З.БАТЦЭЦЭГ

 

Их Британийн түүхэнд анх удаа цагаан арьст оюутнууд нэр хүндтэй их сургуульд элсэх магадлал хамгийн бага байна гэж "Daily Mail" мэдээллээ. Хэвлэлд тайлбарласнаар энэ үзэгдэл нь их сургуульд соёлын олон талт байдлыг нэмэхийг төрөөс хүссэний үр дүн гэжээ. Нэгдсэн Вант улсын Боловсролын яамны статистик мэдээллээс харахад цагаан арьст залуучуудын 10.5 хувь нь элит их, дээд сургуульд суралцдаг. Энэ нь бусад үндэстний бүлгүүдээс хамгийн бага байгаа юм. Өмнө нь хар арьст оюутнууд их сургуульд элсэх магадлал хамгийн бага байсан гэж сонинд тэмдэглэсэн боловч сүүлийн үеийн мэдээллээр тэд цагаан арьстнуудаа гүйцэж түрүүлсэн байна. Тэдний 10.7 хувь нь одоо тус улсын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцаж байна. Сүүлийн жилүүдэд элсэлтийн комиссын багш нарт өргөдөл гаргагчийн намтрыг харгалзан үзэхийг зөвшөөрчээ.

Үүний үр дүнд сургуулийн жилүүдэд тулгарч байсан саад бэрхшээлийг нь нөхөхийн тулд нийгмийн эмзэг бүлгийн болон үндэстний цөөнхийн оюутнууд дээд сургуульд элсэн суралцаж байна. Үүнээс гадна их, дээд сургуулиуд өргөдөл гаргагчдын соёлын олон янз байдлыг хадгалахын тулд их хэмжээний мөнгө, хүчин чармайлт гаргадаг гэдгээ оюутны хяналтын газарт жил бүр нотлох шаардлагатай байдаг. Сонинд мэдээлснээр хүн амын хамгийн эмзэг бүлгийн төлөөлөл их, дээд сургуульд элсэн орсон дээд амжилтыг мөн харуулжээ. Оксфорд, Кембрижийн дээд зэрэглэлийн сургуульд элссэн цагаан арьст залуучуудын эзлэх хувь сүүлийн 10 жилд 8.3-10.5 хувь болж өссөн ч энэ өсөлт нь бүх үндэстний бүлгүүдийн дунд хамгийн бага байсан гэж онцолсон байна. Мөн энэ хугацаанд элит их, дээд сургуулиудын хар арьстнуудын эзлэх хувь 5.5-10.7 хувь болж хоёр дахин нэмэгджээ. Хятад оюутнуудын хувьд тэдний гайхалтай сурлагын амжилт нь олон жилийн турш үргэлжилсэн чиг хандлагыг үргэлжлүүлсэн гэж "Daily Mail" тэмдэглэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)