Д.ЦЭРЭННАДМИД

МСХ-ны 1974 оны гишүүн, сэтгүүлч

Монголын Сэтгүүлчдийн байгууллага анх 1951 онд эх суурь нь тавигдсан өдгөө 70 гаруй жилийн түүхтэй юм. Тухайн үеийн Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн Хорооны дэргэд “Сэтгүүлч нарын редакц” байгуулах шийдвэр гаргасныг Монголын Сэтгүүлчдийн байгууллагын төрсөн өдөр гэж үздэг.

Түүнээс хойш 1963 оноос хойш 10 гаруй удаагийн Их хурлаа хийж зорилгоо тодорхойлж ирсэн байдаг. 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийг дагаж Монголын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн эвлэл гэсэн хоёр байгууллага болсон нэг түүх бий. Тэгвэл 2002 онд уг хоёр байгууллага нэгдэж их хурлаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэдэг нэртэй  байгууллага болсон юм. Өнгөрсөн түүхийнхээ хугацаанд Монголын Сэтгүүлчдийн байгууллага маш хүчтэй байгууллага байлаа. Тиймээс ч дөрөв дэхь засаглал гэгдэх болсон биз.

Гэтэл өнөөдөр Монголын Сэтгүүлчдийн байгууллага гэж байдаг л юм гэхээс өөрцгүй болсон шиг. Яагаад чи ийм үг хэлж байна вэ гэвэл миний хувьд 1970-аад оны дунд үеэс төв, хөдөөгийн сонинд сэтгүүлчдийн салбарын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.

Бас 1980-аад оны үед Монголын Сэтгүүлчдийн холбоонд орон нутгийн сонин хариуцсан референт гэдэг албатай явсан юм. Тийм болохоор сэтгүүлчдийн байгууллагын тухайн үеийн үйл ажиллагааг багагүй мэднэ гэдгээ бардам хэлж байгаа хэрэг. Монголын Сэтгүүлчдийн Холбоо тун сайн ажиллаж байсан юм шүү. Намайг МСХ-нд байх үед даргаар Л.Түдэв гуай, нарийн бичгийн даргаар Д.Үржинбадам, Ц.Дашдондов нар ажиллаж байлаа.

Мөн ч шаргуу ажилладагсан. Төв орон нутгийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад өргөн хамруулдаг байлаа. Сонин, сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг зөв чиглүүлэхэд их анхаарна. Сонин, сэтгүүлийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга нарын цугларалт , уулзалт семинар зохион байгуулж чиглэл, зорилгыг тодорхойлдог байлаа.

Мөн орон нутгийн сонинуудын дунд жил бүр уралдаан зарлан дүгнэдэг. Сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаас эхлээд ажилтнуудыг өөр хооронд нь 10-15 хоногийн хугацаатай сэлгэн ажиллуулж туршлага солилцуулдаг нь үр дүнтэй арга байсан даа.

Санхүүжилтийн хувьд гол нь гишүүдийн татвар, дээр нь Олон улсын Сэтгүүлчдийн байгууллагаас ч дэмтэй байв. Бас дотооддоо хонжворт сугалаа гэдэг юмыг МСХ анх санаачилсан байх. Уг сугалааг жил бүр орон даяар явуулна. Сугалаа хариуцсан нарийн бичгийн даргаар туршлагатай сэтгүүлч Ц.Дашдондов ажилладаг, супер хонжвор нь суудлын машин өгдөг байсан юм.

Нэгэн үе сонин сэтгүүл, телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй гишүүнчлэлтэй, төв хөдөөд 30 гаруй салбартай ийм л том байгууллага байлаа шүү дээ.

Тэгвэл өнөөдөр сонин, хэвлэлийн байгууллага сэтгүүлчдийн тоо эрс өссөн хэдий ч Сэтгүүлчдийн байгууллагын ажил их уруудсан гэхээр байгаа юм. 2018 оноос хойш юу болсон бэ? гэвэл шинэ ерөнхийлөгчөөр Э.Мандахбаяр гэдэг нөхөр сонгогдоод шинэ дүрмээ баталж сэтгүүлчдийн байгууллага одоо л өөдлөх нь гэсэн санаа төрүүлсэнсэн. Бараг л 20 давхартай сэтгүүлчдийн ордон барина, сэтгүүлчдээ нийгэмд оройлох  том арми байлгана гэж л өөдрөг бүхнийг амласан байдаг. Гэтэл юу болсон бэ гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгч маань нэр дэвших юм болоод алга болсон. Нэр дэвшсэн л дээ. Даана ч гарч ирж чадаагүй.

Харин халуун зунаар саалиа хаяад гэдгийг үлгэрээр Сэтгүүлчдийн байгууллага эзэнгүйдэж үлдсэн. Уг байгууллага ямар үүрэг зорилготой нь ил тод биш болсон.

Тэгээд сэтгүүлчдийн байгууллагын сураг хэзээ гардаг вэ гэвэл хэн нэгэн сэтгүүлч хариуцлагад татагдах болсон юм уу, сонин хэвлэл, сэтгүүлчтэй холбогдсон ямар нэг асуудал дэгдэх цагт мэдэгдэл гаргах болон хэвлэлийн хурал хийж ил гардаг чимээлэх төдий л байгууллага болсон.               Арай тод гарч ирдэг цаг нь хааяа болдог их хурал нь юм уу даа. Энэ үед л сонин хэвлэлтэй, сэтгүүлчидтэй гэдгээ мэддэг шиг. Төв, орон нутагт байдаг салбаруудынхаа ажлыг удирдаж чадахгүй унтраасан учраас хэд хичнээн гишүүнтэйгээ ч хэлж мэдэхийг байсан байх.

Сүүлийн үеийн сэтгүүлчид МСНЭ-ийн гишүүн эсэхээ ч бас мэдэхгүй талдаа. Үүнийг юугаар нь ингэж хэлж байгаа юм бэ гэвэл Сэтгүүлчдийн их хурал болно гэхээр төлөөлөгчийн “эрэлд хатдаг” болж.

Аль байгууллагад хэдэн гишүүн байв гэдгийг төсөөлдөггүй учир төдөн төлөөлөгч ирүүл гэсэн тоо л гаргадаг. Тэгээд болоогүй ээ.

Их хурлын төлөөлөгч сэтгүүлч нь хоёроос доошгүй жилийн хугацааны татвараа заавал төлсөн байхыг шаардаж байна. Их хурал гэдэг татвар цуглуулах төдий арга хэмжээ юм уу? Хачин л юм. МСНЭ-ийн ажил муу, тогтмолжоогүйн уршиг энэ. За тэгээд Сэтгүүлчдээс та МСНЭ-ийн гишүүний батлахаа үзүүл дээ гэвэл олонх нь хэдий цагийн юм гаргаж ирэх бол. Тиймээс аль нэг хурал далимдуулж татвар авдаг төдий үүрэгтэй мэргэжлийн байгууллагатай баймааргүй байна. Яахав, хойшилж урагшилж байгаад нэг Их хурал хийдэг юм байж. Гол нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулав.

Монголд хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хэрхэн, ямар үүрэг гүйцэтгэв гэдгээ тайлагнах нь л сонин байна. Мөн цаашид уг байгууллага яаж ажиллах бол гэдгийг таашгүй юм. Их хурлаа хийх юм чинь МСНЭ-ийн ерөнхийлөгчөө тодруулж таарна. Өмнөхөө бодоход тэр хүнээс л бүх зүйл шалтгаалах болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)