П.АМГАЛАНБАЯР

 

Сүрлэг өндөр уулс нь алсыг ширтэн дүнхийж, чимээ анирдах уудамд талын салхи сэвшээнэ. Зуны дэлгэр цаг налайн, байгаль дэлхий ногоон өнгөөр гэрэлтэж, ургамал ногоо халиуран, мал сүрэг таваараа бэлчих нь амгалан тайван. Энэ бол байгалийн үзэсгэлэнт газар цогцолсон Булган аймгийн Хангал сум дахь Хялганат тосгон. Манай сурвалжлах баг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Булган аймгийн Хялганат тосгон хүүхдийн эко зуслантай болж, нээлтээ хийж буй учир тус тосгоныг зорьсон юм. Энэ зусланд амарч буй анхны хүүхдүүд  уг төсөлд хамрагдсан 30 сургуулийн төлөөлөл байв. Зуслангийн онцлог нь тус тосгоны сургуулийн хүүхдүүд зуны амралтаараа ирж амрахаас гадна өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээжээ. Учир нь хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, монгол ахуй соёлтой танилцуулахаас гадна гадаад хэлний вакуумжуулсан сургалт явуулах аж. Зуслан зургаан амралтын байртай, нэг ээлжиндээ 48 хүүхэд амрах боломжтой юм байна. Түүнчлэн зөвхөн тус тосгоны хүүхдүүд амрахаас гадна Булган аймгийн зүүн хойд бүсийн хүүхдийн сургалтын төв болж өргөжүүлэх зорилготой байгаа талаар албаны хүмүүс онцолж байлаа. Мөн аймгийн төвөөс 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж цахилгааны асуудлыг шийдэж өгөхөөр болжээ. Энэ үеэр Хялганат тосгоны захирагч А.Сод-Эрдэнэ “Хялганат тосгоны ЕБС-ийн дэргэдэх зуны сургалтын зуслангийн нээлт боллоо. Энэ зусланг байгуулахын тулд Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж, 30 орчим сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Мөн аймгийн төсвөөс 20 сая төгрөгийн дэмжлэг авсан. Хүүхдийн эко зуслан барихад олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Манай тосгоны иргэд хайрга чулуу, мод буулгаж өгөх, хашаа барихад материалаар тусалсан. Тиймээс хүмүүсийн хөдөлмөрийг мөнгөөр үнэлэхийн аргагүй” гэсэн юм.


Хүүхдүүд зун амрахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, олон найзтай болох боломж нээгдсэн нь сайшаалтай санагдлаа. Эх орныхоо баруун зүг буйдхан талд орших Хялганат тосгоны бүтээн байгуулалт нь бусдад үлгэр дууриал болохуйц оюунлаг бүтээн байгуулалт болсныг нээлтэд оролцсон хүмүүс  онцолж байлаа. 

 

“Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдсэнд баяртай байна”

“Амрангаа хөгжих боломжийг бүрдүүлж өгсөнд баяртай байна” хэмээн инээмсэглэх охиныг А.Цацрал гэдэг. Тэрбээр “Би Хялганат тосгоны X ангид сурдаг. Манай нутагт хүүхдийн эко зуслантай болсонд баяртай байна. Байгалийн сайханд амарч, олон найзтай болно гэхээр гоё санагдаж байна. Мөн сагс, гар бөмбөг тоглох боломжтой элсэн талбай хийсэн нь таалагдлаа. Найзуудтайгаа олон дурсамж бүтээж,  хүсэл сонирхлоо илүү хөгжүүлж суралцана” гэж байлаа. Тус зусланд англи хэлний багшийн нэгээр ажиллах эмэгтэйг Н.Халиунаа гэдэг. Хялганат тосгоны уугуул бөгөөд их сургуулиа англи хэлний багш мэргэжлээр төгсөж нутагтаа ирж ажиллаад дөрөв дэх хаврыг үдэж байгаа аж. Тэрбээр “Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хүүхдийн зуслан үүдээ нээж буйд баяртай байна. Хэд хоногоос зуслангийн анхны амрагч хүүхдүүдээ хүлээж авна. Энэ гэгээн үйлсэд оролцож, мартагдашгүй цаг хугацааг бүтээж буй нь багш мэргэжил эзэмшсэний минь  бахархал юм. Эхний ээлжийг англи хэл хөтөлбөрөөр эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Өдөрт 4-6 цаг орох хэдий ч хүүхдүүд амарч бусадтайгаа тоглонгоо суралцах нь том давуу тал. Хичээлээ заахдаа ямар ч самбар, шохой ашиглахгүй гэдгээрээ онцлог. Уул, ус модыг англиар хэлж, орчинд нь хичээл орох нь давуу талтай. Мөн тухайн газар ямар жимс ургадаг, ямар онцлогтой, газар нутгийн байршил гэсэн суурь мэдлэгийг давхар олгох юм. Манай сургуулийн багш, ажилчид нэг хүсэл тэмүүлэл зорилготой хамт олон. Тиймээс сайн дураараа зусланд ажиллахаар болсон. Энэ нь хүүхдүүдтэйгээ давхар хөгжих боломжтой” хэмээлээ. 

