Б.ДОЛЖИНЖАВ

 

COVID-19 цар тахлын давлагаа ихэнх оронд намдаж, дэлхий нийтээр хэвийн амьдралдаа шилжээд тайван байлаа. Гэтэл Орос, Украинд үүссэн хурцадмал байдал олон улсыг дахин донсолгосон. Үүний дараагаар саяхан сармагчны цэцэг өвчин дэгдсэн нь бас нэгэн томоохон асуудал дагуулаад байна.  Африкт дэгддэг маш ховор халдварт өвчинд тооцогддог сармагчны цэцэг өвчний тархалтыг Европ, Америк, Австралийн эрүүл мэндийн салбарынхан судалж байна. Энэ хүрээнд энэ халдварт өвчний эх үүсвэр, тархалт, илрэх шинж тэмдэг, эмчилгээний талаарх  мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

ЕВРОП ТИВД ЭРЧИМТЭЙ ТАРХАЖ БАЙНА

 

Анхны тохиолдол Германд илэрснийг баасан гарагт  зарласнаар сармагчны цэцэг өвчин тархсан Европын сүүлийн орон боллоо. Үүнээс өмнө Англи, Испани, Португал, Франц, Итали, Швед гэсэн Европын орнуудад тус халдварт өвчин хэдийнэ тархаад байв. Харин Австрали, Америкт анхны тохиолдол энэ долоо хоногт бүртгэгдлээ. Тиймээс тус улсын эрдэмтэд хамтран тархалтын шалтгааныг судлахаар идэвхитэй ажиллаж байна. Ингэхэд зарим тохиолдол Африкаас аялж ирсэн хүмүүсээр дамжин олон нийтийн дунд тархсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Англид гэхэд тавдугаар сарын 7-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдварын тоо хоёр дахин нэмэгджээ.  Пүрэв гарагийн байдлаар тус улсад 20 хүн сармагчны цэцэг өвчний халдвар аваад байгаа ч бүртгэгдээгүй олон тохиолдол байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд санаа зовниж байна. Энэ талаар анагаах ухааны тэргүүлэх зөвлөх Сусан Хопкинс “Сүүлийн өдрүүдийн тохиолдол, ялангуяа Европ тивд тархсан сармагчны цэцэг өвчний халдвар олон нийтийн дунд аль хэдийнэ тархсан байх вий гэдэгт сэтгэл үнэхээр зовниж байна” гэв.

ДЭМБ-ын даваа гарагт мэдээлснээр Хойд Америк болон Европт тархсан сармагчны цэцэг өвчин нь эрэгтэйчүүдийн дунд бэлгийн харилцаагаар дамжин тархсан агаад дэлхийд 200 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ДЭМБ-ын салхин цэцгийн судлаач доктор Розамунд Левис “Сүүлийн таван жилд Европт бүртгэгдсэн цөөн тохиолдлын ихэнх нь аялагчидтай холбоотой байсан. Гэтэл олон улсад бүртгэгдсэн энэ жилийн халдварын ихэнх нь Африк тив рүү аялсантай холбоогүй байна. Бэлгийн замаар олон өвчин халдварладаг. Бэлгийн харилцааны үеэр ханиад хүрч, халуурч болно. Гэхдээ энэ нь бэлгийн замаар дамжсан халдвартаа тооцогдохгүй” гэжээ.

 

1970 ОНООС САРМАГЧНЫ ЦЭЦГИЙН ХАЛДВАР ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ

 

Сармагчны цэцэг нь салхин цэцэгтэй нэг аймагт хамаарах сармагчны вирусаар халдварладаг юм. Анх энэ вирусын халдвар 1958 онд төв болон баруун Африкийн алслагдсан бүс нутгийн сармагчнаас илэрч байв. Харин хүн 1970 онд анх удаа сармагчны цэцгийн халдвар авч байжээ. Үүнээс хойш тус халдвар Африкийн 10 оронд бүртгэгдэх болсны дөрөвний гурав нь 21-40 насны эрэгтэйчүүд байв.  Олон улсын аялал сайн хөгжсөн болон амьтны махны импорттой холбоотойгоор тус өвчин Африк тивээс бусад бүс нутаг руу тархжээ.

