Б.ДАРЬСҮРЭН

Хөгжлийн банкинд энэ оны нэгдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 30-ны хооронд 43 зээлдэгчийн нийт 481.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Эргэн төлөлтийг зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 66.4 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 75.5 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 77.6 тэрбум төгрөг байна. Харин 262.3 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, хаагдсан ангилалд шилжжээ. Үүнээс “Кью Эс Си" ХХК 190 тэрбум 120 сая 985 мянга 745 төгрөгийн зээлээ бүрэн барагдуулсан байна.

Тус компанид “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээлийг олгосон байдаг. Гэвч зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө 2018 оны зургадугаар сараас эхлэн тасалдуулж төлбөрийн зөрчил үүссэн. Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлэн, энэ оны нэгдүгээр сарын 14-нд Улсын дээд шүүхээс "Кью Эс Си" ХХК нь 190 тэрбум 120 сая 985 мянга 745 төгрөгийн төлбөрийг МУХБ-нд төлөхөөр шийдвэрлэсэн.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нь Засгийн газар, АТГ, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд ийнхүү “Кью Эс Си" ХХК нь зээлээ бүрэн төлж, барагдууллаа" гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn