Б.Мандуул: Гадаадын компаниас хамааралгүй болох нь аюулгүй байдалд чухал

0
хуваалцах
583
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

 

Үүрэн холбооны шинэ оператор ONDO 6001****- 6010**** хүртэлх нийт 100000 дугаарыг худалдаанд гаргах гэж байна. Энэ талаар ONDO брэндийн маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Б.Мандуултай ярилцлаа.

 

-Шинэ дугаарууд зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Дугааруудын хувьд хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн  болсон уу?

-Дугаарын үйлчилгээг өчигдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй, тэгш, хүссэн дугаараа сонгох боломжтой болголоо. Дугаарыг сонгож авахад олон хүний сонголт нэг дугаар дээр давхацвал түүнийг үнэ хаялцаж, худалдаж авах шийдлийг гаргаж ирсэн. Түүнээс бусдаар олон нийтэд хүртээмжтэйгээр тэгш хүргэнэ. Манай 6001, 6002 гэсэн серийн дугаартай 20000 дугаар зах зээл дээр нэвтэрлээ. Өдөрт 20 мянгаар нэмж энэ долоо хоногт багтаад 100 мянган дугаарыг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. 

-Танай дугаарыг эзэмшихийн тулд ямар төрлийн утас ашигладаг байх шаардлагатай вэ. Утасны төрөл заасан уу?

-Манай дугаарыг ашиглахын тулд 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн утаснуудыг ашиглах хэрэгтэй юм. Түүнээс биш заавал IPhone, Samsung гэхгүй. Учир нь 2017 оноос хойш гарсан утаснууд ихэвчлэн VoLTE-г дэмждэг. Энэ нь сүлжээний тусгай шийдэл юм. Энэ спандартыг идэвхжүүлсэнээр манай сүлжээнд дуудлага хийх мессеж бичих боломжтой болно гэсэн үг. Харин дээрх оноос өмнө үйлдвэрлэгдсэн утастай бол манай үйлчилгээг ашиглах боломжгүй. Манай компанийн гаргаж байгаа дугаар нь харилцаа холбооны сүүлийн үеийн технологи учраас VoLTE-г хүмүүс ашиглах боломжтой.

-Бусад үүрэн холбооны сүлжээнээс юугаараа давуу талтай байх бол?

-Хамгийн өндөр хурдны интернэтийг санал болгож байгаа. Үүгээр ч зогсохгүй хүн хоорондын дуудлагын үйлчилгээг хурдан хугацаанд холбогддог байдлаар гаргасан. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, гадны кампаниудаас хамаарал багатай, өөрсдийн технологиор хийсэн нь хэрэглэгч хоорондын харилцаа холбооны шийдлийг аюулгүй, өндөр түвшинд гүйцэтгэх юм.

-Технологио гадаадын компаниас хамааралгүй өөрсдөө бүтээж байгаа гэлээ.  Ямар дэвшилтэт технологийг ашиглаж байна вэ?

-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулсан үндсэн оператор компаниуд, гадаадын компаниудаас хамааралтай байсан. Энэ нь юуг илэрхийлээд байна гэвэл үндсэн антен, төхөөрөмж хоорондын холболтоо бүрэн гүйцэд компаниудаас худалдаж аваад түүн дээрээ өртөг нэмээд зах зээл дээр гаргадаг. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлаасаа, харилцаа холбооны хөгжлөөсөө хоцорч байсан гэсэн үг. Бидний хувьд хэдий төхөөрөмж хоорондын холболтыг худалдаж авч байгаа ч бусад зүйлсийг өөрсдөө бүтээж бий болгосноор энэ зардлыг 40 хувиар бууруулах боломжтой болсон. Мөн гадаадын компаниас хамааралгүй болсон нь аюулгүй байдалд чухал. Эдгээр зүйлс нь энгийн боловч олон хүний оролцоо, судалгаа шинжилгээний ажил байдаг. Үүнийг бид зах зээл дээрээ нэвтрүүлж байгаа анхны технологийн компани болж байна. Үүгээрээ ч бусад үүрэн холбооны операторуудаас ялгарч байна. Хэдий гадаадын орноос ашиглагдаж болох зүйлсээ худалдаж аваад хийж болох ч цаашид салбарын хөгжилд сайнаар нөлөөлөх зүйл биш. Учир нь өөрсдөө бүтээгээд үүнийгээ зах зээл дээр гаргаад баталчихвал олон улсын түвшинд, хөгжиж байгаа улсууд руу энэ шийдлээр борлуулагдах, гаднаас импорт авах бүрэн боломжтой технологийн шийдэл юм. Тиймээс харилцаа холбооны салбарт шинэ стандартаар технологио хөгжүүлж байна.

