Б.ДОЛЖИНЖАВ

Чанартай боловсролыг эзэмшихийн тулд тухайн орчинд нь суралцах буюу зөвхөн гадаадыг л зорьдог цаг үеэ хэдийнэ алсарчээ. Эх орондоо тэр дундаа өөрийн сумандаа Австралийн боловсролыг эзэмшиж байна гэвэл та итгэх үү. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 18 нас хүрсэн иргэн сумынхаа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаад Австрали улсын MEM2015 хөтөлбөрийн мэргэжлийн ур чадварын гэрчилгээ-II, Монгол Улсын мэргэжлийн үнэмлэх түвшин-III гэсэн хос гэрчилгээтэй төгсөж байна. Тэд гагнуурчин, үйлдвэрийн цахилгаанчин, уурхайн механик гэсэн гурван мэргэжлээс сонгон есөн сарын турш үнэ төлбөргүй суралцдаг. Ингэхдээ танхимын сургалт 30 хувь, ур чадвар олгох дадлага сургалт 70 хувь гэсэн системтэйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж төгсөж байгаагаараа онцлогтой.

Есөн сар суралцахдаа дэлхийд алдартай Оюу толгой компанийн ажилчдадаа тавьдаг шаардлага, аюулгүй ажиллагааны журмаас суралцдаг. Мөн хандлага, хувь хүний хөгжлийн тухайд Оюу толгойн ажилчны шаардлагад нийцүүлэн суралцдаг гэхээр тус МСҮТ-ийн төгсөгчдийн харилцаа, мэдлэг, боловсрол болоод аюулгүй ажиллагааны чадвар ямар байх нь ойлгомжтой.

Таван жилийн хугацаанд 300 орчим хүн төгссөнөөс ажил эрхлэлт 80 хувьтай байдаг аж. Энэ талаар тус төвийн захирал Д.Энхжаргал “Манайх Австралийн мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Олон улсын стандартаар мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх газар Монголд өөр байхгүй. МСҮТ-дөө нэг жил боловсрол эзэмшээд Оюу толгойн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагддаг. Тэгэхээр нэг хүн 2.5 жил сурдаг хөтөлбөр юм. Суралцаж байх хугацаандаа ихэнх нь ажлын байраа олдог. Тиймээс сумын хоёр сургуулийн төгсөх ангийнханд энэ хөтөлбөрийг санал болгодог. Төгсөхдөө мэргэжлийн үнэмлэхтэй дараагийн шийдвэрээ гаргачихсан байдаг. Тиймээс энэ хөтөлбөрийг ахлах ангийн сурагчид  их сонирхож байна” гэсэн юм.

Ийн уул уурхайн салбарт татагдаж, гүнд нь орж ажиллахаар шийдэн тус төвд суралцаж байгаа хоёр эмэгтэйг бид энэ удаагийн “Break gender stereotypes” буюу “Жендэрийн хэвшмэл ойлголтыг халъя” буландаа онцоллоо. “Зууны мэдээ” сонин “Мэдрэмтэй мэдээлье” хөтөлбөрт шалгаран жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэхээр ажиллаж байна. Мэргэжил сонголтод хүйс огт хамааралгүй билээ.

 

Г.Мөнхдэлгэр:Өмнөговьд уурхайчин хамгийн эрэлттэй мэргэжил

Хоол зүйч мэргэжилтэй Г.Мөнхдэлгэр гэр бүлийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдардаг. Өмнө нь Оюу толгой компанийн гал тогоонд ажилладаг байсан учир уурхайд ямар жишиг дүрэм  үйлчилдэг болоод хэрхэн ажилладгийг зах зухаас  нь мэддэг. Тиймээс мэргэжлээ дээшлүүлэхээр шийдэн сумынхаа МСҮТ-ийн ерөнхий механикийн ангийг сонгон суралцжээ. Өмнөговь бол уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай учир уурхайчин хамгийн эрэлттэй мэргэжил байдаг юм.

Энэ талаар Г.Мөнхдэлгэр “Энэ сургуулийг төгссөнөөр уурхайчнаар ажиллах үүд хаалгаа нээлээ. Сумандаа Австралийн боловсролыг олгож байгаа цор ганц байгууллага нь манайх. Монголын говьд маш сайн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэж байгаа сургууль юм. Саяхан 200 ажлын байр зарласан тухай зар харсан. Түүнд өргөдлөө өгөөд мэргэжлээрээ ажиллаж эхэлнэ. Манай төвийн багш нар маш чадварлаг. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуухад их нээлттэй. Дан ганц онол ордоггүй. Онолоо бататгах дадлага ажил  ордог нь их өгөөжтэй байдаг. Би техник технологийн ямар ч мэдлэггүй атлаа механикч мэргэжлийг сонгосон ч есөн сарын хугацаанд хангалттай хэмжээний ур чадварыг эзэмшсэн. Хувь хүн болоод мэргэжлийн хувьд их дэвшлээ. Залуу хүн өөрөө хүсэл эрмэлзэлтэй байвал  хөгжих боломж нь дүүрэн байна. Цахим орчин, интернэт хөгжсөн учир сумандаа хэл сурах боломжтой. Удахгүй гадаадад суралцахаар төлөвлөж байна” гэсэн юм.

 

Б.Чулуунцэцэг: Гурван мэргэжлийг зэрэг эзэмшлээ

Будын Чулуунцэцэг хэмээх энэ эмэгтэй 34 настай. Оюу толгой компанийн кофешопд ажилладаг байсан тэрбээр уул уурхайн талбарт ажиллаж өөрийгөө сорихоор шийдэн цахилгаанчин мэргэжлээр Ханбогд сумынхаа МСҮТ-д суралцжээ. Үндсэн мэргэжлийнхээ хажуугаар тэр механик, гагнуурын чиглэлээр анхан шатны мэдлэг авч, ийн гурван мэргэжлийг зэрэг эзэмшжээ.

Энэ тухайгаа Б.Чулуунцэцэг “Хэдэн жилийн өмнөөс цахилгаанчнаар суралцахаар төлөвлөөд сонирхлынхоо дагуу суралцаж төгслөө. “Оюу толгой” уурхайд яаж ажиллах, ажилдаа хандах хандлага, аюулгүй ажиллагаа гэсэн олон зүйл сурсан. Сайн сургалттай учир олон хүн суралцаад мэргэжилтэй болоод төгсөөсэй гэж хүсч байна. Одоо дараагийн түвшиндээ суралцахаар төлөвлөж байна. Цахилгаанчнаараа Оюу толгойд ажиллана гэж бодож байгаа.Сумандаа сэтгэл хангалуун сайхан амьдарч байна” гэв.

Хүн өөрөө хичээл зүтгэлтэй, аливаа зүйлийг сурж мэдье гэсэн халуун сэтгэлтэй байвал юуг ч, хаанаас ч сурах боломжтой нээлттэй нийгэмд бид амьдарч байна. Үүний сацуу мэргэжил сонгоход хүйс бус гагцхүү тухайн хүний хүсэл сонирхол, ажилдаа дурлах нь хамгийн чухал гэдгийг энэ нийтлэлээрээ ойлгуулахыг зорилоо. Уурхайчин зөвхөн эрэгтэй хүнд, бага ангийн багш зөвхөн эмэгтэй хүнд тохирох мэргэжил биш билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (6855)