Т.САЙХАН

ХХААХҮЯ болон БШУЯ хамтран энэ жилийн ургац хураалтын шинэчилсэн журмыг ирэх долоо хоногт танилцуулахаар болжээ.  Уг журамд ургац хураалтад явах их, дээд сургуулиудын оюутан залууст кредит цаг дүйцүүлэх болон бусад мэдээллийн талаар шийдвэрлэх юм байна.

Засгийн газраас ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тодруулбал “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын  тогтоолыг баталсан байна. Энэ хүрээнд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авах юм.

Түүнчлэн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгасан билээ.

Эх сурвалж:www.polit.mn