Булган аймаг 2022 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарласантай холбогдуулан уншигч танд даяар олонд алдартай Дашинчилэн сумыг зорин ирвэл юуг үзэж нүдээ баясган, сэтгэлээ сэргээж болохыг товчхон өгүүлэхийн ялдамд аяны тань хөтөч, алсын тань дуудлага болохыг хүссэн билээ.

Манай нутгаар ирвэл та Монголын түүхэнд тэмдэглэгдсэн: Тэмүжин найман шарга морио хулгайд алдаад мөрдөн ирж, Наху баяны хүү Боорчтой тааралдаж, эрийн ёсоор нөхөрлөл нь эхэлсэн түүхэн дурсгалт газар орон Лах уулсаас эхлээд, орой нь цоорхой, тахилгат уул, төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал ахайтны унасан газар Өрхтэй, Хуучин түшээт хан аймгийн үйзэн гүн Түдэвдоржийн хошуу,  Манжийн хааны тэнгэрийн тэтгэсний дөчин дөрөвдүгээр он буюу 1779 онд засаг улсад туслагч гүн Цэрэндоржийн үед байгуулсан “Түдэв гүний хүрээ” түүний туурь 12 байгууламжийн үлдэц өдгөө өвөрт нь байдаг ариун авшигт газар Найтаг уул, Борогчин Цахирын элстэй Хараат баян хайрхан, Доргонтын нурууны байгалийн үзэсгэлэнг харж бахдан хийморь юугаа сэргээхээс гадна Хятаны үеийн хот суурингийн үлдэц “Хатан хот”(Чжень Чжоу) буюу Чин толгойн балгасыг үзээд, тэндээсээ зүүн тийш явж “Талын улаан балгасыг”, баруун зүгт зорчиж Хадаасан толгойн Харбухын балгасыг үзэж, түүх дурсгалын өлгий нутгийг биширч, монгол хүмүүн болж төрсөндөө омогших болно.

ТӨРЖ ӨССӨН НУТГИЙН МИНЬ БАС НЭГЭН ГАЙХАМШИГ VII ЗУУНЫ БИЧГИЙН ДУРСГАЛ “ХАНГИДАЙ ХАДНЫ БИЧЭЭС”-ИЙГ ҮЗЭЖ ОЮУНЫ ЦЭНГЭЛ ЭДЛЭЭРЭЙ...

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун өмнө зүгт 27 км зайд буй "Хангидай" хэмээх хадан хошууны баруун мөр дээр Т.Чойжоо гуайнх, манайх хоёр айлсаж буусан тэртээ жилүүд ард үлдэн, он цагийн уртад дурсамж болон хоцорчээ. Манайх Б.Дамдинсүрэн, Д.Бадарч, Б.Гончиг, Ц.Очиржав, Р.Цэрэндүг, Саяннямбуу, Р.Цийпэл, Хасбазар  гээд л нутгийн сайхан айлуудтай саахалт байж, хүүхдүүд бид шинэ хонь гаргахад гэдэс хүргэхээс эхлээд аав ээжийн захиас хэлийг дамжуулах, хаягдсан гээгдсэн хонь, хазгар доголонг хүргэх, саах нийлүүлэх гэх мэтээр л хот айлуудын дунд гүйлдэж, бужигнаж өссөн.

Миний аав Тэрбиш "Туяа" нэгдлийн суурь хонь малладаг, аймаг сумын аварга малчин, тарга хүчний аварга, малчин хүн байсан бөгөөд анхны “Ардын аж ахуйтан” байв. Аавын минь хөдөлмөрийг үнэлэн тэртээ 1978 онд Москва хот руу аялуулахын зэрэгцээ манайд найрамдал, шефийн харилцаатай Орос, Германы төлөөлөгчид айлчлан ирж, малчны амьдрал, ажил үйлстэй танилцаж байв. Аймгийн дарга нараас гадна, сум нэгдэлийн дарга Д.Батмөнх, сумын намын үүрийн дарга Р.Баясгалан тэргүүтэй олон арван хүн дагалдан ирж орон нутгийнхаа алдарыг өргөлцсөнд талархаж, БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг гардуулж өгөөд явж байсан билээ. Тухайн цагтаа аав минь депутат, МАХН гишүүн, мал маллах арга туршлагаа бусдад түгээж, үлгэрлэж байсан бөгөөд, бидний хүүхэд нас малчин аавынхаа хөдөлмөр, түүний үр шимийн дунд бахархал дүүрэн өнгөрсөн.

Бид зуны амралтаараа аав ээждээ хонь хариулж, ямаа сааж тус болно. Хангидай могой ихтэй учир бид өдөртөө хар эрээн, бас алчуур зангидчихсан юм шиг шар эрээн, эвэртэй юм шиг гялалзсан хар, олс шиг бүр эрчилсэн дээс шиг гэх мэт өвөрмөц сонин могойнуудтай хонины бэлчээрт тааралддагсан. Бүр хосоороо Савангийн голоос ус уусан бололтой мөлхөж явдагсан. Хангидай хад их нөмөртэй. Зуны хүйтэн бороонд хонь осгох гэвэл нөмөрт нь хашина. Хонио тогтоочихоод хаданд "Айл гэр" болж тоглоно. Шаталсан юм шиг өвөрмөц тогтоцыг дагаж нуугдаж тоглодог байлаа. Хадны сүг зураг, элдэв дүрсийг харж бас гайхна. Хүүхэд ахуйдаа учрыг үл олсон ч сэтгэлд тод үлдсэн Хангидайнхаа бичээсийг үзэхээр 30 гаруй жилийн дараа ирлээ. Яг ар шил дээр нь нэгэн сүрлэг овоо нэмэгджээ. Өвөр нөмөрт нь айлын хаваржаа буй болж хадан дахь бичгийн дурсгал, өтөг бууцан дунд оржээ. Гэвч хуучин янзаараа тодоос тод угтлаа.

