П.АМГАЛАНБАЯР

Энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа  чөлөөт бөхийн ДАШТ-ий 125 кг-д хүрэл медаль хүртсэн Монголын анхны бөх, Токиогийн олимпийн V байрын шагналт, 2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч амжилтын буухиагаа үргэлжлүүлж яваа цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлийг онцоллоо. Тэрбээр “Бүх цэргийн наадам”-ын түрүү бөхөөр тодорч хурц чимэг хүртлээ. М.Лхагвагэрэл нь “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Даян” дэвжээний бөх юм.

 

“Бүх цэргийн наадам”-ын хоёр удаагийн түрүү бөх

Блиц:
Овог, нэр: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Төрсөн, он, сар өдөр: 1998.04.01
Төрсөн газар: Завхан аймаг, Яруу сум
Анхны багш: Улсын начин Б.Адьяахүү
Анхны цол: Сумын заан

Үндэсний бөхийн цол, чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” уран мэх, хурц барилдаанаар дүүрэн болж бөхийн ертөнцөд нэгэн шинэ хуудас нээлээ. Монгол бөхийн өргөөнд эр бяр, хурц барилдаантай цэрэг хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой 256 залуу бөх хүч үзэж, бөхөд хайртай монгол түмнээ баясгав. Барилдааны түрүү бөхөөр цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм даван түрүүлж, цэргийн наадамд жил дараалан түрүү бөхөөр тодорсон юм. Өмнө нь цэргийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүү бөхөөр тодорч байсан юм. Энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл энэ амжилтыг бататгаж чадлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадамд зүлэг ногоон дэвжээнээ энэ цагийн аймаг, цэргийн цолтныг манлайлж барилдахаар болов. Ийн Монгол бөхийн ертөнцөд цэргийн хурц арслан шинээр төрж, бөхийн дэвжээ нэгэн хурц чимэгтэй бөхөөр бүл нэмлээ.

 

Удам дагасан цэргийн хурц арслан

 

Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл 1998 онд  Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Түүний аав Мөнхтөр аймгийн арслан, харин өвөө нь аймгийн начин цолтой. Ээжийнх нь талд улсын начин цолтой бөх байжээ. М.Лхагвагэрэл хүүхэд байхаасаа аавынхаа барилдааныг харж, өссөн нь түүнийг бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй ороход нь нөлөөлжээ. Тэрбээр аав шигээ бөх болох зорилго өвөртөлж, 10 настайдаа  үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 

 

18 настайдаа сумын цолтны барилдаанд үзүүрлэв

 

Тэрбээр 17 настайдаа сумын заан цол хүртсэн нь түүний үндэсний бөхийн олон амжилтын эхлэл байлаа. Дараа нь 2016 онд үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга болж, 18 насандаа  сумын цолтны барилдаанд үзүүрлэсэн ховор амжилтын эзэн юм. М.Лхагвагэрэл 2017 онд 19 настайдаа аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан цол хүртсэн. Аймаг, цэргийн наадамд  хоёр удаа найм, хоёр удаа долоо, хоёр удаа зургаа, нэг удаа тав давсан амжилтыг үзүүлсэн юм. Өнгөрсөн жил бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү юм.

 

Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн хамгийн өндөр амжилтын эзэн

 

М.Лхагвагэрэл 2013 оноос хойш үндэсний болон чөлөөт бөхөөр хослуулан барилдаж эхэлсэн. Тэрбээр чөлөөт бөхийн дэвжээнд бүл нэмж, олон амжилтыг буухиалсан билээ. Тодруулбал, 2021 онд чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий 125 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн Монголын анхны бөх юм. Энэ амжилт нь түүнийг  дэлхийн дэвжээнд барилдаж, медаль хүртэн, эх орондоо ирэх зорилгыг нь биелүүлжээ. М.Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн хүнд жинд өдгөө хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин. Өмнө нь  Монголын  тамирчид 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнд олон удаа хүч үзсэн ч олимпийн медалиас атгаж чадаагүй. 2011 онд ОУХМ Ж.Чулуунбат, 2015 Н.Золбоо, ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахдаа медалийн үзүүрээс атгаад алдсан.

 

“Токио-2020” олимпийн V байрын шагналт М.Лхагвагэрэл

 

М.Лхагвагэрэл ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж “Токио-2020” олимпийн эрх авсан юм. Тэрбээр дэлхийн дэвжээнд, олимпийн наадамд анх удаа барилдсан ч V байрт шалгарч, амжилтаа ахиулсан. Токиогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Таха Акгултай барилдаж, унасан юм. Тэрбээр олимпийн наадамд медалийн оосроос атгаад алдсан ч 2019 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм. М.Лхагвагэрэл ДАШТ-ийг зориход Б.Адъяахүү багш нь “Миний шавь энэ жил дэлхийн аваргаас медаль авна. Өөртөө итгэлтэй барилдаарай” гэж захьжээ. М.Лхагвагэрэлийн чөлөөт бөхийн дэвжээнд гаргасан амжилтыг үнэлж Монгол Улсын 2021 оны шилдэг эрэгтэй тамирчин, “Бөртэ чоно” шагнал олгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)