ХУРААНГУЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлж буй гомдлын агуулгад дүн шинжилгээ хийх замаар редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн түвшинг илэрхийлэх, хэрэглэгчид сэтгүүл зүйн бүтээлийг хэрхэн үнэлж байгааг тодорхойлох, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороод гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад дүн шинжилгээ хийв.

 

ӨМНӨТГӨЛ

Монголын сэтгүүлчдийн өргөн зөвшилцлийн дүнд 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, мэргэжлийн стандартыг мөрдүүлэх зорилготой. Дэлхийн улс орнууд сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг сахин мөрдүүлэх зорилгоор ийм чиг үүрэг бүхий байгууллагыг ажиллуулдаг туршлагатай. Ийм байгууллагыг нэгд, сайн дурын үндсэн дээр, хоёрт, хууль эрх зүйгээр байгуулж, Хэвлэлийн зөвлөл, Хэвлэлийн консул, Ёс зүйн хороо гэх зэргээр нэрлэж байна. Хэдийгээр ийн өөр өөрөөр нэрлэж байгаа ч ерөнхийд нь өөрийн зохицуулалтын байгууллага хэмээн нэрийддэг. Сайн дурын үндсэн дээр болон хуулиар байгуулагдсан аль нь ч бай гүйцэтгэх үүрэг, механизмын хувьд төстэй. Сэтгүүлчийн бэлтгэсэн бүтээлд /мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага гэх мэт/ мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн гэж үзсэн гомдлыг олон нийтээс хүлээн авч, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар уг бүтээлд ёс зүйн дүгнэлт гаргаж байна. Гаргасан дүгнэлт нь өөрийн зохицуулалтын байгууллагыг хэрхэн байгуулснаас хамаарч зөвлөмж хэлбэртэй, эсвэл шүүхийн шийдвэртэй дүйцэхүйц заавал биелүүлэх журамтай байна.
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хувьд дүгнэлтийг зөвлөмж байдлаар гаргаж ёс зүйн зөрчил гаргасан редакцуудад мэдэгдэх хэлбэрээр ажиллаж ирлээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сараас гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Гомдол хүлээн авч эхэлснээс хойш 2021 оныг дуустал хугацаанд 457 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ.
Гомдол хүлээн авч эхэлснээс хойш гомдлын тоо тасралтгүй өсч ирсэн боловч 2020-2021 онд буурсан нь Ковид-19-ийн цар цахлын дэглэмтэй холбон үзэж болно.
Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирж буй гомдлуудыг болон ирсэн гомдлуудын агуулга болон Ёс зүйн хороод хэлэлцэн гаргасан дүгнэлт нь Монголын сэтгүүл зүйн ерөнхий өнгө төрх, редакц болоод сэтгүүлчдийн мэргэжлийн түвшинг илтгэх нэг индикатор болж байна. Ирж буй гомдлуудад дүн шинжилгээ хийснээр хэвлэл мэдээллийн салбарын цаашдын хөгжлийн зөв чигийг гаргах ач холбогдолтой.
Монголын сэтгүүлчдийн одоо даган мөрдөж буй Ёс зүйн зарчим нь 10 заалт, 32 зүйлтэй. Эдгээр 10 заалтаас хамгийн их гомдол орж ирдэг заалтууд нь НЭГДҮГЭЭР буюу “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалт юм. Үүнийгээ цааш нь нарийвчлах юм бол 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2 буюу “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.6 буюу “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэсэн зүйлүүд байгаа нь сэтгүүлчид, редакцууд мэдээллээ бататгах, нягтлах, эх сурвалжтай мэдээлэл бэлтгэх үндсэн гол үүргээ хангалттай биелүүлэхгүй байна гэж дүгнэж болохоор байна.
Нэгдүгээр заалтаас гадна олон удаа зөрчигдөж байгаа заалтууд нь ГУРАВДУГААР буюу “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”, ДӨРӨВДҮГЭЭР буюу “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”, ЗУРГАДУГААР буюу “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана” гэсэн заалтууд байна.
Гомдол их ирж байгаа заалтуудаар сэтгүүлч, редакцын мэдлэг, чадварыг дээшлүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна.

 

