Б.НЯМСҮРЭН

Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд улс орны амьдралыг хэвийн байдалд нь оруулахын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг нэн яаралтай огцруулахыг Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс шаардаж байгаа юм. Учир нь Үндсэн хууль зөрчсөн, хүний амьд явах эрхэд шууд халдсан, тусгаар тогтнолын эсрэг олон үйлдэл хийсэн хэмээн үзэж байгаа юм.

Энэ талаар Тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн Г.Тулга “Монгол Улсад хамгийн их хохирол учруулж буй гэмт хэргүүдийг УИХ хуульчлан Засгийн газар гардан хэрэгжүүлж байна. Улсын тусгаар тогтнолыг ганхуулж, газар шороо, оршихуйгаар наймаалцаж байгаа нь ард түмний хилэнг туйлд нь хүргэлээ. УИХ COVID-19-ийн хуулийг баталсан, хорт вакцин хийсэн,  вакцин дагаж ирсэн мөнгийг халаасандаа авсан. Засгийн газар улсын оршихуйн үндэс болсон газар нутаг, ард түмний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Вакцинаас болж хохирсон, амь насаа алдсан, өвдсөн хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй юм.Энэ ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шахаж байна. Энэ нөхцөл байдлаас эсэргүүцлийн бослого тэмцэл өрнүүлэхэд хүрлээ” гэсэн юм.

Харин Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн Д.Банзрагч “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпиньтэй хамт “Монгол Улс Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа” гэж зарласан нь Үндсэн хуулийн  “Монгол Улс бол тусгаар тогтносон” гэсэн заалтыг үгүйсгэсэн. Хоёрдугаарт, “бүрэн эрхт” гэсэн заалтыг зөрчиж бусдаас хараат болж байгааг зарласан. “Бүгд найрамдах улс” гэдэг заалт нь бүх улстай найрамдах гэдэг утгыг алдагдуулж зөвхөн нэг улсыг “Хятад бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш” гэж тунхаглан Үндсэн хуулийн утга санааны эсрэг гэмт үйлдэл хийсэн гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрдугаар зүйлийг зөрчсөн. “Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Орон нутгийн удирдлагад хэмжээ хязгааргүй газар олгох зөвшөөрлийг олгосноор малчид малаа бэлчээх бэлчээргүй болж,  улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, түмэн олны амьжиргаа амьдралын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуйг сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Ард түмний эсрэг аюултай бодлого хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Малын бэлчээрийг хуулийн дагуу булаах “лиценз олгох” гэдэг нэрийдлээр иргэдийн амьд явах эрхийн заалтыг ноцтой зөрчсөн” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn