Ч.ГАНТУЛГА

Зуны дэлгэр цагт аян замд гарч, алс хөдөөг зорих машины цуваа үл тасарна. Их хотын чимээ анираас хол тэртээд харагдах алсыг ширтэж явахаас өөр амар амгалан үгүй мэт. Хаашаа ч харсан цэлийх их талд таван хошуу мал тааваараа бэлчиж харагдана. Хаа нэг уурга барьсан адуучин салхи татуулан давхиж, адуугаа хураах. Танан цагаан хонин сүрэг талд цацсан сувд шиг үгээр хэлэхийн аргагүй үзэмж төгс харагдах нь сайхан. Ихэр цэнхэр ишиг ижийдээ эрхлэн тонгочих нь хүртэл их талын элгэнд ургасан хөх яргуйг санагдуулам өхөөрдөм харагдах ажээ. Улаанбаатар хотоос 1100 км-ийн алсад орших Завхан аймгийн Цагаанхайрхан сумыг зорьж яваа минь энэ билээ. Эгэл малчны хотонд амьдрал хэрхэн өрнөдөг, малчин монгол ухаан хэрхэн, хаана явааг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Давааны үүрт нутаглах сумын сайн малчин, нутаг усандаа хөдөлмөрч хэмээн алдаршсан Лувсангийн Сувдаагийн хотноос бэлтгэсэн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлээс минь тольдоорой.

 

“Отгонтэнгэр”-ийн шүншигтэй ард түмэн

Аймгийн төвөөс 45 км-ийн цаана Давааны үүр хэмээх газар бий. Энд эгэл малчид минь малаа маллаж, эрдэнэт малынхаа үр шимийг хүртэн амар тайван амьдарч байна.

Улаанбаатар хотоос хамгийн хол, алслагдсан аймгийн нэг нь Завхан билээ. Хутаг хувилгаадын өлгий хэмээн алдаршсан энэхүү аймаг нь сүрлэг өндөр уулсын голд оршино. Урьд нь Завхан аймагт очихын тулд замдаа хоёр, гурав хонодог байсан тухай настангуудаас сонсч байлаа. Тэгвэл одоо цэлийсэн замаар давхисаар өдөртөө аймгийн төв орох боломжтой болжээ. Сүүлийн жилүүдэд алслагдсан аймгууд руу чиглэсэн шинэ замын ажил эрчимтэй, хурдтай явж байгаад нутгийн иргэд баяртай, ам сайтай байна. Арга ч үгүй биз. Барагддаггүй их талыг нэг өдрийн дотор туулна гэдэг малчдын хувьд алдаж боломгүй алтан цаг хугацаа. Хутагт хувилгаадын өлгий нутагт очихын тулд гурван том даваагаар давна. Даваа өгсөхдөө давааны нэрийг хэлдэггүй монгол ёс бий. Цавчим өндөр уулсыг ороож, урт  зам үргэлжилнэ. Даваа дагуу сарлагтай айл олон ажээ. Хаа сайгүй сарлагийн тугал сүүлээ өргөн ээжийгээ даган давхилдах нь хөөрхөн. Харин аймгийн төв рүү ойртох тусам монгол үхэртэй айл элбэг. Замд шилбүүр барин хурга, тугалаа эргүүлэх бяцхан багачуудтай олон таарна. Энд л жинхэнэ монгол ахуй, ирээдүйн сайн малчид торниж байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Энэ зуны хувьд нийслэл хот маань бороо ус элбэгтэй байгаа. Улаанбаатар хотоос Архангай хүртэл ногооны ургац сайтай, нов ногоон харагдана. Харин цаашлах тусам гандуу байв. Ялангуяа Завхан аймагт энэ жил их л хэцүүхэн өвөл болох нь хэмээн хашир малчид түгшинэ. Учир нь хурмаст тэнгэр хураа хайрлахгүй уджээ.Сүүлийн өдрүүдэд бороо ганц хоёр дуслаад л, шуураад байгаа тухай ярьж байв. Ирэх бүрт ногоон зүлгээр дэвсгэр хийж, номин тэнгэрээр дээвэр хийж угтдаг Завхан аймаг маань энэ жил  гандуухан биднийг угтсан юм. Аймгийн төв Улиастай хот. Үдэш болоход өнгийн гэрлээр солонгорох энэ хот харьцангуй залуусын хэмээх тодотголд нийцэхээр ажээ. Завханчууд хойд талдаа мөнхийн суваргаар мануулж, “Отгонтэнгэр” очирваань хайрхандаа аж амьдралаа даатган сүсэглэн залбирдаг билээ.