Энэ талаар “UKHSA”ийн халдварын асуудал эрхэлсэн захирал Колин Браун “Сармагчны цэцэг өвчин хаанаас эхлэн тархсаныг тогтоохоор ажиллаж байна. Энэ өвчнийг олны дунд тархаахгүйн тулд шинэ тэмдэг илэрсэн хүмүүстэй ойр дотно харилцахаас зайлсхийх ёстой. Холоос харилцаж байгаа тохиолдолд тийм амар халдахгүй” гэжээ.

Энэ халдвар хүмүүс дотно харилцаанд орох үед, вирустай амьтан эсвэл эд зүйлд хүрэх үед халддаг байна. Тухайлбал, гэмтсэн арьс, амьсгалын зам, нүд, хамар, амаар дамжин хүнийг өвчлүүлдэг юм байна.  Хүнээс хүнд амьсгалын замаар халддаг гэдэг ч нүүр тулан харилцсан үед халдварлах чадвар өндөр байдаг байна. Бэлгийн харилцаагаар дамжин халдварладаг  өвчин биш ч энэ үед халдвар дамжих эрсдэл бий. Харин амьтан хүнийг хазах үед халдварладаг аж.  Энэ тухай Доктор Скотт Готтлиеб “Энэ вирус нь гадаад орчинд тэсвэртэй учир хөнжил гэх мэт эд зүйл дээр амьдрах боломжтой. Тиймээс хүмүүс халдвар их тархсан газраас хувцас худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй” гэв.

 

ХАЛУУРСНААС ГУРВАН ӨДРИЙН ДАРАА ТУУРАЛТУУД ГАРДАГ

 

Сармагчны цэцгийн халдвар авсан үед халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хавдах, нуруу өвдөх гэсэн шинж тэмдэг илэрдэг. Өвчтөнд халуурч эхэлснээс гурван өдрийн дараагаас бие дээр тууралтууд гарч эхэлнэ. Ингэхдээ эхлээд нүүрэн дээр туурч, дараа гарын алга, хөлийн ул гэсэн биеийн бусад хэсэгт тууралт тархдаг байна. Энэ тууралт нь 2-4 долоо хоног үргэлжлэх бөгөөд ихэвчлэн өөрөө арилдаг юм. Энэ халдварыг эмчлэх баталгаатай, аюулгүй арга байхгүй ч ихэнх тохиолдол нь хөнгөн хэлбэрийнх байдаг аж. Гэвч баруун Африкийн орнуудад сармагчны цэцгийн өвчлөл илүү хүндэрч, нас баралт бүртгэгдсэн байна. Тухайлбал, АНУ-ын Халварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн Африкт хийсэн судалгаагаар  сармагчны цэцгээр өвдсөн 10 хүн тутмын нэг нь нас баржээ.

 Мөн салхин цэцгийн эсрэг вакцин нь тус халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр дүнтэй байдаг юм. Тиймээс Англи, Испани тэргүүтэй орнууд тархалтыг хумих,  өвчлөлийг хүндрүүлэхгүйн тулд өвчтөнүүддээ салхин цэцгийн вакциныг санал болгож байна. ДЭМБ-аас салхин цэцгийн вакцин нь энэ халдвараас сэргийлэхэд 85 хувийн үр дүнтэй гэж мэдээлэв. Гэхдээ вакцин хангалттай биш учир эрсдэлтэй бүлэгтээ зориулан нөөцлөхийг зөвлөлөө.

Сармагчны цэцэг өвчний халдвар тархаж буйтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анхааруулга хүргэсэн.  Энэ үеэрээ тэрбээр “Салхин цэцгийн вакцин нь сармагчны цэцэг өвчинд үр дүнтэй. Тиймээс АНУ-д энэ өвчнийг даван туулах вакцин хангалттай бий” гэв.

Халдвар тархсан зарим орнуудад хорио цээрийн дэглэм мөрдөж эхэлсэн. Тухайлбал, Бельги улс халдвар авсан  иргэдийг 21 хоног тусгаарлахаар болжээ. "Үүнтэй ижил арга хэмжээ АНУ-д авах уу" гэж Байденаас асуухад тэрбээр "үгүй" гэж хариулжээ. АНУ-д одоогийн байдлаар Массачусетс болон Нью-Йоркод халдварын тохиолдол илрээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)