Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоотой улс болъё

0
хуваалцах
310
үзсэн

Т.БАТСАЙХАН

Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж байв. Гэвч өнөөдөр хүн амын 51 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн 17 хувийг л бүрдүүлж байна. Тэгвэл Азийн дундаж 20, дэлхийн дундаж 25 хувиас давжээ. Олон улсын парламентын холбооноос сар бүр шинэчлэн гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүдийн жагсаалтаас үзэхэд Монгол Улс 183 орноос 133 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Бид ийнхүү сүүл мушгих болсны нэг шалтгаан сонгуулийн тогтолцоо гэдэг.


Эмэгтэй улстөрч яагаад хэрэгтэй вэ?

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал болохыг олон улсын судлаачид янз бүрээр тайлбарласан нь бий. Эдгээрээс улс төр судлаач С.Болдсайхан хэд хэдэн чухал санааг судалгаандаа онцолсон байна.   Тодруулбал: 

 

1.    Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг. 
2.    Эмэгтэйчүүд улс төрийн соёлыг эергээр өөрчлөх магадлалтай.
3.    Эмэгтэй улстөрчид охид бүсгүйчүүдэд бэлэг тэмдэг болж чаддаг.
4.    Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам авлигын түвшин буурдаг.
5.    Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор төрийн бодлогод чанарын өөрчлөлт гаргадаг гэжээ. 

 

Эмэгтэй улстөрчид охид бүсгүйчүүдэд бэлэг тэмдэг болж чаддаг гэдгийг жаахан дэлгэрүүлбэл, улс төрийн өндөр албан тушаалыг ихэнхдээ эрэгтэйчүүд хашдаг манайх шиг улсад охид бүсгүйчүүд улс төрийг зөвхөн эрэгтэй хүнээр төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл олон улсын харьцуулсан судалгаагаар нөлөө бүхий эмэгтэй улстөрч сонгуульд нэр дэвших нь өсвөр насны охидыг ирээдүйд улс төрд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгодог нь батлагдсан байна. 

 

Сонгуулийн тогтолцоо яагаад чухал вэ?

Сонгуулийн тогтолцоог мажоритар буюу олонхийн, пропорционал буюу хувь тэнцүүлэх гэж хоёр хуваадаг. Улс орнууд энэ хоёр тогтолцооны аль нэг эсвэл хоёуланг нь хослуулан өөрийн онцлогт тохирсон хувилбарыг ашигладаг. Нэг танхимтай парламенттай 108 улсыг харьцуулж үзвэл холимог тогтолцоог 16 улс, мажоритар тогтолцоог 31 улс, пропорционал тогтолцоог 50 улс ашиглаж байна.
Олон улсын туршлагаас харахад пропорционал тогтолцоо нь хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдаг аж. Ардчилал, Сонгуульд  туслах олон улсын байгууллагын судалгаагаар сонгуулийн пропорционал тогтолцоотой улсуудад парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар тогтолцоотой улсуудаас хоёр дахин илүү байгааг тогтоосон байдаг. 
Судлаач П.Норрисын судалгаагаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж нь /2005 оны байдлаар/
-Сонгуулийн мажоритар тогтолцоотой 72 улсад 10.5 хувь
-Холимог тогтолцоотой 36 улсад 13.6 хувт
-Пропорционал тогтолцоотой 67 улсад 19.6 хувь байна. 
Манай улсын хувьд сонгуулийн мажоритар тогтолцоог ашиглаж ирсэн нь эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байхад нөлөөлснийг судлаачид тайлбарладаг. 
Тухайлбал, 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсны дараах анхны сонгуулиар УИХ-д  дөрвөн эмэгтэй сонгогдож, 5.3 хувийг бүрдүүлж байжээ. Ингээд 2000 он хүртэл эмэгтэй гишүүдийн тоо бага багаар нэмэгдсэн ч 2004, 2008 оны сонгуулиар огцом буурсан. Харин 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар УИХ 11 эмэгтэй гишүүнтэй болсон бол 2016, 2020 онд 13 болж өгсөн байна.