 

Гурван үеийн малчин удамтай

 

Аймгийн төвөөс 45 км-ийн цаана Давааны үүр хэмээх газар бий. Энд эгэл малчид минь малаа маллаж, эрдэнэт малынхаа үр шимийг хүртэн амар тайван амьдарч байна. Зарим нь ганц гэрээрээ буусан байх бол нэг хэсэг нь ах дүү, хамаатан садангаараа айлсан бууна. Хамгийн ойр айл багадаа 2-3 км-ийн зайтай ажээ. Үеийн үед эв найртайгаар нутаглаж ирсэн эндэхийн малчид ганцхан би гэсэн сэтгэлгүйгээр хонио ээлжлэн хариулж, хүн бүл муутай нэгэндээ тусалж, энх тунх аж төрж байна. Айл бүхэн хониндоо тэмдэг тавьсан нь содон. Зарим нь ар нуруунд нь цэнхэр, улаан гээд төрөл бүрийн будаг түрхсэн харагдана. 1998 оноос Давааны үүрт нэгэн өрх гал голомтоо асаасан нь өнөөдрийн нийтлэлийн баатар Л.Сувдаагийнх билээ. Энэ цагаас эхлэн энэ л нутагтаа малаа маллаж, үр хүүхдээ өсгөж, нутаг усныхандаа дэм болсоор 24 жилийг үдэж байна. Малчин Л.Сувдаагийнх одоогоор тэмээнээс бусад малыг өсгөж, үржүүлж байгаа юм. Бог малынхаа тоогоор  удахгүй мянгат малчин болох болзол хангахаар болсон байна. Энэхүү айлын хотонд өнжихөд хөдөөгийн амьдрал ямар завгүй, малчин түмэн минь ямар хөдөлмөрч гэдгийг харж болохоор. Үүрийн таван цагтай уралдаж, Давааны үүрт өглөө ирэх ажээ. Ургахын улаан нар уулын цаанаас цухуйхтай зэрэгцэж, хоточ банхар хав, хав хуцаж өглөө болсныг зарлах шиг чимээ өгөх нь сүрдэм. Энэ үед малчин Л.Сувдаагийн завгүй өдөр эхэлнэ. Энэ айлын гэргийг С.Өлзийбүрэн гэх. Тэрбээр нөхрөөсөө урьтаж босоод, аргалын цогин дээр дээр цай чанаж, өчигдөр загсааж тавьсан шинэхэн өрөмөө тогооноос хамаад өглөөний цай бэлтгэж эхлэв. Гэргийнхээ бэлдсэн ундыг уугаад тэд хамтдаа үхэртээ гарах ажээ. Сааль сүүгээ авчихаад, үнээндээ бэлчээж, араас нь хонио бэлчээнэ гээд тэдний өглөөний ажил мундахгүй.  Малчин Л.Сувдаагийнх гурван үеэрээ малчин удамтай. Эцэг Лувсан нь Ховд аймгийн Чандмань сумын гаралтай аж. Аав нь нутаг усандаа гарын ур сайтай гэдгээрээ алдартай байж. Модноос эхлээд төмрөөр юм хийж, оёж шидэх ажилд ч эмэгтэй хүнээс дутахгүй эвтэй байсан гэнэ. Үүнээс гадна гандан хийдэд шавилан суусан арвин намтартай нэгэн ажээ. Чандмань сум Завхан аймагтай залгаа учир хожим  нь ах дүүгээрээ энэ сайхан нутагт, Алдархаан суманд нутаглах болжээ. Л.Сувдаагийн хувьд Алдархаан суманд Лувсангийн долоо дахь хүүхэд болж мэндэлсэн байна. Тэрбээр аавынхаа хөдөлмөрч зангаас гадна гарын урыг нь дуурайсан бурхан ухаантай дархан хүн юм.

 

Малчдын амьдралд цаг агаар чухал

 

