Зураглаач Д.Жигжидийн анхны өндөр даваа

0
хуваалцах
185
үзсэн

Кино зохиолч, судлаач, дэд профессор Дүйнхорын Мягмарсүрэн

Идэр залуу зураглаач Д.Жигжид “сурахын хажуугаар бүтээж, бүтээхийн хажуугаар сурч” явсан боловч “Цогт тайж” хэмээх том бүтээлийн хувьд жирийн нэг сурагчийн үүднээс хандах ёсгүй гэдгээ ягштал ойлгож байлаа. Тэрбээр ямар өндөр давааг давах үүрэг хүлээснээ сайн мэдэж байсан юм.

1944 оны наймдугаар сарын 20-ны өдөр Кино, фотогийн ерөнхий хорооны захиргаанаас 87 тоот тушаал гарч “”Цогт тайж” хэмээх кино зургийг үйлдвэрлэх ажилчдыг томилоход Д.Жигжидийг ерөнхий зураглаачаар ажиллуулахаар болсон нь түүнийг нэг талаар баярлуулж, нөгөө талаар “Энэ бол маш том хариуцлага шүү, заавал биелүүлэх ёстой” гэж бодоход хүргэжээ.

Энэ тухай Д.Жигжид гуай инженер С.Батчулуунд ийнхүү ярьсан байна.

“Би ердийн нэг дархад удмын хүүхэд байсан. Хүмүүсийн ярьдаг шиг ой тайгын царманд асан буйд зэлүүд явж үзээгүй. Харин сургууль түшиж хотод ирээд энэ буянтай айлын хаяа нөмөрт ирсэн нь миний нүдийг нээж, ухаан суулган, холыг харж, юмны учрыг олох хар ухаанд сургасан. Тэгэхээс надад сурсан сургуулийн үнэмлэх, диплом гээд харуулж үзүүлэх юм юу ч байхгүй. Кино гэдэг хүнийг цаг ямагт шаардаж, бодуулж, сандаргаж, уурлуулж, уйлуулж, зовлонд унагаж байж хэрэгтэй бүхнийг олуулж, хийлгээд хариугаа чамгүй өгдөг буянтай урлаг байгаа юм.

Тарич гэдэг сургагчаас анх айдаг, эмээдэг, бараг эгц нүүр өөд нь харж чаддаггүй байлаа. Төдөлгүй энэ айдас алга болж, харин бие биедээ дасаж, санаж бодсон болгоноо итгэж ярьдаг болсон...Мөн А.Лебедев багшийн заасан, бас ч өмнө нь хоёр богино хэмжээний уран сайхны кинонд зураглаачаар ажилласан туршлага нөлөөлсөн болов уу гэж бодохын зэрэгцээ киноны ерөнхий найруулагч Лувсанжамц, Москвад киноны дээд сургуульд зураглаачийн мэргэжлээр суралцаж байсан унаган шахам орос хэлтэй Д.Ганжуурын мэдлэг, уран сайхны удирдагч Ю.Таричтай миний бодол санааг нарийн сайн ойлгуулж, түүний хэлэх гэсэн санааг ч надад ой тойнд ортол хэлж чаддаг авьяас, дуугаа хураасан юм шиг мөртлөө хааяа нэг жинтэй санаа хэлж юм ихээр бодогдуулдаг Б.Дэмбэрэл нарын туслалцааг мартах аргагүй.” \С.Батчулуун, Монгол кино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт, УБ., 2010 он, 105-р тал\

Эндээс харахад Д.Жигжид 1918 онд төрсөн өөрөөсөө нэг ах Монголын анхны кино зураглаач Б.Дэмбэрэл, 1921 онд мэндэлсэн өөрөөс нь хоёр дүү 1942 оноос Зөвлөлтийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд саналаараа гурван жил суралцаж байсан Д.Ганжуур нартай хамтран

“Цогт тайж” киноны зургийг авахдаа тасгийн дарга, ерөнхий зураглаач гэж өөрийгөө дөвийлгөсөнгүй хэм тэгш, эв нэгдэлтэйгээр ажилласан нь тодорхой харагдана.Гэсэн ч гол зургуудыг зөвлөх найруулагч Таричийн удирдлага, өөрийн санаачлага, бодол санааныхаа дагуу чадварлагаар авчээ.

Нэрт эрдэмтэн зохиолч Б.Ринченгийн туурвисан “Цогт тайж” киноны эх зохиол нь түүхийн үнэнийг уран сайхны өндөр түвшинд харуулахын хамт баатруудын дүр төрхийг нүдэнд харагдтал дүрсэлж, тэдний хоорондын зөрчлийг хурц тод үзүүлснээрээ уг киноны уран сайхны түвшинг өргөхөд чухал нөлөө үзүүлжээ.

