Б.ОД

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "УИХ-аас олон улсын авто тээврийн Европын хэлэлцээрт нэгдэн орох гэрээг батлах гэж байгаа. Зорилго нь Европын холбооны улсаас Монгол руу ирж байгаа ачаа бараа, тээврийг хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэх, түүгээр дамжин бараа таваарын хангамжийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах ач холбогдолтой гэж үзэж байгаа. Үүнийг батлахтай хамт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орно.Эцэст нь, хууль хэрэгжүүлэгчид, холбогдох албан тушаалтнууд битгий нугалаа, завхрал гаргаарай.

Хууль батлагдсанаар автомашинууд GPS-тэй болно. 40-400 ам.долларын үнэтэй GPS авч тавих хэрэгтэй, өдөрт 18 цаг жолоо барьдаг байсан бол есөн цаг буюу хоёр дахин бага хугацаанд жолооддог болно. Аюулгүй байдал талаасаа зөв байх. Гэхдээ эдийн засгийн хямралд нэрвэгдээд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд, тээвэрчдийн эрх ашигт битгий сөргөөр нөлөөлөөсэй, ашиг орлого нь битгий буураасай. Битгий дарамт шахалт гаргаарай. Журмаа боловсруулахдаа анхаараарай" гэлээ.

Үүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Хэлэлцээрт нэгдэн орсноор машин бүрд тоног төхөөрөмж суурилуулахгүй. 2007, 2010 оноос хойш, ялангуяа Европт үйлдвэрлэгдсэн ачааны машинуудад төхөөрөмж бий. Түүнийг ажиллагаанд оруулж, системд холбох юм. Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн машинуудад нэмж суурилуулах юм.Хэлэлцээрт нэгдэн орсон бол олон улсын шаардлага л тавигдана. Нэг жолооч өдөр найман цаг жолоо барьснаар тээвэр саатахгүй, ээлжийн жолоочтой байна.Мөн энэ төхөөрөмж байхгүйгээс болоод манайхан Орос, Европ руу тээвэр хийж чадахгүй байна. Хил гараад л торгуулдаг. Гаднын орны торгууль өндөр, Монгол мөнгөөр тооцоход 6-9 сая төгрөгөөр торгуулж байна" гэх тайлбарыг өглөө.

Энэ хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эх  сурвалж:www.polit.mn