нь цогц хяналт шалгалт хийхэд хүний нөөцийн хувьд хангалтгүй тоо юм. Мөн албадан хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэргийг хянаж шалгах байцаагчдад сүүлийн 4-5 жилд ганцхан удаа сургалт явуулжээ. Үүнээс гадна хууль сахиулахаар бэлтгэгдэж буй оюутнуудад энэ төрлийн хэргийн талаар хангалттай ойлголт, мэдээлэл өгдөггүй. Сонгон судлах байдлаар аргацаасан төдий явж ирлээ.

ЦЕГ хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгжтэй ганц байгууллага боловч зөвхөн нийслэлд төвлөрдөг. Харин хүн худалдаалах гэмт хэрэгтэй  тэмцэх чиг үүрэг бүхий дэд зөвлөлийн гишүүн бусад байгууллагуудад  бие даасан бүтэц бий болоогүй. Тухайн асуудлыг дагнан хариуцдаг мэргэжилтэн байхгүй учраас хавсралт төдий. Улаанбаатар хотод хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хүлээн  авч, үйлчилгээ үзүүлдэг ТББ  хоёр хамгаалах байртай ч 10 эмэгтэй, хоёр эрэгтэй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. Энэ мэт санхүүгийн болон боловсон хүчний хязгаарлагдмал  байдал нь эрэгтэй хохирогчид үйлчилгээ үзүүлэх боломжид сөргөөр нөлөөлж байгаа. Гэтэл 14-25 насны эмэгтэйчүүд, 14-40 насны хүмүүс, ялангуяа эрэгтэйчүүд  хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэл илүү өндөр байдаг. Судалгаанд хамрагдсан эрсдэл бүхий 423 хүний 42 хувь нь эрэгтэйчүүд байх жишээтэй. Мөн эрэгтэйчүүд ажил олгогчдоо хууртсан тохиолдол өндөр байв. Талита Ази ТББ 2019-2020 онд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон эрэгтэй хүүхдэд туслалцаа үзүүлж байжээ. Тиймээс эрэгтэйчүүдийг ч анхаарлын гадна орхиж боломгүй.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бас нэг чухал шийдэл бий. Хууль сахиулах үйл ажиллагааны явцад эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах нь Хүн худалдаалахтай  тэмцэх хуульд заасан хохирогчийн үндсэн эрх юм. Гэвч улсын төсөвт зардлыг тусгадаггүй,  мэргэшсэн, төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг өмгөөлөгчгүйгээс хохирогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх заалт өнөөг хэр  нь хэрэгжээгүй байна. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох хуулийн заалт, зохицуулалтыг оруулах про боно буюу үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчдийн жагсаалтыг гаргаж чадавхжуулах  зэргээр зөвхөн иргэдийн ойлголт, урьдчилан сэргийлэх хандлагаас гадна төрийн бодлогын хэмжээнд тусгайлан авч үзэх шаардлагатай маш олон асуудал, шийдэлд цогц бодлогоор анхаарах шаардлагатай байгаа юм. 

 

ОРОН НУТГИЙГ ОРХИЖ БОЛОХГҮЙ

 

Олон нийтийн дунд хийсэн шинжилгээгээр орон нутагт хөдөлмөр  эрхлэх боломж хомс байх нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлжээ. Хавтаст хэргийн материалаас харахад хөдөөд  хөдөлмөр эрхлэх боломжгүйгээс Улаанбаатар хот руу шилжин ирсэн хэд хэдэн хохирогч хуурамч ажлын зарын дагуу гэмт хэрэгтнүүдтэй холбогдох, улмаар хууртагдах, хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт өртүүлэхэд хүргэсэн кейс байна.