Найруулагч, зураглаач, гол баатрууд, туслах дүрүүдийн сэтгэл санааны ертөнцийг илэрхийлэхдээ дүрслэлийн хэллэгийг оновчтой ашиглаж, дүрийн мөн чанарыг нээж харуулахдаа ихэд анхаарсан нь ажиглагддаг.

Ялангуяа жүжигчдийн том дүрс \план\-ийг авахдаа гэрэл, сүүдрийн зураглалыг ягштал тааруулснаас жүжигчдийн тоглолтын хувирал бүрийг тодруулж, тухайн дүрийн сэтгэлийн дотоод мөн чанарыг илэрхийлэхэд нь үлэмж дэм үзүүлсэн нь дүрслэлийн уран сайхныг өргөжээ.

Жишээ нь Цогт тайж өөрт нь Улаан малгайтын илгээсэн захидлаас хүүгээ өштөн дайсанд урвасныг мэдэхдээ итгэж ядан эргэцэж, эцэст үнэн сэтгэлт баатраа худал хэлэх хүн биш гэдгийг мэдэх тул эрс шулуунаар шийдэж хүүгээ цаазал гэсэн хатуу зарлиг буулгаж буй маш хурц зөрчилтэй хэсэгт байгалийн гэрлийг баяжуулж зурагласнаар тэрхүү хэсгийн зургийг үнэхээр үнэмшилтэй амьдралтай дүрслэл болгосон нь зураглаачийн уран чадварын тод илэрхийлэл болсон байдаг.

Дүрслэлийн энэ уран чадвар, жүжигчний тоглолтын бишрэм урлал хоршисноор энэ мэт олон гайхамшигтай зураглалууд энэ киноны уран сайхны ололт болжээ.

Оросын нэрт найруулагч В.Пудовкин жүжигчин Ц.Цэгмидийн тоглолт, зураглаачийн ур чадварыг үнэлж “ түүний тоглолтод үнэн сэтгэлийн хөдөлгөөн, жинхэнэ бадрангуй зоригийн байдал их байна” хэмээн бичсэн байдаг. \”Үнэн”, 1947.4.8, №92, 2-р талд\

Энэ кинонд тухайн нийгэм, цаг үеийн байдлыг дүрслэн харуулахдаа нэгж дүрсийн зохиомж, гэрэл, сүүдрийн тохироог сайн бодож шийдсэн нь хэсэг бүрийн утга санааг бүрэн дүүрэн илэрхийлж, уран сайхны төгс дүрслэлийг цогцлоосон байна.

Мөн дүрүүдийн хувцас, орд өргөөний гадна дотор байдал, байгалийн бодит орчны сонголт, баатар тус бүрийн зан төрх, үзэл бодлыг үндэсний жинхэнэ сэтгэлгээгээр бүтээж чадсан нь уг киноны томоохон ололт бөгөөд энэ нь монголчуудын сэтгэл санааг татах асар их эрч хүчийг өгчээ. Энд “Цогт тайж” киноны ерөнхий зураач Л.Гаваа, хувцасны зураач Д.Чойдог, Ү.Ядамсүрэн, жижиг хэрэглэлийн зураач Н.Цүлтэм нарын бүтээлүүд зураглаачдын бүтээлтэй хоршин бие биенээ тэтгэж дэмжсэн цогц бүтээл болсныг хэлэх нь зүйн хэрэг буйзаа.

Энэ киноны нэг амжилт нь ерөнхий зураач Л.Гаваагийн уран чадвартай холбоотой. Тэрээр эл киноны агуулга, түүхэн цаг үе, орчин нөхцлийг дүрслэлийн хэлээр чадварлаг илэрхийлсэнд түүний гавьяа оршино. Түүний загвар зургаар \эскизээр Д.М.\ бүтээсэн олон ордон, үйл явдлын дэвсгэр болсон бүтээлүүд үндэсний хэлбэр агуулсан нь гоц гойд болоод зогсохгүй уг бүтээлд тусгагдсан ХVII зууны үеийн Монголын амьдралыг үнэмшилтэй харуулахад гол нөхцөл суурь болжээ.

Ерөнхий зураач, ерөнхий зураглаач хоёр олон зүйл дээр санал бодлоо нэгтгэн ажилласан нь тэдний уран бүтээл амжилттай болоход нөлөөлсөн байна. Жишээ нь Арслан тайж түвдийн хааны гүнж хэмээгдэх Дулам хүүхэнд хууртаж Далай ламд мөргөхөөр явж буй хэсэгт нэгэн шатаар өгсөж явдаг. Тэр шатны чимэглэл, гэрлийн эрс эрс тэс тусгал, зураглаачийн дагуулал зураг авалт сэлт нэг цогц уран дүрслэл болсон байдаг

Дүрслэлийн энэ сонин зохиомж шийдэл нь Арслан тайжийн царайн дээрээ амар тайван байгаа мэт инээд алдах дүр үзүүлэвч сэтгэл дотроо эргэцэж, хямарч байгааг яв цав тодорхой харуулжээ.

