П.АМГАЛАНБАЯР

 

Өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй техник технологийн дэвшил хүмүүсийн ахуй амьдралд олон өөрчлөлт, шинэчлэлт хийх хөшүүрэг болж байна. Нийгмийн хөгжлийн хамгийн чухал эд эсийн нэг болох боловсрол хувьсан хөгжих асуудал дэлхий нийтээр яригдаж буй. Тиймээс Монгол Улс НҮБ-аас зарласан, есдүгээр  сард болох “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БШУЯ, Боловсролын  судалгааны үндэсний  хүрээлэн, НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан,  НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны  байгуулагын дэмжлэгтэйгээр  үе шаттай өрнөж байна. Уг хэлэлцүүлэг нь  ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн  зорилт дөрвөн үзүүлэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах, бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой аж.


“Хувьсаж буй боловсрол”  хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 16-29-нд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, хүүхэд залуус, “Тогтвортой  хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдаж буй зургаан аймгийн 30 сургуулийн багш, удирдлага,  хэвлэл мэдээлэл,  бизнес эрхлэгч,  иргэний нийгмийн , аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцжээ. Тэд дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт, тэгш хүртээмжтэй, аюулгүй эрүүл сургууль, амьдрал, ажил хөдөлмөр,  тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд, багш, багшлахуй болон багшийн мэргэжил, боловсролын санхүүжилт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлэгт 500 орчим хүн оролцжээ. Харин “Хувьсаж буй боловсрол” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Энэ үеэр  мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

 


Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа: Хичээлийн хоцрогдол нөхөх төлөвлөгөө хэрэгжүүлж байна

-Парист өнгөрсөн сард “Хувьсаж буй боловсрол” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр тухайлсан улсуудад боловсролын шинэчлэлт хийх хэрэгтэй ямар асуудал байна гэхээс илүү боловсролыг хувьсан өөрчилж, цэгцлэхэд юуг анхаарах хэрэгтэйг түлхүү ярьсан. Манай улсын хувьд боловсролын цахим шилжилттэй холбоотой асуултууд дээр түлхүү оролцсон. Ялангуяа, цар тахлын үеийн цахим сургалт, дижитал шилжилтүүдийн талаар танилцуулсан. Бусад улстай харьцуулахад цахим шилжилтийн талаарх туршлага хуримтлуулсан нь тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн гэдгийг ЮНЕСКО-гийн олон улсын үеэр онцолж байсан. Мөн манай улс хичээлийн хоцрогдол нөхөх төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хичээлийн хоцрогдол арилгахын тулд зөвхөн сурах бичиг, гарын авлага нэмж хэвлээд шийдэх зүйл биш. Багш нартаа тасралтгүй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн хүүхдүүд бие даан суралцаж, хоцрогдлоо нөхөх технологи, цахимд суурилсан хувилбарт боломжийг нэмэхээр ажиллаж байна.  Мөн гүйцэтгэлд суурилсан үнэлгээг явууллаа. Энэ нь хэн, хаана ямар байдлаар хичээлийн агуулгаас хоцорч, багшид ямар дэмжлэг хэрэгтэй байгааг гаргасан.  Ялангуяа, ирэх хичээлийн жилд аль түвшинд илүү анхаарч ажиллах шаардлагатайг судалсан. Тиймээс нэгж хүүхэд, багш, сургууль аймаг, сумдад тохирсон ажлаа хэрэгжүүлэх суурь мэдээлэл хангалттай цуглуулж чадсан. Хувьсаж буй боловсрол урт хугацаанд хэрэгжүүлэх алсын хараатай үйл ажиллагаа. Зөвхөн Монгол Улс биш дэлхий даяараа хувьсан өөрчлөх шаардлагатайг цар тахлын нөхцөл байдал, байгаль дэлхий, уур амьсгалын өөрчлөлт харуулж байна. Үүний дараа үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн олон улсын түвшинд санаачлагуудыг дэвшүүлэх уулзалт есдүгээр сарын 19-нд Нью-Йорк хотод болно. Үүнээс гарсан санаачлагууд бүх улсад боловсролын чиглэлээр юу хийх шаардлагатайг тодорхойлно гэсэн үг.