Завгүй өнгөрүүлэх малчдын амьдралд цаг агаар их чухал ажээ. Учир нь наадмын  дараа намар гэгчээр малчдын хувьд ирэх өвлийг өнөтэй давахын тулд хадлан тэжээлээ базаах хариуцлагатай үе хаяанд ирээд байна. Л.Сувдаагийн хувьд найман сараас хадландаа гардаг. Харин энэ жил гантай байгаа тул хадлан авахад хэцүүхэн байгаа тухай бидэнд хуучилсан юм. “Малчдын амьдралд цаг агаар их чухал. Энэ жилийн хувьд бороо хур багатай, малчдын хувьд хэцүүхэн зун болж байна. Одоо бараг өвсгүй байгаа тул бороо орсон ч өмнөх жилүүдийнх шиг сэргэх нь юу л бол. Ногоо муутай жил их эрт цас унаж, хүйтэрдэг. Энэ хэвээр байвал өвөл малын тэжээл худалдаж авахаас өөр аргагүй болох нь” гэж байв. Л.Сувдаагийнх бог малаас гадна 60 гаруй  үхэр, 30 гаруй адуутай юм байна. Мал бүхэн өөр өөрийн онцлогтой тул, маллах арга барил нь өөр байдаг гэнэ. Биднийг энэ айлын хотонд өнжихөд тэднийх хонио хяргаж таарсан юм. Зуны цагт хонийг заавал хяргах шаардлагатай. Учир нь бүгчим халуунд үс ноосноос нь салгаж хөнгөлөхөөс гадна хачиг хэмээх амьтан арьсанд нь шигдэхээс хамгаалж буй нь энэ юм. Хургаа хөнгөлөхийн тулд дөрвөн хөлийг нь уяж, их л болгоомжтой хяргах ажээ. Хайчны ир жаахан эвгүй хөдөлбөл бие рүү нь орчих гээд их л нарийн ажил юм. Л.Сувдаагийн хувьд хүн бүл муутай учир өдөрт ажлынхаа заваар гэргийтэйгээ 30 хонь хяргасаар ихэнх хонио хөнгөлөөд амжжээ. Л.Сувдаа залуудаа морь уядаг байжээ. Аймаг, сумынхаа наадамд айраг түрүү авч байсан сайхан дурсамж түүнд бий. Харин сүүлийн жилүүдэд наадамд морь сойхоо больжээ. Учир нь хүүхдүүд нь томорч, хот суурин бараадсан учир унаач хүүхэдгүйгээс эхлээд бэрхшээл олон байна гэнэ. Тэд анх гэр бүл болохдоо аав, ээжээс тасалж өгсөн 20, 30-аад тооны малтай байсан бол буурлын буянаа өсгөж үржүүлсээр өнөөдөр тал дүүрэн бэлчих хонин сүрэг тэргүүтэй, буянт малынхаа үр шимийг хүртсэн, нутаг усандаа нэртэй, айлын дайтай айл болоод байна.

 

Хөдөлмөрч гэрийн эзэгтэй

Хонио хяргах үеэр.

Сайн яваа эр хүний цаана заавал хүчирхэг эмэгтэй байдаг. Л.Сувдаа гуайн гэргий С.Өлзийбүрэн энэ тодотголд хамгийн ойрхон нийцэх, хүчирхэг, хөдөлмөрч эмэгтэй ажээ. Энэ гэрийн бүхий л ажлыг амжуулж, ачааны талыг үүрэлцэж яваа тэрбээр эцэг эхээс 14 үүлээ. Үүнээс тав нь бурхны орондоо заларчээ. Үлдсэнээс ихэнх нь өдгөө  Цагаанхайрхан сумандаа малаа маллаж байгаа бол гурав нь суурин газар бараадсан гэнэ. С.Өлзийбүрэнгийн хувьд багаасаа л малд нүдтэй, морь унаж, хониндоо явдаг, хөдөлмөрч охин байсан аж. Одоо ч энэ зуршил нь хэвээр. Тэрбээр Цагаанхайрханы найман жилийн сургуулийг дүүргэжээ. Малчин эмэгтэйн амьдралд амралт гэж байдаггүй ажээ. Гэр доторх ажил, сүү цагаан идээгээ боловсруулахаас гадна өөрийн чадахаар гаднах ажилдаа ч оролцоно. Саалиа авна, өрөм загсааж, тараг бүрнэ, ааруулаа хийнэ, тогоогоо нэрнэ. Гэрийн эзэгтэйн идээ нутаг усандаа алдартай. Үүнээс гадна тэд гурван хүүгээ сайн хүмүүжүүлж, хүнтэй мэндтэй, ажилд хичээнгүй, хөдөлмөрч болгож өсгөсөн гэж нутгийнхан нь ам сайтай байдаг юм байна. Энэ бол гэрийн эзэгтэй С.Өлзийбүрэнгийн  зөв бодол, тууштай зан, эх хүний үрээ гэх сэтгэлийнх нь хүч билээ.   

 

Сүүлийн гурван жилийн цэрэг

 