“Цогт тайж” кинонд энэ мэт гайхамшигтай урнаар дүрслэн харуулсан олон зураглал бий.

Цогт тайжийг анд явсан хойгуур цэцэрлэгч өвгөн \Д.Чимид-Осор\, Улаанмалгайт Ж.Лувсанжамц\ хоёр үзэсгэлэн төгс цэцэрлэгт ярилцаж сууна.

Энэ үеийн уянгалаг монгол аялгуу, өвгөний унших шүлгийн мөр, хоршин дуулах дуу, энэ үед дэлбээгээ дэлгэж буй анхилам цэцэг энэ бүхнийг харахад энх амгалан амьдралын гайхамшгийг илтгэнэ.

Зураглаачид энд зөөлөн, тунарсан гэрэл хэрэглэсэн нь уг дүрслэлийг улам уянгалаг болгоно.

Гэтэл зэрэгцээ эвлүүлгээр яг энэ мөчид Цогт тайжийн гал голомтыг устгахаар ирсэн өштөнгүүд тас харанхуйд хашаа даван орж буй дүрслэл саяхны сайхан уянгалаг дүрслэлтэй эсрэгцэн үзэгдэж, тэдгээр харанхуй бүдүүлэг зэрлэг дайснуудыг үзэн ядах сэтгэлийг үзэгчдэд төрүүлнэ.

Дайсан этгээдүүд өвгөний энхрийлэн ургуулсан булбарайхан цэцгүүдийг хайр найргүй гишгэлсээр орж ирэхэд Цэцэрлэгч өвгөн "Та нар юун улс вэ? Цэцгэн дээр минь битгий гишгэ" хэмээн өгүүлэх нь амьдралын хамгийн дээд гоо сайхан болох яруу найраг, дуу хөгжим, цэцэгсээс өөр амьдралд нандигнаж эрхэмлэх юм байхгүй шүү хэмээх санааг илэрхийлж байна.

Энд дайн, энхийн гүзгий санааг дэвшүүлсэн нь харагдана. Энэ бол цаг үеийн тусгал билээ. “Цогт тайж” киног бүтээж байсан тэр үед Гитлерийн герман хүн төрлөхтнийг дайны хар үүлээр нөмрүүлж, олон улс орны гэм зэмгүй үй түмэн хүн ардыг цусан далайд живүүлж байсан билээ.

Монголын тэр үеийн төр, засаг дайны тэр хүнд өдрүүдэд ард түмнээ эх оронч баатарлаг үзэл санаагаар цэнэглэхийн тулд энэхүү гайхамшигт бүтээлийг асар их хөрөнгө зарж бүтээлгэсэн юм.

“Цогт тайж” киног бүтээгчдийг хөхүүлэн шагнасан БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 109-р хурлын тогтоолд “Нийтийн дайсан Герман, Японыг эсэргүүцсэн дайны үед уран сайхны ажилд онцын идэвхи зүтгэлтэйгээр амжилт гаргасныг сайшаан шагнах тухай” гэж заасныг бодоход тэр үед улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах ажил хичнээн чухал байсныг харуулж байна.\ ҮТА, хөмрөг 11, данс 1, х\н 874, 138-р тал\

Уг киноны амжилтын нэг эх сурвалж нь зураглаачдын уран бүтээл билээ. Энэ киноны зургийг авсан ерөнхий зураглаач Д.Жигжид, зураглаач Б.Дэмбэрэл, Д.Ганжуур нар олон янзын цэг \ракурс Д.М.\ хэрэглэсэн нь анхаарал татахын дээр тэр бүхнийгээ тухайн хэсгийн утга санааг тод илэрхийлэх хэрэглүүр болгосон нь тэдний ур чадварыг илтгэнэ. Дороос авсан цэгийг гол баатрын эрэлхэг зориг, эрхэм хүндэтгэлийн билэг тэмдэг болгож

Цогт тайж хадан дээр бичиг сийлүүлж буй, ард түмэнтэйгээ уулзан ярилцаж, нэг хүүд нэр өгч буй, төвдийн цэрэгтэй тулалдаж буй зэрэг олон хэсэгт оновчтой бөгөөд утга төгөлдөр, дүрслэлийн төгс шийдэлтэйгээр хэрэглэжээ.

Дээрээс авсан цэгийг дайсанд урвасан Арслан тайжийн толгойг авч буй үйл явдлыг харуулсан хэсэгт хэрэглэсэн нь уг хэсгийн утга санааг тодруулахад гол түлхүүр болсон байна.

