“Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдаж байна

0
хуваалцах
148
үзсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” сэдэвт олон улсын бага хурлыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хурлын үйл ажиллагааг нээж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Бүсийн дарга Ольга Жумаева, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг уншиж танилцуулав.

Хуралдаанд Элчин сайдын яамд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, ОУУЗУХСНХ-ны Уур амьсгалын төв, Дэлхийн банк, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, мөн Говь-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Төв, Дундговь, Орхон зэрэг аймгийн төр засгийн төлөөлөл, малчид, тариаланчид оролцож байна.

Хурлын гол сэдэв нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэж байна. Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө нь шударга, тэгш зарчимтай хэрэгжихэд анхаарч, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх руу шилжих үйл явцыг илүү тэгш, хүртээмжтэй болгоход буюу “Шударга шилжилт”-д хувь нэмрээ оруулах юм.

Эх сурвалж: Гамшгийн мэргэшсэн сэтгүүлчид