Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр энэ сарын 4-нд тохиов. Энэ өдөр Иллинойс мужийн “Highland” цэцэрлэгт хүрээлэнд Тусгаар тогтнолын баярын жагсаал болох үеэр олныг хамарсан буудалцаан болж зургаан хүн амиа алджээ. Тус улсын цагдаагийн газраас сэжигтнийг баривчилсан байна. Зургаан иргэнийг буудсан хэрэгтэн нь 22 настай байжээ. Тэрбээр дээвэр дээр гарч, хүчтэй буугаар жагсаалд оролцогчид руу буудсан байна.

 

Үүний улмаас багадаа 20 гаруй хүн шархаджээ. Баярын жагсаалд оролцсон Анжелина “Гэр бүлээрээ баяраа тэмдэглэхээр жагсаалд оролцож байлаа. Гэнэт буун дуу гарсан. Үүнийг машин шатах чимээ гэж итгэж байлаа. Гэтэл хүмүүс гүйлдээд эхлэхээр нь бид дагаад гүйсэн” гэжээ. Харин Ноэл Хара “Хүүгээ жагсаалд явуулчихаад “Starbucks”-т өглөөний цайгаа уугаад сууж байв. Гэнэт 30 орчим хүн хашгираад л гүйгээд ирсэн. Бид Starbucks”-ийн ариун цэврийн өрөөнд түгжигдсэн. Хэсэг хугацааны дараа буутай хүн явж бид тэндээс гарсан” гэж ярьжээ.


Энэ хэргээс нэг цагийн дараа Филадельфи хотод галт үзүүлбэр болох үеэр хоёр цагдаа буунд өртөж шархадсан байна. Энэ он гарсаар Америкт долоо хоногт нэг удаа олныг хамарсан буудалцаан болж байна. Тиймээс Иллинойс мужийн захирагч Жэй Роберт Прицкер нэг дор олон хүн буудах нь Америкийн уламжлал болж байгааг анхааруулав. Тэрбээр “Буудалцааны тухай ярих цаг, өдөр нь өнөөдөр биш. Гэвч энэ тухай хэлэх өөр тохиромжтой өдөр алга. Олноор нь буудах гэмт хэрэг Америкийн уламжлал боллоо” гэж ярьсныг “BBC” дамжуулав. Харин ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хэрэглээтэй тэмцэхээ амлажээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бууны аюулгүй байдалтай холбоотой анхны хуулийн төсөлд  гарын үсэг зурсан юм. Энэ төсөлд насанд хүрээгүй хүүхдүүд буу худалдаж авах хяналтыг чангаруулах, аюул учруулж болзошгүй гэж үзсэн хүмүүсийн галт зэвсгийг хураах тухай тусгажээ. Гэвч энэ нь оновчтой арга хэмжээ биш гэж ажиглагчид  шүүмжилж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)