Т.САЙХАН

МҮБХ-ны тэргүүлэгчид  хуралдаж зарим бөхөд  цол нөхөн олгох талаар хэлэлцэж, дэмжжээ. Ингэснээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага нь бөхчүүдэд цол нөхөн олгох саналыг Ерөнхийлөгчид танилцуулахаар болж байна.

Монгол бөхийн түүхэнд зарим бөхчүүд тухайн үеийн нийгмийн байдлал, өмнө эрхэлж байсан ажлаасаа шалтгаалан амжилтаа үнэн зөв үнэлүүлж, хүртэх ёстой цолоо хүртэж чадаагүй тохиолдлууд байдаг. Тодруулбал, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1930 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан С.Шагж, хоёр удаа ес даван үзүүрлэж, 1935 онд арав даван түрүүлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат улсын арслан Л.Чимэд, төрийн наадамд хоёр удаа үзүүрлэж, 1933 онд арав даван түрүүлж байсан Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх М.Лхагва зэрэг хэлмэгдсэн бөхчүүдэд Монгол Улсын аварга хэмээх цолыг нөхөн олгох тал дээр бөхийн холбооны шийдвэрээ гаргажээ.

Мөн өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон чансаа өндөр 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Хэрэв Ерөнхийлөгч дээрх саналыг дэмжвэл амжилтаа зүй ёсоор үнэлүүлж чадаагүй олон бөхчүүд цолоо нөхөн хүртэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Эх сурвалж:www.polit.mn