Хүн худалдаалах долоон хэргийн  хохирогч болсон 14 хүний 11 нь тогтсон ажилгүй байжээ.  Мөн судалгаанд хамрагдсан 423 хүнээс 21.5 хувь нь сүүлийн  гурван жилд 30 хоногоос дээш хугацаагаар буюу урт хугацааны шилжилт хөдөлгөөн хийжээ. 2018-2020 оны хооронд Эрүүгийн цагдаагийн албаны бүртгэсэн хүн худалдаалах 131 хэргийн 66 нь Улаанбаатар  хотод, Өмнөговь аймагт зургаа, 38 нь гадаадад үйлдэгджээ.Тиймээс орон нутгийг орхигдуулахгүйгээр хууль сахиулах байгууллагын тусгайлсан нэгж байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг уялдаа холбоо шаардлагатай байна. Эцэст нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд хэн ч таарч болно. Харин хэтэрхий сайхан боломж, их мөнгөний амлалтад нухацтай хандаж өөрөө мөрөөдлийнхөө эзэн болж, хувь заяагаа  атгах учиртай. Мөн замд таарсан хэн нэгний мөрөөдлийг нь хамгаалах шүхэр байцгаая.

Хүн бүр хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар ойлголттой болж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бага ч болов мэдлэг ойлголт өгөхийн тулд бодит кейсүүд болон экспертүүд ямар гарц шийдэл санал болгож буйг хүргэе. 

 

Кейс-1

-Бэлгийн мөлжлөгийн хохирогч Ч.М-ийн эцэг эх нас барж, ах, эгчтэйгээ таарамжгүй харьцаатай байсны улмаас Улаанбаатарт ганцаараа ирсэн. Амьдрах тогтсон хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул хурдан мөнгөтэй болох талаар л боддог байснаа мэдүүлэгтээ дурдсан байна. Түүнчлэн холбоо тогтоон тусламж гуйх хүнгүй байсан нь удаан хугацаагаар гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлсэн байв...

Хавтаст хэргийн материалаас

 

Кейс-2

-Мөнгөний шаардлага гарсан гэх шалтгаанаар тогтсон ажилгүй охид санхүү өгнө авна гэх цахим хуудсуудад ханддаг.Гэвч тэдгээр эмэгтэйчүүдийг клиент /үйлчлүүлэгч/ нэрээр гэмт этгээдүүд олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг  нь дээрэмдэж, хохирогчийг нүцгэлж дүрс бичлэг хийн тохуурхан даажигнаж олон нийтийн сүлжээнд байршуулна, ойр дотно, гэр бүлийн хүмүүст нь тухайн хийсэн дүрс бичлэгийг үзүүлж биеэ үнэлэгч гэдгийг нь хэлнэ гэх зэргээр өөрсдийнхөө эрхшээлд оруулж  бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож байна.

Цагдаагийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас

 

Кейс-3

-Нэг ангид сурч байсан А-д “Хичээлдээ явахгүй байгаа ажил олж хиймээр байна” гэдгээ хэлэхэд  “Д.Х гэж эгч байдаг тэр чамд ажил олж өгөх байх” гэж хэлсэн. Ямар ажил хийхийг хэлээгүй....Хичээлдээ ч явахгүй, гэрт байнга хойд аавтай хэрэлддэг  болохоор ээж ч ажил хийе гэхэд татгалзаагүй, ээж  А.Ц (шүүгдэгч)-тэй өөрөө уулзаад, гадаад руу дагуулж явахыг зөвшөөрөөд миний гадаад пасспортыг хөөцөлдөж өгөөд явуулсан. Монголоос БНХАУ-ын Өвөр Монголын Эрээн хотод биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулж ашиг олсон.

