Н.НАМУУН

 

1923 онд байгуулагдсан аймгаасаа нэг насаар ах, ардын хувьсгалаас нэгээр дүү Завханы Алдархаан сум өдгөө 100 жилийг элээжээ. Нэгдэлжих хөдөлгөөнд хамгийн анх манлайлан оролцож өдийг хүргэсэн энэ сум их бүтээн байгуулалтад өнөөдрийн нүүрийг үзэж түүхт ойгоо тэмдэглэхээр болжээ. Өнөө үед ямар ч ой, арга хэмжээ нүсэр болдог болсон. Их ч мөнгө зарж үрж, хийж бүтээдэг. Энэ бүгдийн цаана мэдээж үр дүн байх учиртай. Гэхдээ ойн арга хэмжээ, үйл явдлуудаас ажиглавал хамгийн бодитой, хамгийн өгөөжтэй нь ном бүтээл л түүх болон үлддэг гэдгийг бид мэднэ. Бусдын хийснийг үгүйсгэж байгаа юм биш гагцхүү он удаан жил амьдрах нас, ач холбогдол, өгөөж, үр дүнгийн тухай хэлж байгаа юм. 1933 онд улсын анхны нэгдэл “Улаан Партизан”-ыг байгуулж байсан Завхан аймгийн Алдархаан сумын иргэд өнөөдрийн биш өнгөрснийгөө үр хойчдоо ойлгуулж мэдүүлэхээр цаасан дээр хар бэхээр бичсэн ногоон өнгийн хавтастай номоо иргэддээ өргөн барилаа. Номын нээлтэд МУИС-ийн нэг том тэнхимийг дүүргэх хэмжээний хүмүүс оролцсон төдийгүй Хөдөлмөрийн баатар ахмадууд ч нэлээдгүй ирсэн байв. Тиймдээ ч номын зохиолч Д.Балжинням үе үеийн найзууд болон нутгийн ах дүү нартаа бүтээлийнхээ дээжийг гардуулж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэ үеэр зохиолч Д.Балжинням “Ном бүтээхэд баримт материал хамгийн чухал. Олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр бичдэг. Миний хувьд сүүлийн таван жил Улаанбаатар хотын таван архивт сууж, холбогдолтой материалуудаа түүж бичсэн. Мөн XX зууны үеийн монгол бичгээс одоогийн хүмүн бичиг ялгаатай болсон байна. Архивт сууж судалгаа хийхэд галиглах шаардлага гарсан. Монгол бичгээс өөрийн суманд холбогдох зүйлсийг хөрвүүлэхэд бэрхшээлтэй байлаа. Түүхийг бүтээсэн өвөг дээдсүүд маань ихэнх нь бурхны орондоо заларчээ. Тиймээс энэ хүмүүсийн түүхийг үнэн зөвөөр гаргахын тулд үр хүүхдүүд, удам судар, ах дүү нарыг олох амаргүй байлаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн энэ нийгэмд цахим орчин хөгжөөд үүнийг хийхэд амар болсон байна. Хуучин цагт бүгдийг гараар бичиж, бичгийн машинаар шивээд номоо бүтээдэг байсан. Хүндрэл их байсан ч сумынхаа иргэдийн туулж өнгөрүүлсэн аж амьдрал, хөдөлмөр бүтээл, бүхий л ололт амжилтыг тусгаж өглөө” гэв. Номын бүтцийн тухайд 10 бүлэг, нэг хавсралттай. Тиймдээ ч дараагийнхаа ботийг гаргахаар ажиллаж эхэлсэн гэв.

Дараагийн боть номын талаар Алдархаан сумын Нутгийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Буяндалай саяны гаргасан боть номонд 11 мянган хүний нэр багтсан гэж зохиогч маань хэлж байсан. Гэсэн хэдий ч 100 жил болоход бичигдээгүй олон хүн байдаг юм байна. Энэ хүмүүсээ номонд мөнхөрүүлье хэмээн ярилцаж нэмэлтээр оноос өмнө нэг жижиг ном дахин гаргахаар төлөвлөж байна хэмээв. Мөн ойн гол арга хэмжээнүүд, ойг угтаж ямар бүтээн байгуулалтууд өрнөсөн тухай, ойтой холбогдуулж ямар наадам зохиосон, эрийн гурван наадамд хэн түрүүлсэн гэх мэдээллийг орхихгүйн тулд арваннэгдүгээр сарын сүүлээр төгсгөлийн жижиг ботио гаргахаар төлөвлөж байна. Өмнө нь таван боть гаргасан. Тиймээс дараагийнхаа номыг бичнэ хэмээн зохиогч төгсгөлд нь хэлж байсан юм.

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн ирсэн зочдоос Хөдөлмөрийн баатар Д.Түмэн “Ном бүтээнэ гэдэг том ажил байдаг. Тэр тусмаа түүхэн ном бол хойч үедээ олон сургамжийг үлдээдэг их буян үйлдэж буй явдал гэж би бодож байна. Манай сумынхан түүхт 100 жилээ өргөн тэмдэглэхээр бэлдэж байгаа. Тиймдээ ч сумынхаа тухай сайхан ном бичиж бүтээл туурвисан нь авууштай" гэж сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Нээлтийг үеэр Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, Соёлын гаьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэн “Энэ ном ганцхан 100 жилийн түүх бус түрүү үеийн алдарт “Яруугийн хийд”-ийн тухай гаргаж өгсөн нь сайшаалтай хэрэг. Энэ нь их ач холбогдолтой юм. Үүнийг цааш нь үргэлжлүүлэхийн тухайд бид “Эрдэнийн шим” гээд төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилж “Яруугийн хийд”-ийг цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Тэрбум мод төслийн хүрээнд энэ хийдийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор болсон. Түүхэн ном гэдэг утгаараа их ач холбогдолтой. Хүүхэд, залуучуудыгаа түүхийн холбогдолтой ном их уншиж мэдлэг мэдээлэлтэй болох ач холбогдолтой юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)