Т.САЙХАН

 

“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ харилцааг өмнө нь 1995 онд баталсан “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулж байсан юм. 

 

Мэдээллийн эзэн гэж хэн бэ?

 

Энэ хууль нь мэдээллийн эзэнд зориулагдана. Үүнд “Мэдээллийн эзэн” гэж энэ хуульд заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг (4.1.5) хэмээн  хуульд заажээ. Мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах боломж энэ хуулиар нээлттэй.  Үүнээс гадна сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахаар зохицуулсан байна. Үүнээс бусад тохиолдолд хуульд заасны дагуу болон өөрөөс нь зөвшөөрөл авч хувийн мэдээллийг нь цуглуулна. 

 

 

Хүний хувийн мэдээллийг хамгаалах субъектүүд

 

Хүний эрхийн үндэсний комисс хувь хүний мэдээллийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
•Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан эсхүл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх эсхүл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх. 
•Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж өгөх. 
•Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа, гарсан зөрчил, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилтийн талаар тусгах гэсэн байна.  

 

 

Гомдол гаргах

 

Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой. Энэ талаар хуулийн заалтууд ямар байгааг авч үзье.

•Мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ. 

•Хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн үндэсний комисст гаргаж шийдвэрлүүлнэ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)