Б.Оюунбилэг: Аюул гэхээр хүмүүс том хүрээнд бодоод байдаг

0
хуваалцах
139
үзсэн

Н.ДАЯН

 

Байгууллагын орчин эрүүл, аюулгүй байхын чухлыг таниулж, мэдүүлэх зорилготой “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” улсын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа төрийн болон төрийн үйлчилгээний салбарын шилдгээр Баянгол дүүргийн 38 дугаар сургууль шалгарчээ. Тус сургууль 3300 хүүхдийн болон багш, ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинг сайн ханган ажиллаж байгаа сайн жишээг онцоллоо. Энэ талаар тус сургуулийн Нийгмийн ажилтан, ХАБЭА-н ажлыг хавсран гүйцэтгэдэг Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

 

-Сургуульд ХАБЭА-н ажилтан ажиллаж байгаа тохиолдолтой анх удаа таарч байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Аюултай, эрсдэлтэй, хүнд нөхцөлтэйд тооцогддог барилга, уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарынхан ХАБЭА-н инженерийг тогтмол ажиллуулдаг. Үүнтэй адил сургуулиуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулах  шаардлагатай нүүр тулдаг ч тусгайлан заасан орон тоо байдаггүй учир тодорхой асуудлуудтай тулгардаг. Тиймээс тухайн сургуулийн нийгмийн ажилтан, менежер эсвэл багш, ажилчид цалингүйгээр буюу ажлынхаа зав чөлөөгөөр хавсарсан байдлаар хийх болдог. Энэ тохиолдлуудад тодорхой хэмжээний урамшуулал олгосон ч аудитын газраас хориглож, суутгалд тооцоод, торгочихдог. Учир нь орон тоо байхгүй, хуулийн дагуу цалин хөлс олгох нөхцөл бүрдээгүй гэсэн үндэслэлээр цуцлахаас өөр аргагүйд хүрдэг байх жишээний.

-Та энэ сургуулийн нийгмийн ажилтан ч давхар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талыг хариуцан ажилладаг юм байна?

-Манай сургуулийн хувьд нийгмийн ажилтан нь ХАБЭА-н инженерээ давхар хийдэг. Ямар нэгэн цалин урамшуулал олгодоггүй. Энэ ажлыг хийх чин сэтгэлтэй хүнийг л чухалчилдаг. Мөн бичиг цаасаа боловсруулдаг түүнийгээ дагаж мөрдүүлдэг, хамт олондоо таниулдаг, мэдлэг мэдээллээр байнга хангадаг байх нь чухлаас гадна сургалтын үйл ажиллагаа гол үүрэгтэй гэж хэлж болно. Хаана хүн байна тэнд аюулгүй байдал ярьж байх ёстой. Тиймээс зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг уул уурхай, барилгын салбарт голчлоод яриад байгааг ойлгодоггүй. Бидний энэ чиглэлээр хийсэн зүйлүүдийг хараад хүмүүс сургуульд ийм их зүйл хийдэг юм уу гэж асуудаг. Уг нь аюулгүй байдал, эрүүл ахуй хангасан байх ёстой чухал орчин шүү дээ. Аюул гэхээр хүмүүс том хүрээнд бодоод байдаг. Гэтэл гадна орчноос илүүтэй дотор орчинд аюул их байдаг. Тухайлбал, хүүхэд нойлд орох, гараа угаах, шатаар буух бүрт аюулгүй байдал ярина гэсэн үг. Тиймээс хальтрахаас болгоомжил, мөргөх эрсдэлтэй, гараа хавчуулж болзошгүй гэсэн анхааруулга тэмдэглэгээг бид хүүхдийн алхам тутамд харагдахаар стандартын дагуу байршуулсан байгаа.

-Сургуулийн орчинд ямар чиглэлийг түлхүү барьж ажиллаж байна?

-Эрчим хүч, уул уурхай, барилгын компаниуд өглөө ажил эхлэхээс өмнө ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгдөг шиг манайх долоо хоног бүрийн болон сар бүрийн эхний өдөр мөн ямар нэгэн үйл ажиллагаа болохын өмнө зааварчилгаа өгч хэвшсэн. Мөн намар хүүхдээ авч эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 25-нд бүх багш, ажилчиддаа жилийн турш аюугүй ажиллагааны ямар журам мөрдөх тухай урьдчилсан, анхан, давтан гэсэн гурван шатны зааварчилгаааг өгч эхэлдэг. Түүнчлэн сургуулийн багш, ажилчдын гэрээс ажилдаа ирэх замын эрсдэлийг бид нэг бүрчлэн тооцож гаргасан.

-Танай сургууль эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайн хангаж, эрсдэлгүй орчныг бүрдүүлж чадсан шилдэг байгууллагаар шалгарсан байна. Гол шалгуурууд нь юу байв?

-Энэ уралдааныг зохион байгуулаад 11 жил болж байна. Манайх 2019 онд оролцоод улсад дэд байр эзэлж байсан. Энэ жил тэргүүн байрт шалгарсан. Манай сургуулийн хувьд гадна, дотно орчиндоо багш, ажилчид, сурагчид болон эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангаж чадсан учраас энэ шагналыг авсан гэж ойлгож байгаа. Бид дотоод нөөц боломжоо ашиглан чадах хэмжээгээрээ орчныхоо аюулгүй байдлыг бүрдүүлсээр байна. Тиймээс манай сургуулийн гадна, дотор орчинд ямар нэгэн аюулгүй байдал хангаагүйгээс гарсан гэмтэл, осол бүртгэгдээгүй. Энэ хэмжээгээгээр бид их хөдөлмөрлөсөн, тодорхой хэмжээнд хөрөнгө зарсан гэдгийг ойлгож болно.

-Энэ уралдаанд бусад ямар салбарынхан оролцдог вэ?

-Уул уурхай, барилга, эрчим хүч, төмөр зам, төрийн болон төрийн үйлчилгээний гэсэн таван салбарынхны хүрээнд зохион байгуулагддаг. Манай сургууль тав дахь буюу төрийн болон төрийн үйлчилгээний салбарт хамаардаг. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбар болон төрийн байгууллагуудаас манай сургууль шалгарсан.

-Таниас гадна ХАБЭА-н зөвлөл бас ажилладаг гэсэн?

-Манайд ХАБЭА-н 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллаж байна. Мөн эрсдэлийг бууруулах баг ажилладаг. Энэ багийн ажиллах гол чиглэл нь сургуулийн гадна, дотор орчинд хаана эрсдэл байна гэдгийг олж тогтоогоод аюулыг мэдээлэх хуудсаар ХАБЭА-н ажилчидтайгаа хамтарч ажилладаг. Олж тогтоосон эрсдэлийн дагуу бид аюулгүй болгож шийдвэрлэдэг гэсэн үг. 2019 онд эрсдэлийг бууруулах багийн олж илрүүлсэн тохиолдлууд харьцангуй их байсан ч энэ онд мэдэгдэхүйц багассан. Үүнээс сургуулийн орчны эрсдэл буурсан байгааг харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)