Хотын “дулаан” хилийн цаанаас хэзээ орж ирэх вэ

0
хуваалцах
615
үзсэн

С.УЯНГА

 

Хот, хөдөөгүй цахилгаангүй болж “унтарч” байсан сануулга бишгүй. Дөрвөн жилийн өмнө “Дулааны цахилгаан станц-IV”-т гэмтэл гарснаас халуун намраар хот тэр аяараа 4-5 цаг цахилгаангүй болж байсан. Азаар дүн өвөл болоогүй байсан тулдаа хот хөлдөж, нийслэлчүүд осгоогүй ч эрүүл мэндийн салбарт том эрсдэл үүссэн юм. Эмнэлгүүд эрчим хүчний нэмэлт нөөцөөрөө амь залгуулсандаа нэг удаагийн хүндрэлийг давснаас биш хугас өдрөөс хэтэрсэн бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх. 

Тухайн үед аж ахуйн нэгжүүдийн алдагдал, иргэний эрүүл мэндтэй холбоотой эрсдэл гээд хариуцлага тооцож, хохирол яриагүй. Энэ тасалдал нийслэлээс хальж, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймаг тоггүй болсон удаатай. Тэгсгээд л толгой сэгсрээд өнгөрцгөөсөн. Гэтэл энэ өвөл нийслэлчүүд дахин “хөлдөж” мэдэх эрсдэлтэй нүүр тулж магадгүй нь. 


Өвөлтэй золгоход үндсэндээ 60 хоног л үлдлээ. Харин эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил дөнгөж тал хувиа давж байгаа нь даанч хангалтгүй. Нийслэлчүүдийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажил саатсны гол зангилаа нь хил гаалийн асуудал гэнэ. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь хилийн цаана гацчихсан. Өөрөөр хэлбэл, хотын “дулаан” хилийн цаанаас хэзээ орж ирэх нь эргэлзээтэй. Тун бүрхэг байгааг салбарын сайд нь шулуухан хэлж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний засварын ажилд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг 100 хувь импортоор авдаг. Дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлтөд эрчим хүчний салбар хамгийн их нэрвэгдэж байна. Мөн хил гаалийн гацалтын улмаас зун хийх ёстой засварын ажилд шаардлагатай сэлбэг,  материалууд орж ирээгүй. Үүнээс болж цаг хугацаа алдаж байна. Гэхдээ салбарынхан хичээж байгаа" гэсэн тайлбарыг өгөөд байна. 
Мөн “Эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан. Тиймээс янз бүрийн техникийн осол, саатал үүсэж тун болзошгүй. Тэгэхээр иргэд энэ өвөл газан плетка, газ, лаа, шүдэнзээ бэлдэх хэрэгтэй. Энэ бол хүмүүсийг айлгах гэсэн юм огт биш. Тиймээс иргэд дээрх зүйлээс гадна сэтгэл зүйгээ бэлдэж, дулаан хувцсаа хангах, гэр байшингийн сийгэлт, дулаан хадгалалт зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний яам үүнд бэлдэж, нэг, хоёр, гуравдугаар зэргийн хэрэглэгчдийг судалж, хаана хязгаарлалт тогтоохоо бэлдэж байгаа байх” гэж Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур ярьжээ.

Эрчим хүчний доголдол үүсэх нөхцөл байдал өнөөдөр ч хурцдаж байгаа юм биш. Дэлхийн хөгжлөөс 40 жилээр хоцорч яваа энэ салбарт шинэчлэл, бүтээн байгуулалт шаардлагатайг олон он дамжин ярьж байна. Харамсалтай нь бодит нөхцөл байдал нь XXI зууны иргэд лаа, шүдэнзэндээ тултал дордов. Гэвч өнгөрсөн хугацаанд үе үеийн төр, засгийн удирдлагууд цаасан дээрх төслийг бодит ажил болгосонгүй. Эрчим хүчний салбарт зөвхөн засвар шинэчлэл, өргөтгөлөөс гадна үнэ гээд тооцоод байвал асуудал их бий. 


 Хагас жилийн өмнө "ДЦС-3″ ТӨХК-ийн дунд даралтын станцын ашиглалтын хугацаа дууссан. Хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн гэх асуудал хөндөгдөж байх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрчим хүчний салбар хүндхэн байдалд байна. Үнийг нь чөлөөлж чаддаггүй. Тиймээс зээл авах тусам ашиггүй болдог. Өвөл -30 хэм хүрч хүйтрэхгүй байгаа тулдаа Улаанбаатар хотын дулаан тасалдахгүй байна. Хэрэв -35 хэм хүрвэл Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй. “ДЦС-3”-ыг өргөтгөнө.

 

Ер нь эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэж байсан удаатай. Тодруулбал,  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгааны 16 эх үүсвэр барьж байгуулахаар тусгасан. Эдгээр нь ашиглалтад орсноор цахилгааны хүчин чадал 1820 МВт буюу 1-3 дахин нэмэгдэж, 3300 МВт болно. Улмаар өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахаас гадна том төсөл, хөтөлбөрүүдэд эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн.  Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал мөн яригдаж байгаа. Хамгийн багадаа 100 Гкал/цаг чадлаар нэмэгдүүлэх ёстой гэсэн тооцооллыг салбарын яам хийжээ. Үүнд 63 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Мөн Улаанбаатар хотод хийгээр ажилладаг дунд чадлын дөрвөн дулааны станц байгуулах хэрэгтэй гэж үзсэн 150 тэрбум төгрөгийн өртөгтэй гэх зэргээр дулаан хангамжийн асуудал их. Гэвч нөхцөл байдал өнөөдөр тун амаргүй байна. Эрсдэлийг зөвхөн лаа, шүдэнзэндээ тулна, “даарна” гэж тооцож болохгүй. Эрүүл мэндээс эхлээд “зүрх” нь зогсож мэдэх олон салбар бий шүү. Нэмж хэлэхэд дулаан, цахилгааны дараагийн эх үүсвэрийг барих гэж сүүлийн 10 гаруй жил, үе үеийн хотын дарга болон Ерөнхий сайд ярьсны эцэст одоо л бодит ажил хэрэг болох горьдлого тээсэн ч хоолойд тулсан асуудал хэвээр байгаа нь харамсалтай. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)