 

 

“Байгаль дэлхийгээ илүү их хайрлах сэтгэлийг төрүүлсэн” 

Ийн хүүхдүүдийн инээд хөөр, аз жаргалаар бялхаж, шинээр үүдээ нээсэн хүүхдийн эко зусланд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан сургуулиуд өөрсдийнхөө санаачлан хийсэн бүтээлээ бусаддаа танилцуулсан юм. Ширээн дээр янз бүрийн хэлбэр дүрс, өнгөтэй саван, лаа, үнэртүүлэгчийг өржээ. Энэ бол  Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн хүүхдүүдийн төслийн хүрээнд өөхөн тосоор хийсэн бүтээлүүд байлаа. Тус сургууль эрчим хүч, хог хаягдал, хариуцлагатай худалдан авалт, усны хариуцлагатай хэрэглээ гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Хог хаягдлыг дахин ашиглах төслийн хүрээнд өөх тосоор бүтээгдэхүүн хийсэн нь сайшаалтай санагдлаа. Хүүхэд сургууль дээрээ авсан мэдээллээ  гэр бүл дээ очиж түгээдэг. Тиймээс хүүхдээс гэр бүлд гэсэн аргачлалаар хөтөч дэвтэр нээжээ. Уг  дэвтрийг хог хаягдлын хариуцлагатай хэрэглээг багасгахын тулд бүтээсэн аж. Хүүхэд дэвтрээ ашиглахын тулд гэртээ очоод байгаль дэлхийд хогоо хаях нь ямар хор уршигтай талаар ярина. Эндээс зөв хэвшил эхэлнэ гэж үзжээ. Тиймээс уг хөтөч дэвтрийг нэг айлд гурван сар аялуулахаар шийдсэн байна. Тэгээд гэр бүлээрээ дахин боловсруулах боломжтой материалаа цуглуулсан ч хаана хийхээ мэдэхгүй бэрхшээл тулгарчээ.

Тиймээс долоо хоногийн баасан гарагийг сургууль дээрээ дахивар бүтээгдэхүүн авах өдөр болгосон байна. Ингэснээр анги бүр хуримтлалын данстай болжээ. Энэ үеэр тус сургуулийн  X ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсанаар байгаль дэлхийгээ хайрлах, ирээдүйгээ золиослохгүйгээр хамтдаа хөгжих сэтгэлийг төрүүлж өгсөн. Өөрсдөө хийсэн бүтээлүүдээ найзууддаа танилцуулж байгаад баяртай байна. Бид төслийн хүрээнд “Авьяасын урлан” клуб нээж тэр бүр хүмүүс хэрэглэдэггүй өөхөн тосоор саван, үнэртүүлэгч, лаа хийсэн. Нэг саван хийхэд сар гаруй хугацаа шаарддаг. Харин саван бүрэн хатахад гурван сар хэрэгтэй. Өөхөн тосоо хүүхдүүд гэрээсээ авчирдаг. Саван хийхэд өөхөн тос, натрийн шүлт, өнгө оруулагч хэрэгтэй. Мөн саван хийхдээ темпаратурыг нь тохируулах хэрэгтэй. Гэрийнхэн маань их дэмждэг. Ээж бидний хийсэн саванг хараад их бахархсан. Бид энэ ажлаа үргэлжлүүлж бусаддаа түгээхийн тулд доод ангийн дүү нартаа зааж, зөвлөдөг”  гэх нь  бахархууштай санагдлаа.


