Б.ОД

УИХ-ын гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Сүүний асуудлаар шийдвэр гаргах ажлын хэсэг орон нутгуудад ажилласан. Улмаар байнгын хорооны тогтоол гарлаа. Хангалттай сүүний нөөц байхад импортоор сүү авчирч сэргээж хэрэглэдэг байдлыг багасгах, сүүний салбарын гол асуудлыг энэ тогтоолоор шийдвэрлэсэн. Сүүний фермерүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгох, сүүний болон махны чиглэлийн үхрийг импортоор оруулж ирэх, сүүний урамшууллын хугацааг нэмэгдүүлэх зэргийг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтаар баталсан. Сүү үйлдвэрлэгч, сүүний фермерүүдэд дэмжлэг болсон чухал шийдвэр гарлаа.Дараагийн нэг асуудал бол төрөөс олгох урамшууллаас нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг шимтгэн тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын тамгын газарт нэр бүхий гишүүд хүргүүлээд байна. Малчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүс бэлэн цалин, сар бүрийн орлогогүй. Үүнээсээ шалтгаалаад сар болгон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Тиймээс тэдэнд улсаас өгч буй татаасуудаас сайн дурын үндсэн дээр бичилт хийх замаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлбэл хамрагдалт сайн болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn