А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ныг дуустал үргэлжилнэ

0
хуваалцах
126
үзсэн

С.САРУУЛ

Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм. Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуун ““Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.

Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд  гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм” юм.

Эх сурвалж: www.polit.mn