Хавтас хэргийн материалаас

 


ЭКСПЕРТИЙН ҮГ


 

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах:

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ТООГООР ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ

-Олон гэмт хэргийг тоогоор илэрхийлдэг. Тэр дунд тоогоор илэрхийлэх боломжгүйд хүн худалдаалах гэмт хэрэг ордог. Тиймээс энэ хэргийн улмаас аврагдаж чадаагүй хэдэн хохирогч байгааг дэлхий даяар тоолж чадахгүй байна. Монголд 13-18 насны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлж байгаа бол хилийн чанадад 18-30 насных байх жишээтэй. Ялангуяа, бэлгийн мөлжлөгийн хохирогчид 75 хувийг эзэлдэг гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, энэ насныхан тухайн зах зээл дээр хамгийн эрэлттэй байна. Богино хугацаанд мөнгө олох, шилжин суурьших, асуудлыг дүгнэж цэгнэх чадвар гүйцэд сууж амжаагүй. Түүнийг нь далимдуулж мөрөөдлийг нь хулгайлж, эцэст нь хохирогч болж үлдэж байна. Энэ бүх хугацаандаа зуучлагч хүнийхээ үгэнд орж хэнд ч хэлэхгүй байж байгаад хохирдог. Үүнээс сэргийлэхэд иргэдийн ойлголт мэдлэг чухал. 

 

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан С.Мөнхчулуун: 

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ, ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийг хуурч мэхлэх, сайхан амлалт өгөх байдлаар үйлдэж байна. Жишээлбэл, өндөр цалинтай амархан ажилд оруулж өгөх, гадаад руу явуулж өгөхдөө замын зардлыг нь даана, байр хоол нь үнэгүй зэрэг сайхан боломж амлаж хуурч мэхлээд элсүүлж байна. Харин тухайн газар очоод амласан ажил нь байхгүй, биеийг нь хүчээр үнэлүүлж эрх чөлөөг хязгаарлаж, боолчлох тохиолдол гардаг. Хохирогчид ихэвчлэн санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй, өр зээлтэй, санхүүгийн хүнд нөхцөлд орсон, ажил орлогогүй болсон хүмүүс байдаг. Хүний эрхийг ноцтой зөрчдөг, хохирлыг бүрэн барагдуулахад хэцүү, тухайн хүн аврагдсан ч сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд маш хүнд нөхцөлд ордог тул энэ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Иймээс иргэдэд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх мэдлэг ойлголт өгч, өөрийгөө хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болоход нь туслах, хэт сайхан амлалтад итгэхээсээ өмнө нягталж шалгадаг болох, хөдөлмөр эрхлэх бол хууль ёсны дагуу гэрээ байгуулах, эрхээ сайтар мэддэг байх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх нь чухал байна. Нөгөө талаас гэмт этгээдүүдийг илрүүлэх, зохих ял өгч хэргийн шийдвэрлэлтийг сайжруулж, төрийн албан хаагчдын мэдлэг мэдээллийг  байнга сайжруулж, сургаж байх хэрэгтэй. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд маш олон байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал. Зөвхөн төрийн үүрэг  биш юм.

 

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Алтанхуяг:  

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДТЭЙГЭЭ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид гэмт этгээдүүдийн эрхшээлд орчихдог учраас тэр бүр цагдаагийн байгууллагад хандаж чаддаггүй. Зарим нь гэмт хэргийн хохирогч гэдгээ өөрсдөө мэдэхгүй байх тохиолдол бий. Амьжиргааны түвшин доогуур, ар гэрийн хараа хяналт сул байх нь хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа, цахим хэрэглээ өсөхийн хэрээр эрсдэлтэй болж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ, өсвөр насны охидтойгоо нээлттэй, дотно яриа өрнүүлж байх хэрэгтэй. Мөн хүүхэд нь хэнтэй яаж харилцаж, ямар сошиал группт элсч, юу үзэж харж байгаа зэргээр цахим хэрэглээнд хяналт тавьж байх хэрэгтэй. Сүүлийн үед өсвөр насны охид,бүсгүйчүүд амар хялбар аргаар мөнгө олох гэж байгаад гэмт хэрэгтний эрхшээлд орох тохиолдол их гарч байна. Иргэд хянамгай, ойлголт мэдээлэлтэй болчихвол урьдчилан сэргийлэх, хэн нэгэнд хууртаж хохирогч болохгүй байх бүрэн боломжтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)