Эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах бодлого хүнсний ногоонд үгүйлэгдэв

0
хуваалцах
515
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Өнгөрсөн зун хүнсний ногоо тариалдаг Сэлэнгийн бүс нутаг цаг агаараас шалтгаалж 900 орчим га талбай үерт автсанаас ургац алдсан гэдэг. Ялангуяа луувангийн тариалтад. Тиймээс эрэлтээ дагаж энэ хавар ийнхүү лууван, байцаа, манжингийн үнэ өмнөх оноос огцом өсөөд байгаа гэдгийг тариаланчид болон салбарынхан хэлж байна. Мөн урд хил хаасанаас нарийн ногооны үнэ эрс өссөн. Тэгвэл дотоодоос хангадаг төмс, лууван байцааны үнэ нэмэгдэх, эрэлт ихсэнэ гэдэг нь өнгөрсөн зун ургац алдсан түүнчлэн хөргүүр, зоорьны хүрэлцээ муу байгаатай холбоотой гэдгийг салбар яам, мэргэжлийнхэн тооцоолсон л байх учиртай.

Ийнхүү бидний хүнсэндээ өргөн хэрэглэгддэг байцаа, лууван, манжин, төмсний үнэ  томоохон зах, худалдааны төвүүд гээд хаа сайгүй нэмэгдсэнд олон нийт бухимдаж  байна. 13-р хороололд байрлах “Натур” захад луувангийн нэг кг бүрийн үнэ 4500-5000 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос 2600 орчим төгрөгөөр, хүрэн манжин 2900 төгрөгөөр нэмэгдэж 5900, төмс 940 төгрөгөөр нэмэгдэж 2000 төгрөгт хүрээд буй. Тодруулбал, луувангийн үнэ энэ оны дөрөвдүгээр сард огцом өсөж өмнөх оноос 2.1 дахин нэмэгдсэнг Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээллээс харж болно. Учир нь инфляцын өсөлтөд луувангийн үнийн өсөлт  30 орчим хувиар нөлөөлсөн аж.

Өнөөдөр төмсний хэрэглээг 100 хувь харин бусад ногоог 65 хувийг дотоодоосоо хангаж байгаа гэдэг. 2016 онд төмс, хүнсний ногооны үнэ хавартаа 200-500 төгрөгөөр нэмэгдэж ирсэн байдаг. Үүнтэй харьцуулвал энэ удаагийн лууван, төмсний үнийн өсөлт бага гэдгийг салбарын судлаач хэлж байна. Нөгөөтэйгүүр, дотоодод тарилсан ногоо эрүүл ахуйн шаардлага хангасан, илүү амттай, химийн бордоо ашиглаагүй, түүнчлэн 6-9 сар хүртэл ургуулахад өчнөөн зардал, хөдөлмөр шингэхийн зэрэгцээ бүх юмын үнэ нэмэгдсэн үед үнийг нэмэхээс өөр аргагүй гэдгийг Сүхбаатарын талбайд болсон Хүнсний аюулгүй байдал үзэсгэлэнд оролцсон Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймгийн тариаланчид ярьж байсан юм. Мөн өнгөрсөн хавар 600 төгрөгийн үнэтэй байсан лууван намар 1000 төгрөг болсон нь ирэх хавар, зун үнэ  нь өснө гэдэг нь тодорхой байсан гэдгийг ч тариаланчид хэлж байв.

 

Эрэлт, борлуулалтад суурилсан бодлого дутмагаас үнэ өссөн

 

2021 онд  11 мянган га талбайд тариалалт хийснээс хамгийн их тариалсан нь лууван. Гэвч  цаг агаарын нөхцлөөс болж ургац алдаж хамгийн бага хурааж авсан ийнхүү хомсдол үүсч үнэ өсөхөд нөлөөлжээ. 

Тэгвэл ургац алдсан, дээр нь хил хаахыг урьдчилж мэдсэн хэрнээ  яагаад эрэлтийг зохицуулж болдоггүй юм бол. Энэ жил хүнсний ногоо тариаланчдад тонн тутамд  100  мянган төгрөгийг нөхөн олгохоор болсон нь сайшаалтай. Гэвч  яагаад энэ олговорыг яг одоо өгч болохгүй гэж. Намар ургац хураах үеэр олгоно гэж ХХААХҮЯ мэдээлж байгаа. Харин одоо бидэнд үнэтэй ногоо идэх л сонголт байна. Түүнчлэн тариаланчид үнээ хөөрөгдөх нэг шалтгаан нь нөгөө л төрийн бодлого үгүйлэгдсээр. Одоогоор манайд ногоо тариалдаг 852 аж ахуйн нэгж, хоршоо 17 мянган өрх байна. Эдгээрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж өгөх газар нь ХААХҮЯ. Бодлого дутмагаас хавар үнэтэй байгаа ногоог их хэмжээгээр тариалдаг ч намар нь нийлүүлэлт нь ихсэж үнэ нь буурч тэдэнд ашиггүй болдог. Иймээс л додоодын ногоо тариаланчид өсөж томрохгүй байна. Хөргүүртэй чингэлэгт ногооны зоорийг ирэх намар ашиглалтад оруулах тухай яригдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)