Б.НЯМСҮРЭН

 

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тэд Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлт түүн дотроо хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрвөн зүйлд иргэдийн санал бодлыг сонсож, санал  солилцов.  Энэ үеэр иргэд Үндсэн хуулийн 6.2 буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг өөрчлөхгүй хэвээр нь байлгахыг хүслээ.  Ингээд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: ҮНДСЭН ХУУЛИАС НЬ ТУХАЙН УЛС, ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ, ХЭВ МАЯГ ТОДОРЧ БАЙДАГ

-Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ мөн. Энэ ч утгаараа төрийн эрх мэдлийн төвлөрлийг задалж, эрх мэдлийн харилцан хяналтыг бий болгох замаар хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн гол арга хэрэгсэл болдог. Дэлхийн улс орнуудаас орчин цагийн бичмэл Үндсэн хуульгүй цөөн улс бий. Үндсэн хууль нь улс орнуудын “хэн бэ” гэдгийг нарийн тодорхойлдог баримт бичиг болдог. Учир нь улс бүрийн Үндсэн хуулиас тухайн улс, үндэсний хэв шинж, улс төр, нийгэм, соёл, сэтгэлгээний бүхий л онцлог тодрон илэрдэг. Тухайлбал, Израилийн Үндсэн хууль бичмэл бус үндсэн хуулийн төрөлд багтах бөгөөд 12 төрлийн суурь хууль (Bagis Law)-аас бүрдсэн байдаг бол Английн бичмэл бус Үндсэн хуулийг мэдэхгүй хүн үгүй биз.

 

УИХ-ын гишүүн П.Анужин: ТӨРИЙН СҮЛДНИЙ АЛДААГ ЗАЛРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн цоо шинэ байгуулалд шилжин орсонтой холбогдуулан 1992 онд Төрийн сүлдийг шинэчилсэн нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна. Тухайн үед Төрийн сүлд бүтээх уралдаан зарласан ч бүтээл ирээгүй тул Ардын Их Хурлаас өөрснөө захиалсан хоёр сүлд бүтээлгэж, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач, яруу найрагч Ц.Ойдовын бүтээсэн эх загварыг сонгосон юм. Ингэхдээ ,шаардлагатай мэргэжилтнүүдийн санал, оролцоог сайтар хангаж чадаагүй. Түүхчдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, дундуураа тасархай биетэй морь, модон морь, мөн жаргаж буй нарыг чиглэн давхиж буй гэх мэт. Тиймээс өнөөдрийн Төрийн сүлд нийт ард түмний хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгааг залруулах шаардлагатай тул шинэ төсөл үүсгэж ард иргэдийн санал авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ

- Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь одоо яригдаж буй  Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Үндсэн хуулийг цаашид удаан хугацаанд тогтвортой байлгах,  дагаж мөрдөх боломжийг бий болгоход иргэдийн саналын авч байгаа юм. Анх Үндсэн хууль 1924 онд батлагдсан.  Монгол Улс 2000, 2019 онд Үндсэн хуульд хоёр удаа    өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэний эрхийг дээдлэх хэрэгтэй. Улс төрийн намын төлөвшил хариуцлагыг дээшлүүлэх, сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлнэ..

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)