...Хангидай хад, хадан дахь түрэг бичгийн дурсгалын тухай эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг хойч үеийнхэндээ ухуулан таниулж, нутгийн үл хөдлөх нандин дурсгалаар бахархан олны хүртээл болгохын зэрэгцээ, хайрлан хамгаалах сэтгэлээр энэхүү тэмдэглэлийг бичиж байна. "Хангидай" хэмээх хадан хошууны баруун өмнө нүүрэн талын ханалсан хадны нөмөрт буй нийт дөрвөн мөрөөс бүрдэх, түүх соёл, түрэг хэлний бичгийн дурсгалын тухай товч өгүүлье. 1-р мөрийн урт 12 см, гурван үсэг зурлагатай, 2-р мөр нь 16 см урт ба 20 үсэг зурлагатай, 3-р мөр нь 11 см урт, 9 үсэг зурлагатай, 4-р мөр нь 11см урт 11 үсэг зурлагатай байх аж. Академич Б. Ринчен анх уг бичээсийг нийтлүүлсний дараа эрдэмтэн судлаач Б. Базылхан нягтлан үзэж "Захирагч эр, эрхэм нөхөд ард олон, ач дүү нар минь хэрэн хэсэж аялаарай. Түг түмэн ач үрээ тэнгэр ивээнэ.Эзэнд чинь Айшик нэртэй ард түмэн-нэвтрэн давах хаалга" гэж тайлан уншжээ.

Түүнээс хойш Эрдэмтэн М.Шинэхүү " Баз хан түүний хөвгүүн тэнгэр Учмиш ивээнэ, захирагч тэнгэрлэг эр би бичив. Эцэг минь ядуу ч атугай, эрүүл эсэн бөлгөө" хэмээн тайлан уншжээ. Эрдэмтдийн тайлал зөрүүтэй ч тэр нь зөв, энэ нь буруу хэмээн дүгнэх арга үгүй юм. Бичээсийн доторх Баз хан нь 693 онд Туул голын сав газар, Уйгурын есөн Огузын зургаан мянган цэрэг эрсийг комондалсан Тонькуктэй байлдаж байгаад нас нөгчсөн Баз хантай холбоотой эсэх нь нэн сонирхол татна. Холбоотой гэж үзвэл уг бичээс YII зууны эцэс үед холбогдож байна...Энэхүү дурсамж дахь баримтыг Л.Болд (1990) "БНМАУ ын нутаг дахь хадны бичээс" (Түрэг бичгийн дурсгал), редактор Д. Цэвээндорж, Улаанбаатар, 121-123 талаас Т.Шижиртуяа миний бие товчлон бичив.

 

ЧИН ТОЛГОЙН БАЛГАС

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан улс аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтаар "Улсын хамгаалалтад авсан" Чин толгойн балгасыг үзэж, нандин дурсамжаа мөнхлөөрэй. Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 16 километрт “Чин хайрхан” хэмээн дээдэлдэг жижиг толгойн өвөрт эртний хотын туурь буй нь Чин толгойн балгас юм. Энэхүү түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь харуулын цонж, хэрмийн туурь, хэрмийн гадна оршин сууж байсан иргэдийн гэрийн буурь зэргээс бүрддэг. Хэрмийн баруун хойно байх харуулын цонжийг боржин болон хар саарал цахиурлаг чулуугаар босгосон байх бөгөөд одоогийн байгаа өндөр нь 10 метр юм. Энэ өндөрлөгөөс зүг бүрд 20-30 километр газрыг харж болох ажээ. Уг балгасаас хэд хэдэн дээврийн ваар олдсон нь Кидан бичигтэй байсан бөгөөд судлаачид Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл болохыг тогтоожээ.

 

ЗУРАГ 2. ЧИН ТОЛГОЙН БАЛГАС

ХАР БУХЫН БАЛГАС

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XYII зууны үед хэрэмний туурь дотор Монголчууд чулуун хийдийг барьжээ. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай ажээ. Одоо энд хоёр давхар ордны хана суваргаас үлджээ. Энэ балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XV-XIV зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Тэдгээр үйсэн номнуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ. Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.

ЗУРАГ 3. ХАР БУХЫН БАЛГАС

 

Эрхэм хүмүүн та түүх дурсгалын өлгий Дашинчилэн сумын тухай мэдлэгээ улсын эх түүхтэй холбон оюуны сангаа арвижуулаарай. Аяны хүн таныг манай нутагт ирэхийг тал бичээч Да. Жаргалсайханы яруу дуу, уянгат шүлгээр хурайлан дуудья.

 

Хатан тунгалаг сэтгэлээр манайд айлчилна уу?

Хаан монгол ёсоор дээшээ морилно уу?

Манай нутгийн айргийг дуутай тогтооно уу?

Мандах нарны ерөөлийг хуртай өргөнө үү?

 

Т. Шижиртуяа

Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул иргэн

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)