Жагссан их цэргийн өмнө Арслан тайж цор ганцаараа толгойгоо бөхийлгөн сөхөрч суух нь холоос хорхой мэт харагдана.

Чин сэтгэлт дайчин эрсийн сүрлэг дүр төрх тэдний үзэл бодол нэгэн чигтэй, няцашгүй шинжтэй болохыг илтгэж байдаг бол Арслангийн толгойгоо гудайлган сууж буй нь журмын нөхөд, эх орноосоо урвасны гутамшиг, ганцаардлын эмэгнэлийг илэрхийлжээ.

Дүрслэлийн хэллэг, илэрхийлэл ийм гүнзгий утга санаа, нарийн ур хийц, зохиомжоороо уран сайхны нэг нээлт болж байдаг.

Гэтэл одоогийн киноны бүтээлүүдийг харахад компьютерийн хүч чадлыг ашиглан сонин дүрслэл бүхий зураглалуудыг бүтээдэг боловч ихэнх тохиолдолд юу хэлж, юуг ойлгуулах гээд байгаа нь мэдэгдэхгүй хачин этгээд зүйлийг хөөцөлдсөн зураглалаас бүтсэн байдаг.

Энэ нь харахад сонирхолтой болохоос бус хүнд хэрэгтэй юм хэлэх нь ховор болохоор дараа нь амархан мартагддаг.

Киноны төрөл зүйл дотроос зөгнөлт, адал явдал, үлгэр домгийн кинонд компьютерийн өвөрмөц сонин дүрслэлийг бүрэн дүүрэн ашиглаж болохоос бус жирийн драмын кинонд хэрэглэх нь хэрэгцээ шаардлагагүй тохиолдолд зохимжгүй харагддагийг хэлэхээс аргагүй.

Кино урлаг анх буй болж хөгжихдөө техникийн хөгжлийн үр ачаар дэвшиж дээшилсэн бол эдүгээ мөн орчин үеийн техникийн үсрэнгүй хөгжлийн үр шимээр дүрслэл хэллэгийн санаанд оромгүй уран дүрслэлээр баяжиж байна.

Аль ч орны зураглаачид одоо үед улам нарийн, улам сонирхолтой аргаар бүтээсэн бүтээлээрээ гайхуулсаар ирлээ.

Манай өнөө үеийн киноны эрч хүчтэй, авъяас билэгтэй цэл залуу уран бүтээлчдээс зураглаачид нь тэргүүн эгнээнд явсаар байгаа нь техникйн сүүлийн үеийн ололт, гадаад дотоодын мэргэжлийн уран бүтээлчдийн шилдэг арга барилыг богино хугацаанд эзэмшиж, ухаалагаар ажиллаж бүтээж байгаатай нь холбоотой. Үүнийг зориуд өгүүлсний учир нь нэг зуун жилийн өмнө манай “Монгол кино” үйлдвэр тэр цаг үеийнхээ хамгийн шилдэгт нь тооцогддог байсан францын “Дебре”, “Аймо” хэмээх аппаратуудаар зургаа авдаг байсан боловч одоотой харьцуулахад шаардлагатай техникийн хувьд учир дутагдалтай байсан ч түүхийн сэдэвтэй туульсын “Цогт тайж” киноны зургийг уран сайхны өндөр түвшинд авч чадсан нь бахархалтай хэрэг мөн билээ.

”Цогт тайж” киноны тухайд зөвлөлтийн эрдэмтэн судлаачид "Энэ киноны жүжигчдийн уран тоглолт, зураглаачдын чадварлаг зураг авалтын хүчээр тодорхой арга барилын нэгдэлтэй болж, ялангуяа эх оронч үзэл чиглэлээрээ Монголын залуу урлагийн уран бүтээлийн гялалзсан ялалтын нэг болжээ.” хэмээн өндрөөр үнэлжээ. “Очерки истории культуры МНР”, Улан-Удэ, 1971, стр.401\

Эндээс харахад тэдгээр эрдэмтэд манай авьяас билэг нь ундарч цалгисан алтан үеийн жүжигчид, ид залуугаараа нүсэр том бүтээлийг туурвиж явсан Д.Жигжид, Б.Дэмбэрэл, Д.Ганжуур нарын ур чадлыг мэдэрч гялалзсан ялалт байгуулсныг нь бахархан тэмдэглэсэн хэрэг байлаа.

Ийнхүү тэр үед 24 настай байсан Д.Жигжид уран бүтээлийн маш өндөр уулын оройд авъяас билэг, ухаалаг зан, няцаж буцашгүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрийнхөө ач ивээлээр саад бэрхийг туулан мацсаар гарч оросуудын хэлснээр “ялалт” байгуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)