Монгол түмний өв уламжлал ёс заншлыг агуулсан хувцас, хэрэглэлийн хэсэг нь Хэнтий аймгийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл байлаа. Тус аймгийн Дадал сум төслийн хүрээнд “Онон балжирын есөн бахархал” хэмээдэг нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой хөтөч сурагч бэлтгэх ажлыг зохион байгуулжээ. Тиймээс сургуульдаа есөн бахархал бүхий брэнд бүтээгдэхүүнээ байршуулсан байна. Учир нь хүүхдүүд, эцэг эхчүүд, нутгийн ард түмэн бахархалт есөн газрынхаа талаар мэддэг, бусдад тайлбарладаг болгох зорилготой аж. Төслийн хүрээнд судалгаа хийхэд өөрсдөө мэдэхгүй зүйл их байсан. Жишээ нь, малгайны цацраг нарыг билгэддэг зэрэг гээгдсэн олон өв соёл бий. Үүнийг хүүхдүүд мэдэж авч байгаа нь бахархалтай гэдгийг Хэнтий аймгийн Дадал сумын биологийн багш Б.Бямбадэлгэр ярьж байсан. 


Энэ үеэр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн орон нутагт хэрэгжүүлэгч БОМСТ ТББ-ын гүйцэтгэх захирал  Э.Шинэцэцэг “Төсөл зургаан аймаг, хоёр дүүргийн ЕБС-ийнн 30 загвар сургууль дээр хэрэгжиж байна.Сургуулиуд анх төсөл хэрэгжүүлэхдээ сургууль өөрөө бүхлээрээ өөрчлөгдөхийг хүсэж байна гэдгээ өөрийн үнэлгээгээр тодорхойлсон. Эндээс жижиг төслийн ажил эхэлдэг. Тэд өөрийн үнэлгээгээр сургууль дээрээ, орон нутагт тулгамдсан асуудлуудаа илрүүлж гаргаж ирсэн. 30 сургуулийн үнэлгээнд 15 мянга орчим хүн оролцсон. Дараа нь энэ асуудлуудыг өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдгээ мөн сургуулийн баг хамтаараа орон нутагтайгаа хэлэлцсэн. Ингэж асуудлыг шийдэх, өөрчлөх тэдний төлөвлөгөө, шинэ санааг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл дэмжиж жижиг санхүүжилт олгосон. Бидний өгч байгаа хөрөнгө өчүүхэн жижиг хэсэг болохоор бид жижиг төсөл гэж яриад байгаа хэрэг.

Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл нь сум даяараа халуун усны асуудалтай. Энэ нөхцөл байдал дотуур байрны хүүхдүүдийн хувийн ариун цэврээс эхлээд олон асуудалд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм. Тус сумын сургууль энэ асуудлыг гаргаж тавьснаар шийдэх санхүүжилтээ “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс авсан. Үүгээрээ бид асуудлыг шийдэх эхлэлийг тавъя, арга зүй, аргачлалыг өгье, түншлэх гарааг эхлүүлье гэж байгаа юм. Бидний өгсөн багахан мөнгө, тэр арга аргачлал 100 сая, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой. Энэ бол тогтвортой хөгжлийн боловсролын зохих чадварууд. Хүнтэй харилцах, хамтрах, бие дааж үйл ажиллагаа явуулах чадвартай байхад ямар ч асуудлыг эерэгээр, зөвөөр шийдэж чадна гэсэн үг. Хялганат тосгоны эко зуслан дээр чуулган үргэлжилж байгаа нь төлөөлөгчид, оролцогчдод ийм зуслантай болох боломжтой юм байна гэсэн хүч өгч байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)