Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.  Хуулийн төсөлд аймаг сумын  наадмыг долдугаар сарын 10-12-нд, Улсын баяр 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах, барилдах доод насыг 16 болгож, түргүүлсэн бөхөд цолны батламж олгодгийг болиулж шууд цол олгох зэргийг тусгасан.  Мөн  допинг хэрэглэсэн бол улсын цолыг хураахаар, унаач хүүхдийн насыг долоо ба түүнээс дээш гэж байсныг найм болон түүнээс дээш болгож, Засгийн газрын шийдвэрээр дөрвөн бүсийн морины  шигшмэл уралдааныг  нэгэн зэрэг зохион байгуулах,  допингийн эсрэг дэлхийн дүрмийг бөх, сурын харваач холбогдох холбоод мөрдөх, монгол үүлдрийн адууны стандартыг батлах хүртэл Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг 37 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос гаргасан.  Мөн энэ үеэр зарим гишүүд өнгөрсөн жилийн наадамд зодоглосон зарим бөхөд цол олгох саналыг гаргасан ч дэмжигдсэнгүй.  Энэ талаар 

УИХ-ын дарга Г.Занданшатар:-Хуулиар цол олгодоггүй юм. Баяр наадмаа хийж байж төрийн цол олгодог юм. Харин төрийн цол олгохыг хуульчилж болно. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Засгийн газраас анх оруулж ирсэн хуулийг нэлээд өөрчилсөн байна. Аймаг сумын баяр, наадмыг 10-12, улсын баяр наадмыг 11-13 болгож өөрчилсөн байна. Эхлээд аймгуудын наадмыг өмнө нь хийхээр бөхчүүд хэсч яваад будлиан үүсгээд байдаг. Энийг буцаагаад анхных нь төслөөр өөрчилж болох уу? 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:-Яг таны ярьж байгаа зарчмаар ярилцаад шийдсэн. Улс орон даяар аймаг, сумын баяр наадам өөр өөр өдрүүдэд болохоор бөх, морио ачиж яваад будлиан үүсгээд байна. Энийг болиулах үүднээс ийм санал оруулсан. Найруулга дээр улс даяар нэгэн зэрэг гэж оруулчихаж болно. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:-Хоёр холбоог оруулж, баяр наадмын хуулийг яаравчлан батлахаар хэлэлцэж шийдсэн. Бүсийн наадмууд дээр Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулна. Бүсийн наадамд цол олгохгүй гэсэн шийдвэр байнгын хороонд гаргасан. Энэ нь нийт уяачдын хүсэл зорилгыг хангахгүй байна. Иймээс энэ саналыг гишүүд дэмжээд өгөөрэй. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:-Бүсийн наадамд цол олгох асуудал Засгийн газраас оруулж ирсэн төслөөр бол зөрчилдөөнтэй байсан. Ажлын хэсгээр яриад цол олгодог болъё гэсэн ч байнгын хороонд санал хураалтаар дэмжигдээгүй унасан. Нэр бүхий таван гишүүн л таван удаагийн санал хураалтад дэмжиж цөөнх болсон. Гаргалгаа нь саналаа татах эсвэл УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлэг дээр шийдэхийг үүрэг болгох боломж байна. Бүсийн уралдаан жилдээ олон удаа болдог. Бүс бүсийн наадамд уяачид хэсч явдаг. Тиймээс дөрвөн бүсийн уралдааныг нэгэн зэрэг зохион байгуулахаар ярьсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:-Төрийн цол, төрийн наадмаа л хуульчил. Бүсийн наадам, сум аймгийн наадмуудыг нэгэн зэрэг зохионо гэж хуульчилж яах юм. Аймаг, сумдад зуншлага янз бүр байдаг. Ард иргэд хүссэн өдрөө наадмаа хийг. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Өнгөрсөн жилийн баяр наадмаар барилдсан хэдэн бөхөд цол олгоё гэсэн биш барьж идэх нь. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоор 512 наадам үндэсний баяр наадмын ёс дэгээрээ барилдсан. Бөхчүүдэд цол олгоно гээд зарлачихсан юм. Үндэсний бөхийн холбоо нэгэнт зарласан учраас цолыг нь олгоё гэсэн юм аа. Харваачид, уяачдад цолыг нь олгочихсон шүү дээ. Хуулинд 2013 оныг хүртэлх бөхчүүдэд цол олгоё гэж оруулж ирсэн.

Эх сурвалж:www.polit.mn