-Утсанд ашиглагдах дата дуусахгүй гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Үүрэн холбооны салбарууд датагаа хоногийн хязгаарлалт тавьж өгсөн байдаг. Хэрэглэгчийн авсан дата тодорхой хугацааны дараа хэрэглэж амжаагүй байхад устдаг. Үүнийг бидний зүгээс хэрэглэгч өөрөө датагаа хэзээ дуусахаа шийддэг болгосон. Энэ тохиргоог хийснээр хоорондоо датагаа хүртэл шилжүүлж болдог болно. Танд байгаа 10GB датаг гэр бүлдээ шилжүүлээд тодорхой өдөрт баригдахгүйгээр хэрэглэх боломжтой уян хатан нөхцөлийг бий болгосон нь давуу талтай юм. Үүнийг нь мөн дотооддоо бүтээгээд явж байна.

-Улаанбаатар хот бүхэлдээ энэ сүлжээг ашиглах боломжтой гэж зарласан. Гэсэн хэдий ч байршил асуугаад сүлжээ ороогүй газрууд байсан. Хамрах хүрээ хэдэн хувьтай явж байгаа юэ?

-Улаанбаатар хотын 95 хувь нь хамрагдсан. Тэрэлж болон шинэ нисэх онгоцны буудалд сүлжээ ороогүй байгаа. Өмнө сүлжээгүй байсан газруудад одоо бол сүлжээтэй болсон. Хэрэв сүлжээгүй байвал хамрах хүрээг манай вэб хуудас руу ороод харж болно. Үүнээс гадна хөдөө орон нутгуудад 2023 он гэхэд сүлжээ оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Сим картны хувьд e-sim байдлаар гарч байгаа гэсэн. Бусад утсанд хийдэг ялтсан сим гарах уу?

-Ялтсан буюу бит сим карт маань худалдаанд гарсан. Худалдааны салбаруудаар зарагдаж эхэлсэн. Тухайн иргэн хүсвэл аль ч төрлөөр аваад хэрэглэх боломжтой. Мөн хэрэглэгч хүсвэл хоёр сим оролттой утсандаа нэг симээ аваад датагаа бүрэн гүйцэд ашиглаад нөгөө симээрээ өөр үүрэн холбооны дугаар хийгээд яриад явж болно.

-Тэгэхээр бусад үүрэн холбоо руу ярьж болохгүй гэсэн үг үү?

-Одоогоор бусад операторуудтай харилцан холболт хийгдээгүй учир зөвхөн сүлжээндээ ярьж байгаа юм. Харилцан холболт хийгдэх хугацаа тодорхойгүй байгаа ч гэрээний ажлуудыг эхлүүлж Монголын цахилгаан холбоо компани, Монголын төмөр зам, төрийн холбоо, бусад үүрэн холбооны компаниудтай гэрээний түвшинд ажлуудаа хийгээд явж байна. Харин өөрийн сүлжээндээ хязгааргүйгээр үнэгүй ярьж, мессеж бичдэг  сар болгон 10GB датаг хэрэглэж болдог болгосон. Үүнээс гадна зуны урамшуулал болох 15 мянган төгрөгөөр 100GB датаг хоногийн хязгааргүйгээр худалдаж аваад ашиглаж болох шийдлүүдийг хийж өгсөн.

-2023 онд 5G сүлжээ Монголд нэвтэрнэ гэж байгаа. 5G сүлжжэ гэдэг бол өөрөө маш хурдны тэсрэлт. Гэтэл танай байгууллага бусад үүрэн холбооноос хурдтай хэдий ч тэд үүнийг нэвтрүүлсэнээрээ ялгаагүй түвшинд хүрнэ. Энэ үед юугаараа илүү байх юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар бодлогын баримт бичигтээ 2023 он гэхэд 5G-гийн хуваарилалтыг хийж хэрэглээнд нэвтрүүлнэ гэж тусгасан байдаг. 2023 оноос эхлээд бүгд 5G-гийн зах зээл рүү ижил гараанаас гарна. Энэ сүлжээ Монголд орж ирсэнээр юмсын интернэт бий болно. Ингэснээр хүн хоорондын харилцааны асуудал бүрэн гүйцэгдэж машин хоорондын холболтын эрэн үе рүү орж хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, интернэт дээр тулгуурласан ухаалаг шийдлүүд бий болно. Өндөр хурдны интернэт дээр том өөрчлөлт гарахгүй ч гэсэн машин хоорондын холболт дээр хэн үйлдвэрлэдэг гэх асуудал гарна. Түүнийг хэн бүтээж байгааг зах зээл мэдэж түүнийг ашиглаж хэн юу хийж чадах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Харин манай компанийн хувьд түүнийг гаргадаг учраас юмсын интернэт дээр холбогдох эцсийн хэрэглэгчэд түүнийг өгөх алхмыг түрүүлж хийсэн нэгэн нь байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)