"Компанийн ил тод байдлыг хариуцлага болгож хэвшүүлэх хэрэгтэй"

0
хуваалцах
543
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон “Говийн бүсийн чуулга уулзалт”-ын талаар “Хил хязгааргүй алхам”ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.

 

-Чуулганы үр дүнг юу гэж харж байна вэ. Хэлэлцсэн чухал асуудал юу байв?

-Зорилго нь тодорхой байсан. Талуудыг нэг танхимд цугларан ярилцаж, ойлголцуулах зорилготой байсан. Үүнийгээ хангасан гэж харж байна. Хоёрдугаарт, иргэдэд компаниудыг харьцуулах боломж олдлоо. Өмнөговь аймгийн том компаниуд оролцсон. Иргэд үүнийг яаж харж байна вэ гэхээр ААН-үүд бүгд муу биш, юу ч чадахгүй биш юм байна. Сайн зүйл хийвэл болох юм байна гэдгийг харсан байх гэж ойлголоо. Малчид, иргэд дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь авууштай. Дундговь аймгийн Луус сумаас гурван иргэн "Ямар мундаг юм бэ. Бид ингэж ярьж сурах хэрэгтэй юм байна” гэж байсан. Ингэхээр Монгол Улсад ардчилал алга болчихоогүй. Ялангуяа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн заалт орох гэж байгаа энэ үед эерэг боломжуудыг олголоо. Дутагдалтай зүйл гэвэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөөг хариуцсан яамд огт ярьсангүй. Хүмүүс ч мэдэхгүй байна. Биологийн төрөл зүйл маш чухал. Энд амьдрах орчин байхгүй. Тээвэр, ложистикийн газрын зургаас харахад төмөр зам явж байхад 12 км зайтай Чойр руу, 10 км зайтай Тахилтхайрхан, Гашуунсухайт руу чиглэсэн зам гээд “нарны цацраг” шиг байна. Үүнийг нэгтгэсэн төрийн бодлого алга. Жишээ нь, “Тахилтхайрхан Транс” ХХК 500 сая ам.доллар гаргаж 470 км зам тавихын хооронд гурван вагон араас нь зүүчихэд болох гээд байна шүү дээ. Тэгээд түрээсээ төлчихөд өөрсөддөө болон экологидоо ч амар. Учир дутагдалтай зүйл их бий.

-Уул уурхай ил тод байх нь орон нутагт ямар нөлөөтэй вэ?

-Ил тод байдлын стандарт гаргах хэрэгтэй. Энэ нь хүний эрхэд ээлтэй эсэхийг дата мэдээллээр хянадаг хөгжлийн шатанд очсон байхад өнөөдөр өчүүхэн зүйлээ ярьсаар байна. Тэгэхээр компанийн ил тод байдлыг хариуцлага болгож, жил бүр тайлан гаргаж хэвшүүлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд бизнесээ хариуцлагатай, тогтвортой авч явъя гэвэл өөрсдөө санаачилга гаргаж, иргэд рүү чиглэсэн ажлыг хийх шаардлагатай. Ил тод байх нь компанид ямар ач холбогдолтой вэ гэхээр хөрөнгө оруулалт татаж, бизнесийн сайн түүх бүтээнэ. Авлига, хандиваас ангид байна. Байгаль орчинд нөхөн сэргээлт, нүүлгэн шилжүүлэлтэд мөнгө зарцуулахгүй мөртлөө хандив авах нь буруу. Хандивыг хэн ямар эх үүсвэрээс өгч буй нь тодорхой байх ёстой. Хандивыг татварын өмнөх зардлаас гаргавал татвар багасна. Татварын дараах ашгаас гаргавал жинхэнэ нийгмийн хариуцлага болно. Жишээлбэл, Оюу толгой компани таван сая ам.доллар уул уурхайд өгч байна. Энэ нь Монголын талын 34 хувийн өр болж байна уу, компанийн эцсийн ашгаас өгч байгаа эсэхийг ойлгох хэрэгтэй.

-Монгол Улсад ялангуяа говийн бүсэд хариуцлагатай уул уурхай хөгжиж байна уу?

-Малчид малаа тайван маллаж, нүүдлийн өв соёлоо хадгалахыг эрмэлзэж байна. Уурхайн компаниуд, харьяа яамдаас аюулгүй амьдрах орчин, хүний эрхийг л шаардаж байна. Хүүхдийн сургалтын төлбөр ч гэдэг юм уу, хөрөнгө мөнгө нэхсэнгүй. Орон нутгийн удирдлагууд зөв менежмент гаргаж, төсвийг зөв зарцуулмаар байна. Өмнөговь аймаг мөнгийг яаж үрэх вэ гэж ярьж байна. Зарим аймаг төсвөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг. Иргэд орон нутаг, улсын төсөвт хяналт тавих боломжийг нээх нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)