Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятадын нийслэл  Бээжин хотод даваа гарагийн 15:00 цагийн байдлаар COVID-19-ийн  гурван шинэ тохиолдол батлагдсан гэж орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Эдгээр гурван иргэн нь тусгаарлалтад, эмнэлгийн хяналтад байсан гэж Бээжингийн Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн дэд захирал Лю Сяо фен мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулав.

Харин Эх газрын Хятадад ням гарагт 109 тохиолдол шинээр илэрч, нас баралт бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хороо нь өчигдөр мэдээлэв. Энэ нь бямба гарагт бүртгэгдсэн 159 тохиолдолтой харьцуулахад багассан үзүүлэлт юм. Ингэснээр ням гарагийн байдлаар Хятадад 225 мянга 281 тохиолдол бүртгэгдэж, 5226 хүн цар тахлаар амиа алдаад байна.

Харин тавдугаар сарын дунд үе хүртэл халдваргүй орон хэмээн зарлаж байсан Хойд Солонгост даваа гарагт 18 мянга гаруй тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна. Ингэснээр тус улсад халуурах шинж тэмдэг илэрсэн иргэний тоо 4.6 саяыг давлаа. Гэхдээ үүний хэд нь COVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан талаар эрх баригчид бодитой мэдээлэл өгөөгүй байна.

Засгийн газраас баасан гарагт 23 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн нь өдөрт бүртгэгдэх тоо 30 мянгаас буурсан гурав дахь өдөр байсан юм. Гэхдээ ДЭМБ-аас үүнд эргэлзэж тус улсыг халдварын тоогоо нууж байна, нөхцөл байдал улам дордож болзошгүй хэмээн анхааруулав.

Тус улсын Засгийн газраас 73 хүн цар  тахлаар амиа алдсан гэж мэдээлсэн ч олон сая хүн халдвар авсантай харьцуулахад энэ нь хэтэрхий бага тоо хэмээн ажиглагчид хардаж байна.  Энэ талаар Сөүлд төвтэй Тусламжийн байгууллагын захирал Тим Петерс “Хойд Солонгост тавдугаар сарын дунд үеэс гэнэт 4.6 сая хүн халуурч эхэлсэн нь COVID-19-ийн халдвар биш гэж үү. Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо халдварын “цунами”-д өртөж, хүчин чадлаа дийлэхээ больсон гэж хардах олон шалтгаан бий. Бид Хойд Солонгос руу эм тусламжаар хүргэх гэж хичээсэн ч албаны хүмүүс хүлээж авахгүй байна” гэж “Al Jazeera” сайтад ярьжээ.

Хатуу дэглэмтэй тус улсын эрүүл мэндийн тогтолцоо муугаас гадна хүнс тэжээлийн хомсдолд орсон  ч вакцин зэрэг гадаад улсын тусламжаас удирдагч нь татгалзсан хэвээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 121 (6853)