Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн “Залуус” буландаа Монголын хамгийн их  үзэлттэй телевизийн шоунуудаас “төрсөн” хамгийн залуу уран бүтээлчдийг тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

 

 

“Авьяаслаг монголчууд” шоуны "бяцхан чоно" Энжи

“Mongol HD” телевизийн албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн контент нь “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэг юм. Энэхүү шоу нэвтрүүлэгт Монгол Улсын өнцөг булан бүрээс төрөл бүрийн авьяастнууд ирж, оролцдог билээ. Тус контент нь нас хязгаарладаггүй бөгөөд хэдэн насны хүнд ч нээлттэй гэдгээрээ онцлог. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн 2016 оны дугаарт дөрвөн настай Ц.Эрдэнэцэцэг охин оролцсон нь одоогоор шоуны түүхэнд хамгийн залуу оролцогч болон бичигджээ. 
Бяцхан Энжигийн хувьд нэгдүгээр шатанд “Өхөөрдөм чоно” үлгэрийг  уншиж шүүгчид болон үзэгчдийн хайрыг татаж байв. Энэ үеэс өөрийн фэнүүдтэй болсон тэрбээр дуучин Э.Чулуунчимэгийн “Зүгээр л инээмсэглэ” дууг хэвлүүхэн дуулсныг нь уншигчид санаж байгаа биз ээ. 
Энжигийн хувьд бие даасан уран бүтээл “Boom boom” дуу гаргасан нь бага насны охидын хамгийн сонсох дуртай дууны нэг болжээ. "Өхөөрдөм чоно" Ц.Эрдэнэцэцэг жүжигчин болох мөрөөдөлтэй юм байна. Энэхүү мөрөөдлөө биелүүлж “Гэр дүүрэн охид” кинонд дүрээ мөнхлөөд амжжээ. Харин хамгийн сүүлд “Аримун” продакшны “Халуун зүрх” кинонд тун чадварлаг тоглосон юм.  

 

 

“My voice” шоуны 17 настай ялагч 

Дэлхийд алдартай “My Voice” шоу анх 2010 оноос эхлэлтэй. Одоогоор энэхүү шоу нь дэлхийн 62 улсад тархаад байна. Манай улсын хувьд “Mongol HD” телевиз 2018 оноос албан ёсны эрхтэйгээр эх орондоо зохион байгуулж эхэлсэн байдаг. 
Харин анхны шоуны ялагчаар Ука шүүгчийн багийн оролцогч Ц.Энгүүн тодорч байв. Түүний хувьд эхний шатанд дөрвөн шүүгчийг эргүүлснээр өөрийн сонголтоор “Киви” хамтлагийн ахлагч Укаг сонгосон билээ. 
“My Voice” шоуны хувьд үндэсний хэмжээний шилдэг дуучин шалгаруулах зорилготой. Харин нэвтрүүлгийн дүрмэнд 17 нас хүрсэн хүн оролцох эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс тухайн үед Хөгжим бүжгийн консерваторийн хийлийн ангийн оюутан байсан Ц.Энгүүн 17 настайдаа тус тэмцээнд орж, анхны ялагчаар тодорч байлаа. 
Түүний хувьд энэ үеэс урлагийн карьераа эхлүүлсэн бөгөөд “Youtube”-ийн  нэг сая гаруй дагагчтай “Best of the Voice” суваг Ц.Энгүүнийг “Хүчирхэг хоолойтой, өсвөр насны охин” хэмээн онцолж байв. Түүний нийт долоон дууны үзүүлбэрийг нэгтгэсэн видеоны тайлбарт “Ц.Энгүүн 17-хон насандаа "My voice of Mongolia" шоуны эхний улирлын ялагч болсон. Хүчирхэг хоолойтой, хөгжмийн авьяастай, мэргэжлийн хийлч тэрбээр тайзан дээр гэрэлтэж байна” хэмээжээ.

 

 

“Яг түүн шиг”-ийн Z үеийн төлөөлөл

Монголчуудын үзэх дуртай телевизийн контентийн нэг нь яахын аргагүй албан ёсны эрхтэйгээр "Боловсрол" телевизийн хийж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг билээ. Цар тахлаас шалтгаалан завсардаад байсан тус нэвтрүүлэг энэ жил эргэн ирж, гурав дахь улирлын шилдгүүдээ тодруулсаар байна. Тус нэвтрүүлгийн онцлог нь тухайн уран бүтээлч нүүр хувиргалтын гайхамшгаар дэлхийн алдартай одыг дуурайж, уран бүтээлээс нь хүргэх дүрэмтэй. 
Энэ жилийн хувьд гавьяат жүжигчин С.Наран, Ө.Уянга болон “Дижитал” хамтлагийн дуучин Эрка, Г.Чойжоо,  Б.Мишээл, Г.Зоригт, жүжигчин Х.Баярмаа, “Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх нар оролцож байгаа юм. Харин оролцогчдоос насны хувьд хамгийн залуу нь “Gangbay” хамтлагийн дуучин, Z үеийн төлөөлөл Баянаа ажээ. 
Залуусын дунд хит болоод буй “Ганган цагаан” дууны эзэн тэрбээр 1999 онд Орхон аймагт төрсөн юм байна. 2016 онд СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангид элсэж, 2020 онд төгссөн юм. Оюутан байхдаа ангийн найз Д.Ганбаттайгаа нийлж хамтлаг байгуулж, 2019 онд анхны уран бүтээлээ цацсанаар залууст танигдаж эхэлсэн. Хамтлаг одоогоор хоёр тоглолтоо амжилттай зохион байгуулаад байгаа юм. Баянаагийн хувьд “Яг түүн шиг” шоунд дэлхийн од Беойнсе, Төрийн соёрхолт Л.Сосорбарам зэрэг олон алдартныг амжилттай дуурайж, Этиоп гаралтай, Канадын дуучин Weekend-ийг дуурайсан үзүүлбэрээрээ ялагч болоод байгаа билээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)