Нөхөрлөл шингэсэн “Репиний академийн шадар 3”

0
хуваалцах
159
үзсэн

Ч.ГАНТУЛГА

 

Өнгө будгийн гайхамшиг, үнэнч нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан нэгэн үзэсгэлэнд түр саатлаа. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэж тавьсан бүтээлүүд өөр, өөрийн түүх, мөн чанарыг агуулан он цагийн хэлхээс болж, энэ бидний үед иржээ. Монголын уран зургийн 1970-1980 оны нэрт төлөөлөгч Монгол  Улсын төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүх, зураач Сэнгэравдангийн Элбэгдорж, МУЭ-ийн шагналт зураач Ёндонгийн Өлзийхутаг нарын дурсгалд зориулсан “Репиний академийн шадар 3” үзэсгэлэн “Монгол арт” уран зургийн галерейд нээлтээ хийсэн юм. 1964 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангид гурван жаахан хүү элсэн оржээ. Энэ үеэс нэг нэгнээ олж нөхөрлөн дэлхийн шилдэг уран бүтээлчдийг төрүүлдэг алдарт Репиний академид 1971-1977 онд сурч төгссөн түүхтэй. Тэдний төгссөн И.Е.Репиний нэрэмжит академи 1757 онд Хаант Орос улсын нийслэл Санктпетербург хотноо байгуулагдсанаас хойш 265 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж уран зураг, уран баримал, зураасан зураг, урлаг судлалаар мэргэжилтэн бэлтгэн дэлхийн урлагийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг болсон билээ. И.Е.Репиний академийг Монголоос төгсөгчдийн анхдагч нь Ардын зураач Л.Гаваа юм.

Түүний гаргасан энэхүү замаар 70 гаруй монгол уран бүтээлч замнасны гурав нь Б.Пүрэвсүх, С.Элбэгдорж, Ё.Өлзийхутаг нар юм. Хэн хэн нь хорвоод богинохон насалсан ч хосгүй бүтээлүүдийг Монголын дүрслэх урлагт тамгалж, уран зургийн хөгжилд өрнийн соёлыг нэвтрүүлж чадсан гайхалтай уран бүтээлчид билээ. Зураачдын тухай ерөнхий мэдээллийг хүргэвэл Б.Пүрэвсүх агсны хувьд түүхэн сэдэвт уран зургийн гол төлөөлөгч, киноны зургийн мастер ажээ. Түүний уран бүтээлийн онцлог, зурах арга барилын талаар ДДУС-ийн уран зургийн багш Г.Лхагвасүрэн “Тэрбээр бүтээл бүртээ өнгө зохиомжийн хөг нийлсэн сүрлэг дайчин давшингуй хөдөлгөөнт шийдлээр түүхэн үйл явдлын эгзэгтэй хором агшныг оновчтой сонгож цаг хугацаа орон зайн нөхцөлд түүхэн бодит хүмүүсийн эх оронч, тэмцэлд уриалан дуудагч дүрийг харуулж чаддаг. Энэ нь түүний уран зурагт мэргэшсэн их мастер уран чадвар түүхийн үнэ цэнийг эрхшээсэн чинад сэтгэлийн нь илрэл болдог юм” хэмээн онцолжээ. Харин Орос, Европын уран зургийн уламжлалт аргыг гайхалтай эзэмшсэн зураач С.Элбэгдоржийн хувьд Монголын дүрслэх урлагийн сан хөмрөгт “Ард Аюуш”, “Их ялалтын эхэн”, “Тариа хураалт” зэрэг томоохон бүтээлийг үлдээсэн юм. Тэрбээр хөрөг зургийн мастеруудын нэг байжээ. С.Элбэгдорж агсны нөхөд үзэсгэлэнгийн үеэр түүний хөрөг зургуудын тухай онцолж байв.

Үнэхээр ч түүний цөөн тооны хөргүүд дүрийнхээ гадаад төрхийг төдийгүй, оюун санааны ертөнц, зан чанарыг нь хүртэл илэрхийлж чаддаг нь олонд алдаршсан “Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн”, “Зураач-багш О.Цэвэгжав”, “Зураач-багш Б.Чогсом” бүтээлүүдээр илэрдэг аж. Зураачийн гэргий үзэсгэлэнгийн үеэр “Бид ганц хүүтэй. Хүү минь зураач болоогүй ч аавынхаа зурах авьяасыг өвлөсөнд нь баярладаг. Ач охид минь зураач өвөөгийнхөө үргэлжлэл болж магадгүй гэсэн найдварыг одооноос төрүүлж буйд бүр ч ихээр баярлаж байгаа. Сайхан ханиараа, түүнийхээ салахгүй хамт явсан уран бүтээлч хоёр найзаар нь бахархах сэтгэлээ “Репиний академийн шадар 3” үзэсгэлэнд шингээснийг минь таалан болгооно уу” гэж сэтгэгдлээ иэрхийлсэн юм. Харин Монголын уран зургийн сод бүтээлийн сан хөмрөгт Ё.Өлзийхутагийн хэд хэдэн том бүтээл бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь 1982 онд зотон дээр тосон будгаар урласан “Талын эзэд” зураг юм. 160х160 см хэмжээтэй энэ бүтээлдээ Монголын эр зоригт, эрэлхэг хүчит дайчин эрсийн үргэлжлэл болсон хөдөө нутгийн адуучин залуусыг зохиомжийн төвд бүтнээр нь дүрсэлжээ. Ё.Өлзийхутаг агсан мөн л хөрөг зургийн чадварлаг мастер байсныг ”Охин”, “Хүү Цэлмэн” зэрэг олон зургаас харж болно. Цаг үргэлж судалбар, таталбар хийж усан будаг болон тосон будаг, нүүрс харандаагаар чадварлаг ажилладаг байсны баталгаа болсон олон бүтээл нь эзэн нь үгүй ч мөнх амьдарч байна. Ийм л түүх, урын сантай эрхэм гурван зураачийн бүтээлүүдийг түгээх, сурталчилах, авьяаслаг уран бүтээлчдээ дурссан “Репиний академийн шадар 3” үзэсгэлэнгийн нээлт инээд хөөр, баяр баясал хааяахан хайрт ханиа, эрхэм аавыгаа санагалзах гунигийн нулимстайгаар сэтгэл догдлом болж өндөрлөсөн юм.

Арктай байр. Нэрт зураач Сэнгэравданы Элбэгдорж /1950-1988/ 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)