Б.ДАРЬСҮРЭН

Хилээр нэвтрэх задгай тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Чингэлэг тээвэр нэвтэрч эхэлснээр нүүрсний болон бусад ачаа тээвэрлэлт түргэн шуурхай болж, нэмэгдэнэ гэж албаныхан хэлж байсан. Гэвч бодит байдал эсрэгээрээ байгааг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар хэлсээр байна. “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр “Айраг өртөөнд өнгөрсөн сарын 14-нд ирсэн ачаа одоо болтол Улаанбаатарт ирээгүй. “УБТЗ” ХНН-ээс зүтгүүрийн дутагдлаас болж тээвэрлэлт удааширч байгаа гэж тайлбарлаж байна. Барааны хомсдол, саатал, барилгын материалын гацаа түгжрэлд та нарын балаг их байна. Төр, засгийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарахгүй бол улсаараа хохирох нь ээ” гэж ярив. 
Мөн “Нарантуул” ОУХТ-ийн аяны хэрэгслийн худалдаа эрхлэгч Б.Бямбасүрэн “Захиалсан ачаа дунджаар 2-3 сар хүлээгдэж ирдэг болсон. Аль гуравдугаар сард захисан бараа наадмын өмнөхөн ирсэн. Өмнө нь бараа захиалахад 1-2 хоногт ирж байлаа. Үүнд задгай тээврийг чингэлэгт шилжүүлсэн нь нөлөөлсөн. Ялангуяа, майхан овор ихтэй тул багтаамж их эзэлж, ачааны тоог нэмэгдүүлдэг. Мөн юанийн ханш тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тул чингэлэг тээврээс үүдэлтэй зардал нэмэгдсэн” гэсэн юм.


Энэ талаар ГЕГ-ын хэвлэлийн ажилтан н.Сайханзаяагаас тодруулахад, “Манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Аль болох ачааг нь хурдан өгөх гээд уртасгасан цагаар ажиллаж байна. Хүмүүс ачаагаа авахгүй удах, олон захиалагчтай бол нэгнийгээ хүлээх зэргээр хугацаа алдаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. 


Харин “УБТЗ” ХНН-ийн цахим хуудсанд “Энэ сарын 4-ний байдлаар Хилийн тэг цэгээс автомашин дээр ачаатай 92, хоосон 20, 20 футын 102 чингэлэг, хэтрүү овортой дөрвөн автомашинтай ачаа, мөн 82 тээврийн хэрэгсэл татан авахаар ажиллаж байна” гэсэн албаны мэдээлэл орсон байлаа. 


Мөн “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл хэлэхдээ “Нэг ширхэг битүү вагоны зах зээлийн дундаж ханш 220 сая төгрөг гэж тооцоход 90 ширхэг битүү вагон худалдан авахад 20 тэрбум төгрөг шаардагдаж байна. Улс орны нийгэм эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн үед ийм хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход хүндрэл үүсэж байна. Манай зарим уул уурхайн компаниуд өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн вагонтой байдгийн адилаар бусад үйлдвэр ч тээвэрлэлтэд дутагдаж байгаа вагонуудыг өөрсдөө худалдаж авах юм уу, түрээслэх нь зөв юм. Бүх эрсдэлээ “УБТЗ” ХНН-д үүрүүлэх нь буруу юм. “УБТЗ” ХНН нь улс орны экспорт, импорт, орон нутгийн төрөл бүрийн тээврийг тасралтгүй шуурхай тээвэрлэхийн төлөө өөрийн хүчин чадлаас давсан их ажлыг гүйцэтгэж байна” гэсэн юм.


Наймдугаар сарын 4 буюу өчигдөр орой цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Замын-Үүдийн боомтоор өчигдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс өнөөдрийн байдлаар 700 чингэлэг ачаа үлдээд байгаа гэв. 


Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын талаас COVID-19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-нийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж буйг хэлсэн юм. 


Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаж төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)