 

Өөрчлөлтийн эхлэл

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцүүлэг үргэлжилж байгаа энэ үед сонгуулийн тогтоолцооны талаар чухалчлан авч үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар сонгуулийн хууль тогтоомжийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хэлэлцсэн. Одоогийн мөрдөж буй сонгуулийн мажоритар тогтолцоо нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар цэцэд хандаад байсан. Цэц үүнийг хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4-т “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтын хүрээнд сонгуулийн тогтолцоог УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон хуульчлах учиртайг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоонд пропорционал элемент оруулах боломжтойг хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр санал гээгдэхгүй, эмэгтэй улстөрчдөд ээлтэй, тэдэнд боломж олгосон сонгууль явуулахад нээлттэй болж байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонгуулийн системээс гадна, квот, санхүүжилтийн асуудал чухал

 

-Олон улсын туршлагаас үзэхэд пропорционал тогтолцоо жендерийн тэгш байдлыг хангахад илүү үр дүнтэй байдаг. Ардчилал, сонгуульд туслах олон улсын байгууллагын судалгаагаар сонгуулийн пропорционал тогтолцоотой улсуудад парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар тогтолцоотой улсуудаас хоёр дахин илүү байгааг тогтоосон. Гэхдээ сонгуулийн системээс гадна, жендерийн квот, эмэгтэй нэр дэвшигчдийн нэмэлт санхүүжилт гэсэн бусад арга хэрэгслийг нэгэн зэрэг ашиглаж байж парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэнэ.  Энэ нь улс орнуудын практикаас ч харагддаг. Жишээлбэл, квот нь эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлдэг. Гэвч сонгуульд хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигчид ялалт байгуулах боломж өндөртэй байгаа манай өнөөгийн нөхцөлд эмэгтэйчүүд сонгуульд шударгаар өрсөлдөх нь бэрхшээлтэй байсаар байна.

 

"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл: Квотын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй

-Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой улсуудын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар системтэй харьцуулахад илүү байдаг нь улс төрийн намуудын жагсаалттай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, жагсаалтад аль болох олон эмэгтэй урдуур орж байж эмэгтэйчүүдийн парламент дахь суудал нэмэгддэг. Хэрэв намууд жагсаалтад эмэгтэйчүүдээ хангалттай оруулахгүй эсвэл энэ талаар хуульд нарийн зохицуулж баталгаажуулж өгөхгүй бол хувь тэнцүүлсэн тогтолцоо эмэгтэйчүүдэд шууд ээлтэй ажиллахгүй. Иймээс ямар ч сонгуулийн тогтолцоонд аль нэг хүйсийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нь чухал. Үүн дээр нэмээд улс төрийн намын санхүүжилт, намуудын жендерийн мэдрэмжтэй байдал сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдэд ээлтэй ажиллах эсэхэд чухал нөлөөлнө.

 

 

ХҮН-ын УЗ-ийн гишүүн судлаач Б.Мөнхсоёл: Холимог тогтолцоо нь нийгмийн бүх төлөөлөлд боломж олгодог 

-Сонгуулийн аль ч тогтолцоонд эмэгтэйчүүдэд зориулсан төгс шийдэл гэж  байхгүй. Тухайлбал, 2012, 2016 оны сонгуулийг жижиг мажоритар тогтолцоогоор явуулсан. 2020 онд олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулж байсан. Үүнээс харахад мажоритар тогтолцооноосоо илүү холимог хувилбар орж ирэх нь эмэгтэй нэр дэвшигчдэд ээлтэй.  Холимог тогтолцоо нь эмэгтэйчүүдээс гадна олонд танигдаж амжаагүй улстөрчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу үе, ахмад настнууд гэсэн нийгмийн бүх төлөөллийг багтаасан жишиг парламент байгуулахад эергээр нөлөөлж болно. Гэхдээ мэдээж үүнээс гадна тухайн улс төрийн намын төлөвшил чухал. Жагсаалтын эрэмбэ дараа, ил тод байдал гээд дагалдах хүчин зүйл байна. 

 

 

Ёс зүй намын дарга Б.Насанбилэг: Шударга ажиллах шинж чанар эмэгтэйчүүдэд  байдаг

-Холимог тогтолцоогоор буюу намын жагсаалтаар эмэгтэйчүүдийн сонгогдох магадлал өндөр болно. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад хүмүүс тойрогтоо илүү анхаарах шаардлага гардаг. Их мөнгө орно. Хөдөө орон нутгаар явж хүмүүстэй уулзаж ажиллах хэрэг гардаг. Энэ нь эмэгтэй хүмүүст хүндрэлтэй байх тал бий.  Тэгэхээр намын жагсаалт дээр эмэгтэйчүүдийн квотоо нэмж оруулж ирэх нь жендерийн тэгш байдлыг хангана.  Манайд харьцангуй бага буюу квот нь 20 хувь байна.  Ингэхээр тухайн улс төрийн намын бодлого, төлөвшил мөн чухал болж байна. Зарчмын хувьд эмэгтэйчүүд маань улс төрд илүү орж ирээсэй гэж боддог.  Яагаад гэвэл  үр хүүхэд болон улс орныхоо ирээдүйн төлөө илүү шударга ажиллах шинж чанар эмэгтэй хүмүүст  байдаг. Улс төрд илүү олон эмэгтэй оролцоосой, илүү шударга байгаасай, илүү хяналт тавиасай.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)