Дээд шүүх: "Чингис хаан" банк ЭМДЕГ-т 27.8 тэрбумыг төлөх шийдвэрийг хэвээр үлдээв

0
хуваалцах
164
үзсэн

Т.САЙХАН

Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй “Чингис хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” нь хариуцагч “Чингис хаан банк” ХХК-аас хадгаламжийн гэрээний үүрэгт 27.861.161.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Тус хэрэгт төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Чингис хаан банк” ХХК-аас 27.861.161.753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байв.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж:www.polit.mn