 

 

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Дижитал технологид суурилсан шилжилтийг нэвтрүүлэх хэрэгтэй

-193 орон хэлэлцүүлгийн үеэр гарсан үр дүнгээ танилцуулна. Эндээс бид юуг харахыг хүсэж байна гэвэл Монгол Улс дэлхийд өөрсдийгөө жишиг болгох хэмжээнд  боловсролын салбар дахь шилжилт өөрчлөлтийг  үр дүнтэй хийснээрээ хүүхэд, залуучуудад ялангуяа, ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх юм. XXI зууны  шаардлагад нийцсэн сургалтын системийг боловсруулсны үр дүнд ирээдүйн тогтвортой, хүртээмжтэй боловсролын хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулна. Монгол Улс дэлхийн хэмжээний боловсролд хүрэхийн тулд дижитал технологид суурилсан шилжилтийг нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Улсад давуу талууд байна. Жишээлбэл, Е-mongolia системийг бий болгосон. Цар тахлын үед хүүхэд бүрт хүртээмжтэй боловсролын системийг хүргэх вэ гэдэгт анхаарч ажилласан. Хоёрдугаарт, боловсролын хүртээмж дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа, хөдөө орон нутагт байгаа малчдын болон хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд боловсролыг хэрхэн тэгш хүртээмжтэй хүргэх вэ гэдгийг ярилцах ёстой. Нийгмийн гарал үүсэл, статуст боловсролын үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй бүрдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах. Гуравдугаарт, боловсролын хөтөлбөрөөс хүүхэд, залуучууд оюуны мэдлэг боловсролыг аваад зогсохгүй ирээдүйн амьдралд хэрэгтэй ур чадвар боловсролыг цогц байдлаар хүлээж авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

 

 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Х.Энхжаргал: Төсвийн захиран зарцуулалтыг нээлттэй харуулах хэрэгтэй 

-Хэлэлцүүл­гийн үеэр оролцож байгаа талуудаас таван сэдвийн хүрээнд  тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж байна. Багшийн болон сурагчийн техник технологийн ур чадваруудыг дээшлүүлсэн ажлыг хиймээр байна гэдгийг хэлсэн. Мөн багш нарын ур чадварыг дээшлүүлэхийн тулд заах аргын нэгдлээр дамжуулж багшийг ажлын байранд хөгжүүлэх гэдэг асуудлыг ярьж байна. Түүнчлэн боловсролын санхүүжилттэй холбоотой асуудлаар хэлэлцэхэд дан ганц төсвийн гэхээс илүү төрийн бус хувийн хэвшлийн санхүүжилттэйгээр шийдэх боломжтой гэсэн санал гарсан. Мөн төсвийн захиран зарцуулалтыг  нээлттэй ил тодоор үр дүнг нь тооцдог байхыг хөндөж байна. Суралцагчийн ялгаатай, тэгш хүртээмжтэй байдал, сургалт, орчныг бий болгохыг хүслээ. Хэлэлцүүлгийн үед гарч  буй эерэг зүйл нь оролцож байгаа талууд энэ хийх ёстой гэж бусдыг харах биш, энэ асуудлыг шийдэхийн тулд бидний оролцоо юу байна гэсэн асуулт, гаргалгааг хэлж байсан. Нийт таван хэлэлцүүлгийн хүрээнд давхардсан тоогоор 1000 орчим санал гарсан. Үүнээс багш, багшлахуйн мэргэжилтэй холбоотой санал давамгайлж байсан. Жишээ нь, багшийн хандлага, ур чадвар өөрчлөгдөж байж боловсрол өөрчлөгдөнө гэсэн санал гарсан. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)