Эднийх гурван хүүтэй. Хоёр том хүү нь хэдийнэ нас биед хүрч, амьдрал зохиожээ. Харин бага хүү нь энэ жил цэргийн алба хаахаар төрөлх нутгаасаа мордсон гэнэ. Аавынх нь хувьд хөвгүүдээ заавал малчин бол гэж тулгахыг хүсдэггүй гэнэ. Хүн бүхэнд өөр, өөрийн хувь тавилан байдаг тул зурсан зураг, хүсэл мөрөөдлөө дагаж, өөрсдийнхөө амьдралыг өөрөө шийдэх эрхийг өгчээ. Том хүү С.Дэмчиг нь хөдөө аж ахуйн мэргэжилтэй ч хожим нь цагдаа болохоор шийдэж, одоогоор Тэлмэн суманд автын байцаагчаар ажиллаж байна. Саяхан цол нэмэн дэслэгч болж, аав ээжийгээ баярлуулжээ. Гэр бүлээрээ томилолт өвөртлөн Тэлмэн сумыг зорьсон залуухан дэслэгчийнх хоёр хүүхэдтэй бөгөөд удахгүй шинэ хүнээ өлгийдөж авахаар хүлээж байгаа юм байна. Харин хоёр дахь хүү нь С.Мөнхнаран. Ховдод цэргийн алба хааж, Завханы МСҮТ-ийг төгсжээ. Одоогоор гэр бүлийн хамт аймгийн төвд суурьшиж, эсгийний үйлдвэрт ажиллаж байна. Дунд хүүгийнх нь нэг хүүтэй ажээ. Хүү нь завтай үедээ мотоцикль хөлөглөн, аав ээждээ ирж, ажилд нь тусалж, хань бараа болно. Л.Сувдаагийн бага хүү С.Пүрэвбат шашны чиглэлээр Энэтхэг улсад суралцсан аж. Одоогоор Увсын Баруун туруунд цэргийн алба хааж байна. Бага хүү нь малд нүдтэй, адуунд эрэмгий тухай ижий аав хоёр нь ярьж байсан юм. Л.Сувдаагийн хувьд өөрөө сүүлийн гурван жилийн цэрэг ажээ. Цэргийн албаа Улаанбаатар хотын 019 дүгээр ангид хаасан юм байна. Тиймээс эр хүн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хэдийгээр энх цаг ч гэлээ цэргийн албаа хаах нь нэр төрийн хэрэг гэсэн бодолтой нэгэн. Аавынхаа хүслийг биелүүлж ийнхүү хоёр хүү нь өөрийнхөө хүслээр цэргийн албаа хаажээ. 

 

Гэрийн мод, унь урладаг, дархан хүн

Л.Сувдаа гэрийтэйгээ 1998 онд ханилжээ.

Завхан аймгийн хувьд ажихад залуучууд нь төв бараадаж, ихэвчлэн дундаж болон ахмад настнууд нь малаа дагаж үлджээ. Нэг бодлын залуу хүн эрдэм мэдлэгтэй болох нь зөв ч гэлээ эцэг өвгөдөөс уламжилж ирсэн малчин монгол ухаан энэ хүрээд тасрахвий гэсэн нууцхан харамсал төрснөө нуух юун. Залгамж халаа болсон залуу малчдын тухай сумын сайн малчин Л.Сувдаа “Залуус мал маллах дургүй болсон нь их олон дээд сургууль байгуулагдсантай холбоотой гэж бодож байна. Мөн хүүхдүүд бүгд дээд боловсролтой болох ёстой гэсэн бодолтой болчихож. Дунд сургуулиа төгсөөд, хэний ч мэдэхгүй сургуульд ороод ажил олдохгүй байхад л хотод шигдээд байх юм. Хөдөө чинь жаргалын орон шүү дээ” гэж байв. Мөн малчдын хувьд шатахууны үнэ хотоос өндөр байгаад жаахан сэтгэл дундуур байдаг юм байна. Шатахууны үнээ дагаад хэрэглээний бараа нь ч өсчихдөг ажээ.  Л.Сувдаагийн хувьд монгол гэрийн мод хийдэг, дархан хүн гэдгийг нь дээр дурдсан. Тэрбээр цэрэгт явахаасаа өмнө буюу 16, 17 настайгаасаа аавыгаа харж, гэрийн хана, унь хийдэг болжээ. Өдгөө амьдарч байгаа зургаан ханатай гэр нь өөрийнх нь хийц ажээ. Монгол гэрийн модыг бургасаар хийдэг юм байна. Гэрийн хана хийхийн тулд эхлээд түүхий эдээ авчраад зорж хальсыг нь авна. Үүний дараа хатааж, тэгшилж, хавтгайлан зороод буддаг ажээ. Будаг нь хатах үед цоолж, эсгэж, үдсэний дараа хана болдог юм байна. Л.Сувдаагийн хувьд үүнээс гадна уурга, араг савар хүртэл хийдэг аж. Нутгийн зон олон нь ч түүгээр гэрийн мод хийлгэдэг тухай ярьж байсан юм. Амьдралын ийм л баялаг түүхтэй, зузаан түүхтэй, малч удамтай нэгэн өрх Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Давааны үүрт нутаглаж байна. Эцэг эхээс уламжилж ирсэн, өдгөө мартагдаад байна гэж халаглах монгол ахуй малчин Л.Сувдаагийнд л байна. Мориороо малаа тууж, дэлгэр уудам нутагтаа цагт баригдахгүй, бухимдах стрессгүй, хамгийн тайван, жаргалтай амьдарч болох газар нь хөдөө нутаг ажээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)