Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ

0
хуваалцах
118
үзсэн

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Онцгой байдлын алба бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын нэг бөгөөд байгаль цаг уурын аюулт үзэгдэл, үйлдвэрлэл технологийн болон ахуйн гамшиг осол, нийтийг хамарсан халдварт өвчин тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргийг эх орон, ард иргэдийнхээ өмнө хариуцан биелүүлдэг энх цагийн баатруудын алба юм.

Улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн, цэргийн дээд офицерын генерал цол хүртэж байгаа Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт баяр хүргэж, амжилт хүсье.

Та бүхэн бол эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо төлөө 40 шахам жил хүчин зүтгэсэн, хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлтэй, генерал цолд тавигддаг өндөр шаардлагыг бүрэн хангасан офицерууд юм.

Генерал бол нэн хүндтэй цол бөгөөд энэхүү цолыг дагаж үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэе. Энэхүү эрхэм хүндтэй цолыг даган ирж байгаа хүндэтгэл хайр, итгэл хариуцлагыг өндөрт өргөж, цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах төр, ард түмний хариуцлагатай даалгавар та бүхний мөрөн дээр генералын алтан мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж ажиллаарай" гэв.

Эх сурвалж:www.polit.mn