НЯГТЛАН ШАЛГАХ ЭНГИЙН ДҮРМЭЭ БАРИМТАЛ

Эх сурвалжтай байх, баримтаа нягтлах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны заавал дагаж мөрдөх энгийн дүрэм. Ёс зүйн зөрчилтэй гэсэн дүгнэлт гарч байгаа гомдлуудын дийлэнх нь энэхүү энгийн дүрмийг мөрдөөгүйгээс үүдэлтэй байгаа юм. Сэтгүүлч бичиж байгаа мэдээллээ худал биш бодит гэдгийг баримтаар нотолж, эх сурвалжлаар баталгаажуулаагүй л бол сэтгүүл зүй биш юм. Ялангуяа олон нийтийн сүлжээний олон сувгаар хүмүүс хангалттай мэдээлэл авч, бас эсрэгээр бусадтай хуваалцах мэдээллээ чөлөөтэй цацах боломжтой цаг үед бид амьдарч байна. Нэгэнт мэдээлэл хуваалцах, түгээх чөлөөт платформ байгаа учраас энэ платформыг зөвхөн сайн сайхны төлөө ашиглаж байгааг хэн ч баталж чадахгүй. Энэ нь худал мэдээлэл гэдэг тэмцэх ёстой үзэгдлийг дэлхий нийтэд бий болгосон. Өнөөдөр сэтгүүл зүйн холбогдолтой бүхий л том, жижиг хэлэлцүүлгийн хэлэлцэх асуудалд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, худал мэдээллийг хэрхэн таних сэдэв заавал байх нэг сэдэв болжээ. Олон нийтийн сүлжээгээр хүссэн нь мэдээллээ хуваалцдаг болж, сэтгүүлчид хэрэггүй боллоо гэж хүртэл ярих болсон энэ цаг үед баримт нотолгоотой, эх сурвалжтай мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ түгээх нь мэргэжлээ, салбарынхаа нэр хүндийг хамгаалж үлдэх гарц юм.
Баримт. 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нэр бүхий хоёр сайтад “Хонины мах 16000 төгрөгөөр зарсан Good Price дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ” гэсэн мэдээ нийтлэгдсэн бөгөөд энэхүү мэдээ ташаа гэсэн гомдлыг уг дэлгүүрийн толгой компани “Үлэмж Гросерс” ХХК гаргасан. Гомдлыг авч үзэхэд баримтаа шалгаагүй, хайнга хандсан алдаа байсан. Мэдээний текст дотор үхрийн махыг 16000 мянгаар зарсан гэж зөв бичсэн боловч гарчигт хонины мах гэж андуурч бичсэн.
Баримт. 2021 оны гуравдугаар сарын 20-нд нэгэн сайтад “Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ” гэсэн гарчигтай мэдээ гарсан бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар дурдсан. Эдгээр нэр дэвшигчдийн нэрс дунд В.Удвал гэсэн хуульч байсан бөгөөд хүү нь бас хуульч хүүтэй, хуулийн салбарт гэр бүлээрээ байдаг гэсэн боловч нэр дурдагдсан Б.Удвал биш мөн Н.Удвал нэртэй өөр хуульчтай андуурсан.
Баримт. 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр нэгэн сайтад “Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар байх уу” гарчигтай нийтлэл гарсан. Энэхүү нийтлэлд тухайн үед Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан С.Амарсайхан нь Зайсан орчмын газрыг хууль бусаар авсан тухай бичсэн боловч хууль бусаар авсан гэдгийг нотлох эх сурвалжгүй, нийтлэлд дурдагдсан эх сурвалжуудыг бусад хэвлэлээс эшилсэн, “ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж” гэсэн доромж үгтэй.
Баримт. Нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн “Эрүүл мэндийн даатгалын эрүүл бус тогтолцоо” нийтлэлд ЭМДЕГ гомдол ирүүлсэн бөгөөд уг нийтлэлд ЭМД-аар 12 үйлчилгээ үзүүлдэг байхад 8 гэж, дээд тал нь 2 сая төгрөг хүртэл үйлчилгээ үзүүлдэг байтал 30.000 гэж нийтлэлд ташаарсан байсан.

 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЭХ СУРВАЛЖ МӨН ҮҮ?

Эх сурвалж гэж юуг ойлгох вэ гэдгийг сэтгүүл зүйн сурах бичигт тодорхой бичсэн байдаг. Сэтгүүлчийн олон нийтийн тусын төлөө мэдээ мэдээлэл бэлтгэхдээ сурвалжилж буй үйл явдал, сэдвийн бодитой, тэнцвэртэй байдлыг хангахын тулд эх сурвалжийг ашигладаг. Эх сурвалж гэдэг бол уг мэдээлэлд хамаатай хүнээс гадна албан ёсны тоо баримт, албан бичиг, тайлан, гүйцэтгэл, хэвлэлийн бага хурал бүгд эх сурвалж мөн. Сошиал сүлжээнд тавигдсан мэдээлэл ч эх сурвалж мөн. Гэвч эх сурвалжийн хэлсэн зүйл бодит байдалд нийцэж байгаа юу гэдгийг нягтлах нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг.
Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлуудад хэвлэлийн бага хурлын мэдээллийг дамжуулсан редакцуудад холбогдох гомдол харьцангуй олон ирж байгаа нь анхаарал татаж байна. Энд нэг сонирхолтой жишээ татъя.
Харвардын Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны салбар нэгж болох “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ 2018 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан гомдол гаргасан. Уг гомдол телевиз, сонин, сайт гээд хэд хэдэн редакцын бэлтгэсэн мэдээлэлд хамаарч байсан бөгөөд эдгээр редакц 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Монголын эцэг, эхийн үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын мэдээллийг өөр өөрсдийн форматаар бэлтгэн түгээсэн байсан. Хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс сургуулийн насны хүүхдүүдийг вакцины туршилтад хууль бусаар хамруулсан гэсэн мэдээллийг өгсөн юм. “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ нь “Сургуулийн насны хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хүрээнд хүүхдүүдэд уг вакциныг хийсэн юм. Монголын эцэг эхийн үндэсний зөвлөлийнхөн энэхүү судалгааны талаар хэвлэлийн бага хурлын үеэр ташаа мэдээлэл өгсөн гэж үзэж байсан бөгөөд уг мэдээллийг түгээсэн редакцууд нь хэвлэлийн бага хурал хийсэн иргэдийн байр суурийг мэдээлэхдээ бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, буруутгаж буй судалгааны байгууллагаас нягтлан тодруулаагүй, тэдэнд тайлбар өгөх боломж олгоогүй гэж үзэн Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 1.9-р заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаагаа гомдолдоо тусгасан.

 

Сэтгүүлч Д.НАРАНТУЯА 

Үргэлжлэл бий.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)